Трампад туслах “аравдугаар сарын сюрприз”

Хуучирсан мэдээ: 2024.05.27-нд нийтлэгдсэн

Трампад туслах “аравдугаар сарын сюрприз”

Трампад туслах “аравдугаар сарын сюрприз”

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын цэргийн эвсэл эрчимжиж байгаа нь АНУ-ын санааг зовоох болов. Тодруулбал, олон улсаас тусгаарлагдсан хоёр орны хамтрал Пёньяны цөмийн чадавхийг үлэмж хэмжээгээр сайжруулж, Ази Номхон далайн бүс нутагт хурцадмал байдлыг нэмэгдүүлж болзошгүй гэж АНУ-ын зургаан өндөр албан тушаалтан “NBC News” телевизэд ярьжээ. Түүнчлэн, АНУ-ын сонгууль ойртож буй үед Путины шахалтаар Хойд Солонгос сүүлийн арван жилд байгаагүй өдөөн хатгалга буюу цэргийн ажиллагаа явуулж магадгүй байна.

Тодорхой цаг хугацаа нь 2024 оны сонгуулийн оргил үе буюу Байден, Трамп нарын нэгийг сонгох мөчид болж болзошгүй.

Трамп 2016 онд ерөнхийлөгчөөр сонгогдох үед Орос тодорхой хэмжээнд тусалсан гэж АНУ-ын тагнуулын алба үздэг. Байдены хувьд 2022 онд Орос Украин руу дайрсны дараа харилцаагаа тасалсан.

Ирэх долоо хоногт Путин Хойд Солонгост айлчилж, Кимтэй уулзах төлөвтэй байна. Энэ үеэр Пёньян руу цэргийн технологийн дамжуулалтыг өргөжүүлэх шинэ хэлэлцээрийг баталгаажуулна гэж АНУ-ын албаны хүмүүс үзэж байна. Мөн болох гэж буй айлчлалын талаар Стратегийн болон олон улсын судалгааны төвийн Ази, Солонгосын асуудал эрхэлсэн ахлах дэд ерөнхийлөгч Виктор Ча “2024 он тийм ч таатай жил болохгүй нь. Энэ жил галзуурсан хулгана лугаа болно" гэжээ.

ХӨГЖИЖ БУЙ ХОЛБОО

Пёньян Украин дахь дайнд зориулж Орост их хэмжээний сум илгээсний хариуд Путин Хойд Солонгосыг цөмийн шумбагч онгоц болон баллистик пуужингийн технологиор хангаж байна гэж АНУ-ын өндөр албан тушаалтнууд үзэж байна. Европоос Украинд өгч байгаагаас илүү их сум, олон сая их бууны сумыг Хойд Солонгос улс Орос руу нийлүүлдэг.

Түүнчлэн Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй пуужин хөөргөх анхны шумбагч онгоцоо бүтээхэд шаардлагатай эцсийн алхмуудыг хийхэд нь ОХУ тусалж магадгүй гэж албаныхан болгоомжилж байна. Хойд Солонгос өнгөрсөн есдүгээр сард хуучин ЗХУ-ын загварт суурилсан шумбагч онгоцоо олон нийтэд танилцуулсан. Үүнийг АНУ-ын албаны хүмүүс Пёньян өөрийн хүчин чадлаа хэтрүүлсэн байх магадлалтай гэж мэдэгджээ. Цөмийн зэвсэгтэй пуужинг байрлуулах юм уу хөөргөхөөс өмнө шумбагч онгоцонд нэмэлт технологи хэрэгтэй хэвээр байна гэж албаныхан дүгнэсэн байна.

Хэдийгээр АНУ Хойд Солонгостой ямар ч нөхцөлгүйгээр яриа хэлэлцээг эхлүүлэхийг удаа дараа санал болгож байсан ч гурван жилийн турш Кимийн дэглэмтэй учраа ололцоогүй. Засаг захиргаа энэ жил Хойд Солонгост дахин хандсан ч хариу өгөөгүй аж. АНУ-ын хувьд ОХУ-аас Хойд Солонгост нийлүүлж буй технологийн төрлүүдийн талаар бүрэн, тодорхой ойлголтгүй байна. Зэвсгийн дамжуулалтыг биет байдлаар хянах боломжтой бол цэргийн технологийг ойлгох нь тийм ч хялбар биш юм.

"Оросын дээд түвшний техник нь хяналт тавихад үнэхээр хэцүү" гэж АНУ-ын өндөр албан тушаалтан хэлжээ. Өмнө нь Хойд Солонгосын зэвсэг хуучирсан, найдваргүй байх магадлалтай гэж анхааруулсан. Гэвч Орос Украин дахь нөөцийн асуудалтай тэмцэж, сумны хэрэгцээгээ хангах шаардлагатай болсон үед Хойд Солонгос зэвсэг илгээсэн.

Москвад өгч буй зэвсгийн хариуд Хойд Солонгос баллистик пуужингийн эд анги, нисэх онгоц, пуужин, хуягт машин болон бусад дэвшилтэт технологиор хангахыг хүсч байна гэж албаны хүмүүс мэдэгдэв. Сүүлийн саруудад Хойд Солонгос пуужингийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн ахиулж, хэт авианы пуужингийн хатуу түлшт хөдөлгүүрийг турших болжээ. Мөн бусад ахиц дэвшил нь пуужингийн хөтөлбөрөө илүү найдвартай болгоход нь тусалсан аж.

Пёньян олон мянган км нисч, бүрэн бүтнээрээ агаар мандалд дахин нэвтэрч чадах алсын тусгалтай баллистик пуужинг хайж байгаа. Үүнд Орос улс тусалж магадгүй.

Цөмийн хүчин чадалтайгаас гадна бүтнээрээ үлдэх боломжтой дахин нэвтрэх машинууд нь АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системд томоохон сорилт болно.

Мөн сүүлийн Умард Солонгосын цөмийн туршилтын байгууламжуудын нэгнийх нь үйл ажиллагаа идэвхжих болжээ. Энэ нь дахин туршилт хийхээр бэлтгэж байгааг илтгэж байна. Вашингтон дахь Стратегийн болон олон улсын судалгааны төвийн Солонгосын хойгийг судалж буй “Beyond Parallel” төслийн нийтэлсэн хиймэл дагуулын зургууд Пунггие-ри цөмийн байгууламжийн гуравдугаар туннелийн үйл ажиллагааг харуулсан байна. Тус бүлэглэл “Хойд Солонгос долоо дахь цөмийн туршилтаа хийхэд шаардлагатай бүх бэлтгэлийг хангасан гэж АНУ, Өмнөд Солонгос үнэллээ” гэж мэдэгджээ. Байдены засаг захиргаа Хойд Солонгос цөмийн туршилт хийнэ гэж багагүй хугацаанд таамаглаж байсан.

Тиймээс Ким Өмнөд Солонгосын цэрэггүй бүсэд түрэмгийлэх , хилийн арлууд руу дайрсан тохиолдолд АНУ  хариу арга хэмжээ авах тухай яаралтай төлөвлөгөөг саяхан бэлтгэсэн байна.

"Бид бэлэн, бэлтгэлтэй байх болно" гэж засаг захиргааны өндөр албан тушаалтан мэдэгдсэн ба Өмнөд Солонгос, Японтой хамтран ажиллаж байгааг тэмдэглэв. АНУ-ын албаныхан Москва Умард Солонгост дотооддоо зэвсэг үйлдвэрлэхэд нь тусалж, тэр байтугай батлан ​​хамгаалах аж үйлдвэрийн бааз байгуулах түншлэл бий болгоход санаа зовниж байна гэжээ.

АРАВДУГААР САРЫН СЮРПРИЗ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх аравдугаар сард сюрприз гэж нэрлэгдэх өдөөн хатгасан үйлдэл хийхийг Путины зүгээс Ким Жон Унд уриалсан байж магадгүй. Үнэн эсхээс үл хамааран ОХУ ийм алхам хийж магадгүй гэж албаныхан үзэв. Гэвч Оростой улам бүр ойртож, Украинд дайн хийхэд нь Путинд тусалсан Хятад улс бүс нутагт тогтворгүй байдлыг хүсдэггүй.

Гэсэн хэдий ч АНУ-ын албан тушаалтнууд Орос-Хойд Солонгосын эвслийн талаар, мөн тэдний юу төлөвлөж байгааг мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Ази, Номхон далайн бүс нутагт үүсч болзошгүй хурцадмал байдал нь Орос-Украин, Израиль-Хамас гэх дайны дараа гурав дах дайн болж болзошгүй юм.

Одоо өрнөж буй хоёр дайн нь Байдены удирдлагын үр дүн гэж Трамп буруутгасан. Мөн хэрэв Трамп албан тушаалд байсан бол ийм зүйл болохгүй байсан гэж маргажээ. Байден Цагаан ордны албаны хүмүүс энэ мэдэгдлийг эрс эсэргүүцэж байна.

Путин, Ким хоёрын харилцаа улам бүр ойртож байгаа нь ОХУ Хойд Солонгосыг зохицуулах гэж АНУ-тай хамтран ажиллаж байсан үетэй харьцуулахад томоохон өөрчлөлтийг харуулж байна. Одоо Москва НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хориг тавих эрхээ ашиглан Пёньяныг халхавчлах гэж байна.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж