"Qatar Airways" компанийн Доха-Дублин чиглэлийн нислэг агаарт хүчтэй донсолсны улмаас 12 хүн бэртсэн байна. Орон нутгийн цагаар Ням гаригийн 13:00 цагт онгоц Дублинд газардсан ба аврах баг, гал унтраах анги угтан авчээ. Дублин нисэх онгоцны буудлын захиргаанаас мэдээлснээр, зургаан зорчигч болон хөлгийн багийн зургаан гишүүн гэмтсэн бөгөөд эмнэлгийн тусламж авч байна. "Qatar Airways flight QR017" онгоц Ням гаригт Туркийн агаарын замд нисч байх үед хүчтэй донсолсон. Бусад зорчигч, ажилтнууд хөнгөн бэртэлтэй байсан тул тохирох эмчилгээг хийсэн байна. "Qatar Airways" компани донслолт юунаас болж үүсэн талаар мөрдлөг эхлүүлжээ.
Энэхүү осол гарахаас хэдэн өдрийн өмнө Сингапурын агаарын тээврийн онгоцонд 104 зорчигч бэртэж, зүрхний өвчтэй нэг хүн амиа алдсан. Лондон-Сингапур чиглэлийн "SQ321" нислэг 11200 метр өндөрт явж байх үед огцом унасан гэж нислэгийн хяналтын алба мэдээлсэн юм. Агаарын урсгал өөрчлөгдсөн талаар судалгаа явуулахад аянга цахилгаантай борооны бүсэд нисч байсан тул донсолсон байна.
АНУ-д жил бүр 65 мянган нислэг агаарын урсгалаас болж дунд зэргийн донсолж, сэгсрэгддэг бол 5000 гаруй нь хүчтэй донсолдог гэх судалгаа бий. Гэхдээ уг тоо өсөх хандлагатай байгаа ба цаг уурын өөрчлөлт нөлөөлж байна гэж Их Британийн Ридингийн их сургуулийн атмосферийн шинжлэх ухааны профессор Пол Уильямс хэлжээ. Тэрбээр компьютерийн симуляци ашиглан судалгаа явуулж, донслолт ойрын 10 жилд гурав дахин нэмэгдэх боломжтойг олж тогтоосон байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ