Улаанбаатар баг Хятадад түрүүлж, А.Анандын баг финалд хожигдов

Хуучирсан мэдээ: 2024.05.27-нд нийтлэгдсэн

Улаанбаатар баг Хятадад түрүүлж, А.Анандын баг финалд хожигдов

Улаанбаатар баг Хятадад түрүүлж, А.Анандын баг финалд хожигдов

3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн багуудын ээлжит тэмцээнүүд өнгөрөгч амралтын өдрөөр дэлхийн өнцөг булан бүрт боллоо. Үүнээс Монголын баг, тамирчидтай холбоотой мэдээллийг та бүхэндээ хүргэе.

"MGL PRO LEAGUE"-ИЙН ФИНАЛЫН АВАРГА ТОДРОВ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан дотоодын мэргэжлийн багуудын дундах "MGL Pro League"-ийн найм дахь буюу финалын тэмцээн боллоо. Тус лигийн тэмцээн бүрт түрүүлсэн багууд олон улсын тэмцээнд оролцох эрх авах учиртай. Тэгвэл сүүлийн тэмцээний аваргаар Баянхонгор "DTCH" баг тодров. Тэд финалд Дундгол "Broncos" багийг буулган авч, олон улсын "Challenger" тэмцээнд оролцох эрхээ авчээ.

Тус багийн бүрэлдэхүүнд энэ жилийн драфтын тэргүүн сонголт М.Чинхутаг, Б.Ган-Эрдэнэ, А.Батхуяг, Э.Энхтэмүүлэн нар багтжээ.

Харин эмэгтэйчүүдийн Улаанбаатар Амазонс баг тодорчээ. Тэд финалд "NUM Falcons" багийг буулган авсан аж. Дашрамд дурдахад, сагсан бөмбөгийн чиглэлээр АНУ-ыг зорьсон Н.Нандинхүсэл эх орондоо эргэн ирж, Улаанбаатар Амазонсын өмсгөлтэй тоглосон аж.

"ZHIJIANG CHALLENGER"-Д УЛААНБААТАР ММС ЭНЕРЖИ БАГ ТҮРҮҮЛЖЭЭ

Канадад болох Эдмонтон Мастерсын эрх олгох "Zhijiang Challenger" тэмцээн Хятадад боллоо. Тус тэмцээнд дэлхийн зарим шилдэг багуудын төлөөлөл оролцсон бөгөөд Монгол Улсаас гурван баг оролцсон. Хэсгийн шатнаас Улаанбаатар ММС Энержи болон Завхан Сайнскор багууд шалгарсан ч Сансар баг хоёр хожигдож, тэмцээнээ дуусгасан.

Харин хасагдах шатанд Завхан Сайнскор баг Хятадын Бээжин багийг 21-19 гэсэн харьцаатай хожиж, шуугиан тарив. Хятадын олимпийн шигшээ гэгдэж буй тус багийн эсрэг Б.Энхсайхан, Н.Батбаяр нар гайхалтай шидсэн. Алдсан оноо бүрээ алсын зайн шидэлтээр нөхөж, нутагт нь эзэн орны хүчирхэг багийг дийлжээ.

Хятад улс 2021 оны Токиогийн олимпоос хойш 3х3 сагсан бөмбөгтөө ихээхэн анхаарал хандуулж, хөрөнгө мөнгө зарцуулсан. Гадаадын мэргэжилтнүүдийг шигшээ багтаа урьж, шилдэг тамирчдыг мэргэжлийн багууддаа элсүүлсэн. Үр дүнд нь олимпийн эрхээ авч чадсан ч хятад тамирчдын ур чадвар Ази тивдээ ч гавихгүй байгаа нь нууц биш.

Тэгвэл Улаанбаатар ММС Энержи баг хасагдах шатанд Хятадын Үши УэнЛви багийг хожиж, хагас шигшээд хоёр монгол баг учраа таарсан. Аль нь ч хожсон финалд гарах байснаас гадна Завхан Сайнскор баг дор хаяж 12 оноо авч байж, Эдмонтон Мастерсын эрхээ авах байв. Таамаг ёсоор Улаанбаатар ММС Энержи баг 22-12 гэсэн харьцаатай хожиж, финалд шалгарсан бол Завхан Сайнскор баг Канадыг зорих эрхээ авсан.

Нөгөө талд Швейцарийн Люзанн баг Литвийн Раундондварис багийг буулган авч, Улаанбаатар ММС Энержигийн замыг зассан гэлтэй. Финалд Улаанбаатар ММС Энержи баг Люзанн багийг 22-13 гэсэн харьцаатай илт илүүрхэж, Стив Сер тус "Challenger" тэмцээний шилдэг тамирчнаар тодорчээ.

А.АНАНДЫН ШИНЭ БАГТАЙГАА ЭХНИЙ ТЭМЦЭЭНДЭЭ ОРОЛЦОВ

Гадаадын багтай гэрээ байгуулсан Монголын хоёр дахь 3х3 сагсан бөмбөгийн тамирчин болсон А.Ананд өчигдөр/2024.05.26/ шинэ багтайгаа анхны тэмцээндээ орлоо. Хятадын Шанхай Суртай багт нэгдсэн тэрбээр шинэ багийнхаа хамтаар Вьетнамын цуврал тэмцээний дөрөв дэх зогсоолд хүч үзэв.

Шанхай Суртай баг хэсгийн шатандаа Малайзын Куала Лампур, Вьетнамын Сайгон Хит багуудад хожигдсон ч хагас шигшээд шалгарч Вьетнамын Некст Левел багийг 19-16 гэсэн харьцаатай хожжээ. Гэвч финалд Сайгон Хит багт 21-18 гэсэн харьцаатай дахин хожигджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж