Хүүхийн тэргэн дээрх бяцхан хүүгээ түрсэн залуухан ээж аав хоёр, ач хүүгээ дагуулсан ахмад настай, аав ээжтэйгээ гүйхээр бэлтгэж буй бяцхан хүүхдүүд, ханьтайгаа хөтлөлцөн гүйх ахмад настнууд, байгууллага хамт олноороо гээд бүх л насныхан оролцож буй Улаанбаатар марафонд амжилттай үргэлжилж байна. Жилээс жилд марафонд гүйх хүмүүсийн тоо нэмэгдэж, бүр гадны улс орнуудаас ч ирж оролцож болжээ. Энэ жилийн хувьд гүйж буй хүмүүсийн тоо нэмэгдэж, 5-42 км зайд гүйж байна. Амралтын өдөр зөвхөн марафонд зориулж автомашингүй өдөр болгож буй учраас гэр бүл, найз нөхөд, хамт олноороо гүйх хүмүүс олон ажээ. Хотын төв хэсгээр марафонд гүйгчдээс гадна унадаг дугуй, скүүтэр унасан бяцхан жаалууд энэ өдөр тайван, айх айдасгүй автомашины замаар хөлхөлдөх нь содон бөгөөд баярламаар. Энэ л өдөр хотын төв хэсгээр түгжрэн, урт дараалал үүсгэдэг автомашинууд байхгүй, зөвхөн хүүхдүүд, явган зорчигчдын "эзэмшил" болдог төв зам.
“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд 34 орны 20 мянга орчим хүн оролцож байна.
Олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийг идэвхжүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, иргэдийн өдөр тутам биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжих зорилготой ес дэх жилдээ зохион байгуулагдаж байна. “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнийг хоёр дахь жилдээ өдөрлөг болон зохион байгуулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж өргөн цар хүрээг хамруулж байгаагаараа онцлогтой аж. Энэ жил 100 гаруй аж ахуй нэгж, 500 гаруй сайн дурын ажилчид оролцож байна. Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг, Монголд ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд олон улсын гүйлт сонирхогчид гээд дэлхийд алдартай тамирчид зорьж оролцдог болсон юм.
- 5 км-Эрүүл мэндийн гүйлт
- 10 км-Гүйлтийн спортоос таашаал авдаг, амьсгалаа зөв хуваарилж сурсан, зөв тактиктай гүйдэг хүмүүс энэ төрөлд гүйх нь зохистой.
- 21 км-Хагас марафон
- 42 км-Марафон гэсэн дөрвөн төрөлд гүйлт сонирхогчид болон тамирчид гүйж байгаа юм.
































Сануулахад, өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм.
Холбоотой мэдээ