Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.
"ОРОСЫН ҮҮРГИЙГ БИЕЛҮҮЛЭХЭЭР ҮҮРГЭВЧЭЭ ҮҮРЭЭД ЯВЖ БАЙГАА ХҮҮ БОЛ Х.БАТТУЛГА"
Ардчилсан намын гишүүн Д.Сосорбарамаас цаг үеийн зарим мэдээллийг тодрууллаа.
-Танай нам нэгдэж эвлэсэн, ойлголцсон гэж мэдээлж байсан. Гэтэл саяны /2024.05.20/ Үндэсний бодлогын хорооны хурлаар ойлголцолд хүрээгүй харагдаж байна. Үүнийг та юу гэж дүгнэх вэ?
-Миний бачимдаж байгаа зүйл юу вэ гэхээр ардчилал буюу эрх чөлөөг АН-аар нь устгах нөхцөлдсөн тохиолдол. Тодруулбал, үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын тусгаар тогтносон байдалд заналхийлсэн үйл явдал АН-д болж байна. Үүнийг гүйцэтгэн биелүүлж байгаа хүн нь Халтмаагийн Баттулга. Энэ хүн намын гишүүнчлэлээ сэргээгүй, Үндэсний бодлогын хорооны гишүүн биш. Би баримттай ярьна. АН-д байраа сольж улс төрд ордог хүмүүс их шургалах юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан, "Эрдэнэс тавантолгой" ХК-д том алба хашиж байсан Г.Дэнзэн гэж хүн бий. Н.Алтанхуягийн хүргэн. Би хурал дээр хүргэнээс нь асуусан. Н.Алтанхуяг гэдэг хүн нэр дэвших боломжтой юу гэхэд "боломжгүй, яагаад гэвэл үндэсний бодлогын хорооны гишүүн биш". Бие дааж дэвшсэн учраас АН-ын гишүүн мөн биш нь ч эргэлзээтэй учраас дэвшихгүй гэсэн. Мөн босоо гэгддэг С.Ганбаатар. Энэ хүн намын гишүүнээ баталгаажуулсан эсэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ ҮБХ-ны гишүүн биш учир нэр дэвших эрхгүй. Энэ гурван хүнийг баталгаатай нэрлэж, нэр дэвшихгүй гэдгийг хурлаар мэдэгдсэн. Эдгээрээс гадна сэтгүүлч Л.Мөнхбаясгалан байна. Намын гишүүн биш, жигтэйхэн цензургүй хүн АН-руу тооноор эсвэл хаяагаар орж ирээд нэр дэвших гэж байна. Энэ бол АН-ыг доромжилж байгаа хэлбэр.
Нэр дэвшсэн хүмүүсээс ҮБХ-ны дүрэм зөрчсөн 38 хүн байна. Угтаа бол АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн хүн л нэр дэвшиж болно. Энэ дүрэм зөрчсөн явдлаас харахад АН нэгдэж ойлголцсон ч нам дотор нь устгах нөхцөлийг үүсгэсэн байгаа юм.
Хойноос юм уу, урдаас шидсэн чулуу бутраад унахаар бие бие рүүгээ авч шиддэг байдлаа л одоо болих хэрэгтэй. Монгол гэдэг жижигхэн үндэстнээр тоглодог хоёрхон газар л бий. Улс төр, эдийн засаг руу орж санхүүжүүлдэг, мөнгөөр зоддог байдалтай бид хэзээ ч эвлэрэхгүй. Үүнээс болж АН-д шогийн, увайгүй, дүрэмгүй, журамгүй байдал үүсч байна. Бүр болоогүй АН дотор барууны үзлийг ярьж, баг хийж өмсчхөөд улаан зүүний үзэл яриад, улаан фашизм, нацизм ханхлуулж айлган сүрдүүлэлтийн менежмент хийж байгаа хүмүүс энэ улсыг удирдах нь. Ийм зүйл хэзээ ч гарахгүй.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"ТӨСӨВ 2.7 ДАХИН ӨССӨН Ч ЭДИЙН ЗАСГИЙН БУСАД ҮЗҮҮЛЭЛТ ӨСӨӨГҮЙ"
Эдийн засагч Д.Дэлгэрсайхантай 2025 оны төсвийн төсөөллийн талаар ярилцлаа.
-Энэ удаагийн парламент хаврын чуулганаар 2025 оны төсвийн төсөөллийг батлах ёстой. Ирэх оны төсвийг нэлээд өөдрөг төсөөлсөн харагдаж байна. Ирэх онд төсвөө дахин тэлэх бололцоо бодитоор бий болсон уу?
-УИХ-аас хийсэн 2020 оны төсвийн эрх зүйн орчны шинэчлэлээр Төсвийн тогтвортой байдлын зөвлөл /ТТБЗ/ дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг бэлтгэхэд шаардлагатай энэ макро эдийн засгийн таамаглал төсвийн хүрээний мэдэгдлийг баримжаалж, тоо баримтыг бэлтгэдэг болсон. Үүний дагуу Эдийн засаг хөгжлийн яам дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг бэлтгэж, УИХ-д өргөн барьдаг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гуравдугаар сарын 15-нд өгсөн төсвийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн чиг баримжаатай Засгийн газраас өргөн барьсан төсөл зарим талаараа нийцэхгүй байна. Нэгдүгээрт, цар тахлаас хойш өндөр тэлэлттэй байгаа төсвийг ирэх онд хэт өсгөхгүй байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, 2025 онд төсвийг 2024 оны төсөвтэйгөө ойролцоо түвшинд байлгах ёстой. Төсвийн тэлэлтийг засах ёстой. Түүнчлэн төсвийн зарлагыг 27 их наяд орчимд нь хэвээр хадгалах ёстой гэсэн ийм байр суурьтай байсан. Хоёрдугаарт, бидний гол бодлого бол төсөв дэх төрийн оролцоог бууруулъя, төсвийн зардалын хэмжээ хэрээс хэтэрлээ гэдгийг хэлж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-д эзлэх төсвийн хувь хэмжээ 36-37 хувь болчихлоо. 2024 онд 37 хувь байхаар байна. Энэ хувь хэмжээг бууруулах ёстой. Үүний үр дүнд төсвийн зардлыг илүү үр ашигтай болгох, хөрөнгө оруулалтын зардлаа оновчтой болгож, нийгмийн халамжийн зардлаа зөв болгох ийм боломжууд бүрдэнэ.
Гэтэл Засгийн газраас оруулж ирж байгаа төсөл дээр буюу одоо өргөн барьчихсан байгаа төслийг аваад үзвэл хэт өөдрөг төсөөлөл байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирэх жил Монгол Усын эдийн засагт тодорхой эрсдэл байгаа гэж үзэж байна.
Тухайлбал, энэ жил 78 сая тонн нүүрс экспортолж чадах уу, үгүй юү, дараа жил 80 сая тонн, түүний дараа жил 90, 100 сая тонн гэх мэтээр экспортыг хувь хэмжээгээ тийм хурдтай өсөж чадах уу гэдгийг заавал бодолцож үзэх ёстой.
Хэрэв энэ хувь хэмжээгээр нүүрс болон түүхий эдийн хувь хэмжээ өсөхгүй бол өнөөдрийн оруулж ирсэн төсвийн төсөөллүүд бүгд худлаа болно. Төсвийн алдагдал ч нэмэгдэнэ, улсын өр ч нэмэгдэнэ. Түүнчлэн төсвийн зардлаа төсөөлсөн хэмжээнд өсгөхийн тулд эдийн засагтаа өндөр ачаалал дарамт авах болно. Тийм учраас төсвийн тусгай шаардлагыг тодорхой тооны хүрээнд хязгаарлах биш ирээдүйд тулгарч болзошгүй эрсдэлийг харгалзах ёстой. Засгийн газраас тооцсон өөдрөг төсөөллийн дагуу орлого орж ирэх юм бол тэр орлогоо Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан гэх мэт сангуудад хуримтлуулж ирээдүйн эрсдэлээ хаах хуримтлалыг бий болгох нь зүйтэй гэж үзэж байна. Ирэх оны төсвийг энэ онтой харьцуулахад дөрвөн их наядаар тэлж 31 их наяд болгож оруулж ирсэн ийм өөдрөг төсөөлөл харагдаж байна. Ийм байдлаар төсвөө тасралтгүй тэлэх бодлого явуулбал төсөвтэй холбоотой эрсдэлийг бууруулах боломж багасна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"ДАСГАЛЖУУЛАГЧ ХҮН ТАМИРЧНАА НАСААР НЬ ХАЙРЦАГЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ"
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Б.Баттулгатай ярилцлаа.
–Токиогийн олимпийн дараахан та ажлаа өгсөн. Ажлаа өгөх шалтгаан нь яг юу байсан бэ?
-Токиогийн олимп дууссаны дараа би өөрөө шигшээ багийн ахлах гэдэг ажлыг албан ёсоор өгсөн. Манай дасгалжуулагчийн багийн хувьд бид нар тавуулаа байсан. Би ахлахаар миний доор эрэгтэй эмэгтэй тус бүр хоёр дасгалжуулагч гэсэн бүрэлдэхүүнтэй. Бид ямар зорилго тавьж байсан гэхээр 1980 оноос хойш тасраад байсан эрэгтэй чөлөөт бөхийн медалийг Токиогоос авъя гэсэн. 40 жил болчихсон байсан юм. Ямар ч байсан эрэгтэй төрөл дээр нэг медаль авхуулчихъя гэсэн эхний зорилго нь. Мэдээж эмэгтэй дээр мөн 2012 оноос хойш медальгүй байсан. Үүнийг давтъя, ахиулъя гэж зорьсон.
Токиогийн олимпод нийт есөн тамирчин оролцсоноос тав нь хүрэл медалийн төлөө барилдсан. Статистик ярьвал үнэхээр өндөр амжилт. Гэхдээ хамгийн гол нь эрэгтэй медаль авч чадаагүй болохоор ерөөсөө ажлаа өгье гэж шийдсэн. Зорилго тавиад түүндээ хүрч чадаагүй болохоор нэг завсарлага аваад арай өөр өнцгөөс харж үзье гэж бодсон хэрэг. Манайхан ч тэгээд болохгүй бол зүтгээд л улам дордуулаад байдаг талтай. Цар тахлаас болж, олимпийн цикл ч гуравхан жил болчихлоо. Саяхан л Токиогийн олимп өндөрлөж байсан бол одоо дараагийн цикл эхэлчихсэн, Парисын олимп эхлэх гэж байна. Би ч шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад ороогүй. Нэрээ ч өгөөгүй. Гэхдээ "Парисын олимпийн аварга" гэх нэртэй ТББ байгуулсан. Энэ байгууллагаараа дамжуулан олимпод чиглэсэн, ялангуяа эрэгтэй баг дээр анхаарсан ажлуудыг хийж байна. Сая ч гэсэн таван жингээс гурав нь эрхээ авсан сайхан үйл явдал боллоо.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Холбоотой мэдээ