Л.Оюун-Эрдэнийн зарласан 5Ш ажиллагаа ба бодит үр дүн

Хуучирсан мэдээ: 2024.05.27-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнийн зарласан 5Ш ажиллагаа ба бодит үр дүн

Л.Оюун-Эрдэнийн зарласан 5Ш ажиллагаа ба бодит үр дүн

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оны авлигатай тэмцэх жил болгон зарласан Энэ хүрээнд “5Ш” ажиллагааг хэрэгжүүлсэн юм. 5Ш ажиллагааны хүрээнд төлөгдөөгүй төрийн сангийн зээлүүдийг эргэн төлүүлэх, гадаадад оргон зайлсан авлигын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг эх оронд нь авчирч, хуулийн байгууллага хэргийг нь шийдвэрлэх, төрийн мэдээллүүдийг нээлттэй ил тод болгох зэрэг олон арга хэмжээ зохион байгуулсан билээ.

5Ш ажиллагаа:

  • Шүгэл /шүгэл үлээхийг дэмих/
  • Шүүр /орлогоо батлаагүй албан тушаалтнуудыг чөлөөлөх/
  • Шувуу /оргон зайлсан хэрэгтнүүдийг татах/
  • Шилжүүлэх авах /оффшор дахь хууль бус хөрөнгийг авах/
  • Шил  /төрийн удирдлагын зохион байгуулалтыг ил болгох/

Хөгжлийн банкны нээлттэй сонсгол олон хоног үргэлжилж, 80 хүн шүүгдэгчээр татагдсан бөгөөд тэдний дийлэнх нь улстөрчид, эрх мэдэлтнүүд.  Мөн  нүүрсний хулгай гэх том хэрэг, төрийн өмчит компаниудын захирал, УИХ-ын гишүүд, засгийн сайдын нэр холбогдож, зарим нь ял авсан. ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хоёр нүүрсний хэргээс болж гишүүний болон сайдын суудлаасаа чөлөөлөгдсөн.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр жилийн өмнө хэлж байсан шигээ намынхантайгаа, ах дүүстэйгээ зарласан “дайн” сүүлийн хоёр жил ширүүн өрнөв. "Дайн"-д Л.Оюун-Эрдэнэ ялах эсвэл хэн нэгэн ялагдах нь гол биш. Гол нь авлига буурч, авлигачид цөөрөх ёстой. Монголын төр авлигаасаа салах ёстой.

  • ШҮГЭЛ

Авлига, албан тушаалын хэргийн талаар мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах, ийм төрлийн гэмт хэргийг мэдээлдэг болох эрх зүйн орчныг бий болгож буй. Энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоохын тулд шүгэл үлээж, шүгэл үлээсэн иргэнийг хамгаалах, хамтран ажиллах зорилготой. УИХ-ын чуулганы хуралдаанаар ч Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж буй.

  • ШҮҮР

Шүүр ажиллагааны хүрээнд Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, 11-11 төв дээр иргэдээс мэдээлэл авах, биечлэн ярилцах зэргээр Шүгэл үлээж буй иргэдийн мэдээллийг авч буй. Иргэдийн зүгээс газрын маргаан, төрийн мэдээлэл ил биш байгаад шүүмжлэлтэй хандаж байгааг ажлын хэсэг хэлж байсан юм. Мөн ажлын хэсэг төрийн бүх шатны байгууллагад ажиллаж иргэдэд Шүгэл ажиллагааны мэдээлэл өгч байгаа. Шүүр ажиллагааны үр дүнд  3159 албан тушаалтанд хамаарах нийт 6278 зөрчлийг ирүүлсэн бөгөөд 1334 албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлж, 471 албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн 1015 өргөдөл, гомдол ирсний 64 хувийг шийдвэрлэсэн байна.

  • ШУВУУ

Засгийн газраас “шувуу” ажиллагааны хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчрах ажиллагааг гадаадын 23 улстай эрх зүйн харилцан туслалцааны  гэрээний хүрээнд эрэн сурвалжилж, эх оронд нь дуудан ирүүлэх ажиллагааг зохион байгуулсан. Энэ хүрээнд нийт 92 хүнийг авчрахаар зарласан бөгөөд  өнгөрсөн хугацаанд 25 хүнийг буцаан авчирчээ. Шувуу ажиллагаагаар авчрах хүмүүсийн нэрс дунд  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат нар АНУ-д, “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Б.Энэбиш Австралид, МАН-ын нөлөө бүхий хүн болох, УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунай, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нар багтаж байв. Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг авчирч, одоо хэргийг хуулийн байгууллага шалгаж байна. Мөн энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг дээрэмддэг, тэдний эрхийг зөрчсөн асуудлыг нь хамтатган шалгаж буй. Улс орнууд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээний үндсэн дээр гадаад улсын нутаг дэвсгэрт хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагааг гүйцэтгүүлэх боломжтой болж, хэрэг маргааныг үр дүнтэй шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Монгол Улс одоогийн байдлаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр Унгар, Болгар, Румынь, Чех, Словак, БНАСАУ, Куба, БНХАУ, Франц, Казакстан, Польш, ОХУ, БНСУ, Украин, Вьетнам, Киргиз, Турк, Энэтхэг, Канад зэрэг нийт 23 улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй. АНУ зэрэг европын улсад амьдарч байгаа "шувууг" авчрах, шалгах асуудал тийм ч амаргүй учраас УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Мөн Дэлхийн банк 2022 онд  Монгол Улсын Засгийн газраас төслийн хүрээнд үр ашиггүй зарцуулсан 1,7 сая ам.доллар /ойролцоогоор 5,5 тэрбум/ нэхэмжилснийг 5Ш ажиллагааны хүрээнд  1,7 сая ам.долларыг буруутай этгээдээр төлүүлэхээр болсон. Хэрэв энэ өрийг буруутай этгээдээр төлүүлж чадахгүй байсан бол Засгийн газрын нөөцөөс төлөх эрсдэлтэй тулгарах байсан юм.

  • ШИЛЖҮҮЛЭХ

Албан тушаалын байдлаа ашиглаж татвар төлөгчид, хөрөнгө оруулагчдын мөнгийг завшин, гадаадын оффшор бүсэд олсон хөрөнгөө нуудаг байдлыг таслан зогсоох, улсад учруулсан хохирлыг нь шилжүүлэх ажиллагааны хүрээнд оруулж ирж буй. Энэ хүрээнд авлига, гэмт хэргийн хохирлыг барагдуулах хүрээнд 2,7 их наяд төгрөг, гадаадаас Монгол Улсад буцаан авчирсан 12 сая /2023 оны IV улирал/ ам.доллар. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэг эрхэм төлөөний этгээддээ үүрэг өгч, үл хөдлөх хөрөнгөө Мэн гэх төдийлөн мэддэггүй аралд нуусан, Монголбанкийг удирдаж байсан нэгэн хамаарал бүхий хүмүүс рүүгээ бондын мөнгөнөөс шилжүүлээд эхнэртэйгээ хамтран эзэмшдэг дансаар авч, Австрид үл хөдлөх хөрөнгөтэй болсон, Засгийн газруудад өндөр албан тушаал хашиж байсан хүн Швейцарын банкны нөлөө бүхий менежерээр дамжуулж тус улсын банканд данс нээн, их хэмжээний ам.доллароо хадгалж, мартсан, “Улаанбаатар төмөр зам”-ын удирдах албан тушаалтнууд хувь нийлүүлсэн хөрөнгө оруулагчидтайгаа нийлээд олон сая доллар гадаадад угаахад оролцож, ихээхэн хохирол учруулсан, Дарханы замын хэрэгт холбогдсон нэг эр МАН-ын нөлөө бүхий албан тушаалтан байсан хүний мөнгийг угаан нуун далдлахад оролцсон гээд олон мэдээлэл бий. Тэгвэл шилжүүлэх ажиллагааны хүрээнд эдгээр мөнгө, хөрөнгийг буцаан авчрах, гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг нь хураах ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотой зарцуулах юм байна.  Авлигатай тэмцэх газар өнгөрсөн 15 жилийн хугацаанд 10,600 гаруй эрүүгийн хэргийг шалгаж, гэмт хэргийн улмаас учирсан хоёр их наяд 800 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 2021, 2022 онд гадаадын орнуудаас 12 сая гаруй ам.долларын хөрөнгийг буцаан авчирч, улсын орлого болгосон байна.  Мөн Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалган 1,6 их наяд төгрөгийн хохирлыг барагдуулж, тус банкны 500 сая ам.доллар, Самурай бондын 30 тэрбум иений өр хугацаандаа төлөгдөх нөхцөл бүрдүүлжээ. Авлигын мөнгөөр Лондон хотод худалдан авсан 4.3 тэрбум төгрөгийн байрыг Монгол Улсад буцаан авчирсан. Гэхдээ энэ байрыг зарахгүй, харин 5,000 паундаар түрээслээд, энэ мөнгөөр Эрдэнэт хотын асрамжийн газрын хүүхдүүдийн англи хэлний сургалтад зарцуулах болсныг АТГ мэдэгдэж байв.

  • ШИЛ

Шил ажиллагааны хүрээнд төрийн бүх мэдээллийг нээлттэй ил тод болгох зарчим баримталж shilen.gov.mn хаяг нээгээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Засгийн газрын тусгай сангуудын 91,6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Тодруулбал, Боловсролын зээлийн сан 3,9 тэрбум, Хөдөлмөр эрхлэлтийг дэмих сангийн 20,1 тэрбум, гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан 290,9 сая, шинжлэх ухаан, технологийн сан 26,7 сая, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан 55,9 тэрбум, Хөдөө аж ахуйн корпорац 11,2 тэрбум төгрөгийг тус тус эргэн төлөгдсөн байна.

  • Нийгмийн халамжийн сан: Давхардсан тоогоор 1,3 сая иргэн халамж хүртжээ

-2008 оноос хойш давхардсан тоогоор 21,6 сая иргэнд 14 төрлийн 7,5 их наяд төгрөгийн халамж олгосон байна. Өнгөрсөн онд давхардсан тоогоор 1,3 сая иргэнд 515,6 тэрбум төгрөг зарцуулжээ. Халамжийн 14 төрлөөс 3 нь буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд тусламж, үйлчилгээ үзүүлдэг 969 хуулийн этгээдэд олгосон санхүүгийн  мэдээлэл ил боллоо.

  • Хүүхдийн төлөө сан: 11 тэрбум төгрөг төвлөрчээ

-Санд авто машины азын дугаар дуудлагаар борлуулсны орлого 9 тэрбум, Хүүхдийн төлөө фондын 2 тэрбум төгрөг төвлөрчээ. Хүүхдийн төлөө санд 2021-2023 онд гаас 4 төрлийн 11 тэрбумын орлого бүрдүүлснээс 45 хүүхдэд 106.7 сая төгрөг зарцуулсан байна. Тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого сангийн орлогын дийлэнх хувийг эзэлдэг.

  • Улсын авто замын сан: 2008 оноос хойших 231,1 тэрбум төгрөгийн зарцуулалтын мэдээлэл ил болов

-Улсын авто замын сангаас 2008 оноос хойш 106 хуулийн этгээд  санхүүжилт авчээ. Цаашид Нийслэл, орон нутгийн чанартай авто замын сангийн 2008 оноос хойш мэдээллийг ил болгохоор ажиллаж байна.

  • Соёл, урлагийг дэмжих сан: 73 төсөлд 2,8 тэрбум төгрөг зарцуулсан байна

-2021 оноос үйл ажиллагаа нь эхэлсэн, жил тутамдаа 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй сан юм. 2021 оны 1.6 тэрбум, 2022 оны 1,2 тэрбум, нийт 2,8 тэрбум төгрөгийн зарцуулалтын мэдээлэл ил болж байна. Соёл, урлагийг дэмжих сангаас 58 хуулийн этгээд, 15 иргэн, нийт 73 санхүүжилт авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ТэнэглэлТэнэглэл
28
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж