Сум, хороо бүрт хүүхдийн байцаагч ажиллана

Хуучирсан мэдээ: 2024.05.27-нд нийтлэгдсэн

Сум, хороо бүрт хүүхдийн байцаагч ажиллана

Сум, хороо бүрт хүүхдийн байцаагч ажиллана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ. Үүнтэй холбогдуулан хүүхдийн эрхийн талаарх асуудлаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар /ХГБХХЕГ/-ын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г. Мөнхнасангаас тодрууллаа.

Энэ жил хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан нь эрх зүйн гол шинэчлэл боллоо. Хуулийн хүрээнд 13 хуульд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд 30 гаруй журмыг шинэчлэх болон шинээр батална. Эдгээр нь хүүхдийн эрхийг хангах, аливаа хүчирхийллээс хамгаалахад чиглэгдсэн. Мөн дээрх хуульд хүүхэд хамгааллын төсвийг тодорхой болгон тусгасан. Ингэснээр салбар бүр өөрийн төсөвтөө хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлийн дагуу төсвийг батлах үүрэг хүлээж байгаа юм. Үүнд, орон нутгийн төсөв ч мөн адил хамаарна.

Өнгөрсөн хугацаанд хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлага болон бусад эх сурвалжаас ирсэн мэдээллийг нэгтгэн дүгнэхэд, хүүхдүүд гэр бүлийн орчиндоо илүүтэй хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдсөн байдаг.

Тиймээс бид энэ жилээс гэр бүлд суурилсан хүүхэд хамгаалал гэдэг концепцоор ажиллаж, эцэг эх, асран хамгаалагчдад чиглэсэн урьдчилан сэргийлэх болон сургалт нөлөөллийн ажилд анхаарч байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд аймаг, дүүргийн түвшинд хүүхдийн эрхийг хангах газар, хэлтсүүд ажиллаж байгаа боловч яг анхан шатны нэгж буюу сум, хороонд хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтангүй ажилласаар ирсэн. Энэ нь олон сул талтай байсныг  хүүхэд хамгааллын хуулийн шинэчлэлээр тодорхойлсон.

Тодруулбал, хүн амын тооноос хамааран сум, хороо, томоохон багуудад мэргэжлийн нийгмийн ажилтантай болохоор болсон. Төсвийн хуулийн дагуу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

Энэ хүрээндээ шинээр ажиллах нийгмийн ажилтны арга зүй, албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах ажил хийгдэж байна. Мөн хүүхдийн олон нийтийн байцаагч сум, хороо бүрд ажиллахаар шинээр тусгасан.

Өнгөрсөн хугацаанд асрамж халамжийн хүүхдийн хоолны хувьсах зардлыг шинэчлэн баталж мөрдүүлэн ажиллалаа. Мөн хувийн асрамж халамжийн төвүүдэд хүүхэд хамгааллын зардлаас хоолны хувьсах зардалд дэмжлэг үзүүлж байгаа. Эцэг эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх тал дээр анхаарч эргэн нэгтгэх чиглэлээр байнга ажиллаж байна. Асрамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдэд хүүхэд хөгжлийн үйлчилгээ үзүүлэх арга зүйг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх түвшинд явж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 29 асрамж, халамжийн төвд 1000 орчим хүүхэд үйлчилгээ авч байна.

Цаашид төвлөрсөн гэхээс илүү төрөл садны болон асралт гэр бүл гэсэн олон хувилбарт үйлчилгээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Бид аливаа баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ агуулгыг нь алдагдуулаад байна уу гэж хардаг. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр, эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрхийг хангаж чадаж байна уу, хөгжил, оролцоонд нь яаж анхаарч байна вэ, ярилцаж чадаж байна уу, чанартай цаг гаргасан уу, эх орондоо хэрэгтэй иргэн болгож төлөвшүүлж чадсан уу? гээд өөрөөсөө олон талт асуулт асуулж дүгнэлт хийгээсэй гэж уриалж байна гэв.

Энэ жилийн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороод, аж ахуйн нэгжүүд өөрсдийн онцлогтоо тааруулж хүүхдэд зориулсан олон нийтийн арга хэмжээг зохион  баярлуулахаар төлөвлөжээ. ХГБХХЕ-аас нэгдсэн байдлаар үйл ажиллагааг зохион байгуулж, мэдээллийг хүргэхээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж