ОХУ-ын Батлан хамгаалахын салбарын дахин хоёр албан тушаалтан авлигатай холбоотой хэргээр баривчлагджээ. Тодруулбал, Жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал Вадим Шамарин, Батлан хамгаалах яамны худалдан авах ажиллагааны ахлах албан тушаалтан Владимир Вертелецкий нарыг баривчилсан тухай Пүрэв гаригт мэдэгдэв.
Барилгын компанийн захирал асан гэх гурван эрэгтэйг мөн авлигын хэргээр баривчилсан. Энэ нь ОХУ-ын эрх баригчид цэрэг армийн ашигтай гэрээ хэлэлцээр байгуулахтай холбоотойгоор авлигыг таслан зогсооход ихээхэн хүчин чармайлт гаргаж байгааг илэрхийлнэ.
Вадим Шамарин 2020 оноос хойш цэргийн холбоо, тэр дундаа байлдааны талбар дахь командын нууц дохиог хангах үүрэгтэй армийн Дохионы корпусыг удирдсан. Түүнийг 2016-2023 онд Уралын уулс дахь харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэрээс төрийн томоохон гэрээ байгуулсныхаа шагнал болгон авлига авсан хэрэгт буруутгажээ. Түүнийг хамгийн багадаа 400 мянган ам.долларын ашиг олсон гэж үзсэн. Шамарин гэм буруутай нь тогтоогдвол 15 жил хүртэл хорих ялаар шийтгүүлнэ.
Харин Владимир Вертелецкийг улсын батлан хамгаалах даалгаврыг гүйцэтгэхдээ эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр буруутгасан байна. Тэрбээр 2022 онд бүрэн бус ажилд гарын үсэг зурснаар улсад 764 мянган ам.долларын хохирол учруулсан аж.
Батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг өнгөрсөн сарын 23-нд авлига авсан байж болзошгүй хэргээр урьдчилан саатуулснаар өндөр түвшний авлигын эсрэг тэмцэл эхэлсэн. Түүнээс хойш Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүний дарга, дэслэгч генерал Юрий Кузнецов, Оросын 58 дугаар армийн командлагч асан, хошууч генерал Иван Попов нарыг мөн баривчилжээ.
Эдийн засагч мэргэжилтэй Андрей Белоусовыг Батлан хамгаалахын сайдаар томилсон нь салбарын үрэлгэн байдал, авлигыг арилгах алхам гэж олон нийт үзэж буй. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ "Авлигатай тэмцэх нь тууштай ажил. Энэ бол кампанит ажил биш, байнгын ажил" гэжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ