"Doge" меме зурагны эзэн Кабосү нэрт япон нохой үхснийг эзэн нь Баасан гаригт зарлав. Эзэн Ацүко Сато нь "Нохой минь унтаж буй мэт тайван нүд анилаа. Баасан гаригийн өглөөний 07:50 цагт тэр гүн нойронд автав. Кабосү дэлхийн хамгийн аз жаргалтай нохой байсан гэж бодож байна. Би ч хамгийн аз жаргалтай эзэн байсан" гэж нохойгоо дурсан бичжээ.
Кабосүг 2010 онд анх эзэн нь блогтоо нийтэлснээр олны танил болох замнал нь эхэлсэн юм.
Нэгэн нохой үржүүлэгч бизнесээ орхисны дараа түүний эзэмшилд байсан нохойнуудыг устгалд оруулах гэж байхад нь Кабосүг аварч байжээ. Тодруулбал, өөр 19 нохойн хамтаар Кабосүг Чибаван гэх сайн дурын бүлэг авран, бусдад үрчлүүлсэн байна. Сато 2008 оны арваннэгдүгээр сард тайван, хөөрхөн ааштай Кабосүг үрчилж авчээ.
Кабосүгийн жинхэнэ нас тодорхойгүй. Гэхдээ эзэн Сато нь түүнийг 18 орчим настайдаа үхсэн гэж таамаглаж байна.
"Кабосү миний амьдралд ирснээс хойш миний амьдрал баян болж, үнэлж баршгүй мөчүүдийг надад бэлэглэсэн гайхамшигт үйл явдлууд олон тохиосон" гэж Сато хэвлэлд ярилцлага өгч байв.
"Doge" меме нь крипто ертөнцөд ихээхэн нөлөө үзүүлсэн. Уг зураг нь 2021 онд дөрвөн сая ам.доллараар зарагдсан NFT дижитал урлагийн бүтээл болсон. Энэ нь тухайн үеийн хамгийн үнэтэй меме NFT болсон юм. Мөнгийг хүүхдийн эрхийг хамгаалах буяны байгууллагуудад хандивлаж байв.
"Dogecoin"-ы зүгээс Кабосүгийн үхэлд гашуудаж буйгаа илэрхийлжээ. "Өнөөдөр манай хамт олны анд, урам зориг болсон Кабосү өөрийнхөөрөө амар тайван нүд анив. Энэ нохойн дэлхий дахинд үзүүлсэн нөлөө хэмжээлшгүй их" гэжээ. Өдгөө "Dogecoin"-ы зах зээлийн үнэлгээ 22 тэрбум гаруй ам.доллар байна.
Кабосүгийн эрүүл мэнд 2022 оноос мууджээ. Тэр хорт хавдар болон бусад өвчнөөр өвчилсөн юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард түүний төрөлх хот Чиба мужийн Сакүра хотод Кабосүгийн хөшөөг олон нийтийн хандиваар босгожээ. Мөн энэ Ням гаригт Нарита хотод Кабосүгийн дурсгалыг хүндэтгэх ёслол болно.
Эх сурвалж: GLOBAL NEWS
Холбоотой мэдээ