Сурвалжлага: Марафонд оролцсон хүн бүр ялагч

Хуучирсан мэдээ: 2024.05.27-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Марафонд оролцсон хүн бүр ялагч

Сурвалжлага: Марафонд оролцсон хүн бүр ялагч
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг олон улсын Улаанбаатар марафон өнгөрсөн Ням гаригт боллоо. Хотол олноороо дэнж хотойтол гүйж, нэгэн өдрийг эрүүл чийрэг, эрч хүчтэй өнгөрүүлэв. Найман настай балчраас наян настай буурай хүртэл, эрт галавын динозавраас эдүгээ цагийн хүн-аалз, хослолтой залууг хамарч аргагүй дэлхийн хэмжээний марафон болсон гэдэг нь харагдсан.
Энэ жилийн марафонд 30 гаруй мянган хүн, 500 гаруй сайн дурын ажилтан оролцсон бөгөөд 41 орны гүйгчид гарааны зурвасаас хөдөлж, барианд орсон гэдэг нь бас нэгэн онцлох үзүүлэлт байсан юм.
Марафоны хөтөлбөр Ням гаригийн өглөө 08:00 цагаас эхэлсэн. Зохион байгуулагчдын зүгээс гүйгчдийн биеийг халаах дасгал заан бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлсэн. Марафон гэдэг энгийн гүйлт мэт харагддаг ч спорт дундаа хамгийн их бэртэл гэмтэл тохиодог төрөл аж. Үүний дараа 10:00 цагаас гарааны дохион буу дуугарч, элит гараа буюу 21, 42 км-ын гүйгчид, арав км болон таван км-ын гүйгчид нэгэн зэрэг гараанаас гарч, марафон эхлэв. 30 мянган хүн зэрэг гараанаас гарахад гүйх зай бүү хэл алхах, зогсох ч зайгүй болж, төв зам бүхэлдээ олны хөлд дарагдана.
Дохионы бууг дарж, марафоныг нээсэн нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Улаанбаатар хотын иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монголд ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг жилд дунджаар 30 мянга орчим хүн оролцдог. Үүнээс Улаанбаатар марафон нь нийслэлчүүд бидний соёл болон төлөвшиж буй нь харагдаж байна" гэв.
Зайнаасаа хамаарч маршрут нь өөр, өөр байх агаад дийлэнх оролцогч таван км-ын зайд оролцсон. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, албан байгууллагаараа гээд бие биенийгээ зөв, эрүүл зүйлд уриалж, басхүү хөгжөөнтэй гүйж байлаа. "Краш гүйнэ гэхээр нь гүйчихлээ", "Захирал цалин нэмнэ гэсэн болохоор гүйж байна" гэх зэргээр энгийн дугаараа өвөрмөцөөр чимэглэж, энгийн бэлтгэлийн хувцас гэлтгүй хүн-аалз, динозавр, хослол өмсөн марафонд өнгө нэмсэн гүйгчид ч байсан. Олон нийтийн марафон гэдэг бол замаа хэр хурдан туулахдаа бус замаа хэрхэн үр бүтээлтэй, хүртээлтэй туулах вэ гэх зорилготой харагдав.
Замын хажуугаар зогсч, урам өгч байсан сайн дурын ажилчдыг дурдахгүй байхын аргагүй. Аливаа олон нийтийг хамарсан томоохон спорт, соёл, хүмүүнлэгийн арга хэмжээ сайн дурын ажилтнуудгүй бүтэшгүй. "Та бол ялагч", "Бариа ойртлоо, жаахан тэсээрэй", "Хичээгээрэй" гэх зэрэг зурагт хуудас, самбар барьсан сайн дурынхныг хараад инээмсэглэхгүй, хичээхгүй байхын аргагүй. Тэд энэ марафоны гол төлөөлөгчдийн нэг байлаа.
Тэдний талаар 21 км-ын зайд оролцож, барианд орсон 69 настай буурай "Анх удаагаа марафонд оролцож байна. Гүйх сайхан юм байна. Залуучууд сайхан байна. Гудамжинд надад самбар барьсан хүүхдүүд баяр хүргэж байна. Ийм зүйл анх удаа үзлээ. Залуучууд хүмүүжилтэй, сайхан болжээ" гэв.
Бариа дөхөх мөчид хэн бүхний сэтгэл хөдөлж, хөл хөнгөрч, хурсан олон, барианы зурвасыг хараад аргагүй л өөрөөрөө бахархах мэдрэмж төрнө. Олны алга ташилт, баярын дуу зэргийг сонсоод хэнбугай ч өөрөөрөө бахархах, омогших сэтгэл төрөх аж. Ганц харамсалтай зүйл ажиглагдсан нь нэг хэсэг нь марафоны талаар ойлголтгүй байсан. Тухайлбал, марафонд оролцогчдын дундуур дайрч, зам хөндлөн гарах, санаатай, санаандгүй замд саад тээг болох, унадаг дугуй, скүүтер унасан хүмүүс тамирчидтай мөргөлдөх зэрэг асуудлууд бишгүй гарав. Тэр ч бүү хэл гадаадын тамирчин өсгийгөө дайруулчихсан доголсоор замаа дуусгасан гэх. Ирэх жилүүдээс зохион байгуулагчид гарааны хуваариас эхлээд аюулгүй байдал, ус, ундаа, эмнэлгийн тусламж зэрэг дээрээ сайтар анхаарах хэрэгтэй гэж марафонд оролцогсдын зүгээс сануулж байлаа.
Гэр бүлийн гүйлтэд оролцсон гэр бүл ярихдаа "Манай гэр бүл хоёр дахь жилдээ оролцож байна. Сэтгэгдэл өндөр байна. Дурсамж бүтээж байна. Энэ марафонд оролцсоноороо нэгдүгээрт тэсвэр хатуужилтай болж, хоёрдугаарт эрүүл мэнддээ анхаарч байна. Гэр бүлээрээ нэг өдрийг сайхан өнгөрөөж байгаа нь гоё байна. Хүүхдүүддээ гүйвэл эрүүл мэндэд нь сайн, гэр бүлийн уур амьсгал сайжруулна гэдгийг харуулмаар байна" гэв. Харин Ганзоригийн гэр бүл "Энэ жил анх удаа оролцож байна. Хүүдээ сайхан дурсамж үлдээе гэж бодлоо. Нийтийн бие тамир хөгжиж байгаа нь сайшаалтай. Эрүүл нийгмийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа марафон боллоо. Гэр бүлээрээ марафонд оролцож дурсамж бүтээгээрэй гэж хэлье" гэлээ.
Марафонд оролцогчид "Ямар ч байсан байранд орлоо. Өөрийгөө яллаа. Хязгаараа давлаа" гэж ярих нь олон байлаа. Улаанбаатар марафон бол эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан таниулах, хүн бүрт идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг ойлгуулах чухал арга хэмжээ гэдгийг харлаа. Ирэх жилийн марафон даанч хол байна даа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж