Нийслэлийн Онцгой байдлын газраас үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн онцгой байдлын газрын дарга А.ДАШНЯМ:
-Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод бороо орох төлөвтэй байгаа. Нийслэлийн онцгой байдлын газар цаг алдалгүй Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээг иргэдэд хүргэж ажилладаг. Нийслэлийн засаг дарга Улаанбаатарын хэмжээнд үер уснаас сэргийлэх үүрэг чиглэл өгсөн. Үер усны эрсдэлтэй бүсэд оршин суудаг айл өрхөд мэдээлэл хүргэх, эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг урьдчилан сэргийлэх үүрэг чиглэл өгч ажиллаж байна. Нийслэлийн онцгой байдлын алба, газрын алба, орон сууцны корпораци болон дүүргийн засаг дарга нарт мөн үер уснаас урьдчилан сэргийлэх үүрэг чиглэл өгсөн. Тавдугаар сарын 25-аас эхлэн Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд эрсдэлийн үнэлгээ хийж эрсдэл бүхий айлуудын аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулна. Үерийн бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх суурьшлын дөрвөн бүсэд газар олгосон. Тухайн бүс рүү үерийн эрсдэлд байгаа айл өрхийг нүүх албан шаардлагыг хүргүүлнэ. Өнгөрсөн жилийн үерт өртсөн айлуудын аюулгүй байдлыг хангаж далан суваг барих зэрэг шат дараалсан ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Нийслэлийн зургаан дүүрэгт үерийн эрсдэлтэй олон газар бий. Өнгөрсөн жилийн долоо болон наймдугаар саруудад хоёр ч удаа их хэмжээний үер болсон байдаг. Тиймээс нийслэлийн хэмжээнд үерт хариу арга хэмжээ авах үер уснаас урьдчилан сэргийлэх олон ажлуудыг хийж байна. Үер уснаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах дөрвөн удаагийн хэлэлцүүлэг хийж хариу арга хэмжээ авах төлөвлөгөө батлуулсан. Төрийн болон төрийн бус байгууллагууд үерийн үед авах арга хэмжээний үүрэг чиглэл өгсөн. Нийслэлд үерийн үед ажиллах мэргэжлийн байгууллагуудын хүч хэрэгслийн судалгаа 68.5 хувьтай байна. Үүнийг цаашид нэмэгдүүлж, хүн хүчийг бэлтгэн сургах шаардлагатай байгааг хэллээ.
Холбоотой мэдээ