"Хөдөөд энтертаймент байдаггүй нь залуус хотыг зориход хүргэдэг"

Хуучирсан мэдээ: 2024.05.28-нд нийтлэгдсэн

"Хөдөөд энтертаймент байдаггүй нь залуус хотыг зориход хүргэдэг"

"Хөдөөд энтертаймент байдаггүй нь залуус хотыг зориход хүргэдэг"

Хотоос хөдөөг зорьсон залуу боловсон хүчний нэг Б.Лхагвадоржтой нийслэл, орон нутгийн ялгаа, ажил мэргэжлийн давуу тал, хөдөө аж ахуйн салбарыг сонгосон шалтгааны талаар ярилцлаа. 


-Болдбаатарын Лхагвадорж гэж хэн бэ?

-Хөдөө амьдардаг, механик инженер мэргэжилтэй жирийн нэг залуу. Баянхонгор аймаг дахь “Өлзийт” мэргэжлийн боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байна. Улаанбаатар хотод төрж, бүрэн дунд боловсрол дүүргэсэн. Унгарт механик инженерээр суралцаж, эх орондоо ирсэн.

-Гадаадад сургууль төгссөн атлаа гэнэт хотыг орхиод хөдөөг зорьсон, тэр тусмаа Баянхонгорыг сонгосон шалтгаан чинь юу вэ?

-Олон зүйлээс хамаарч орон нутагт ажиллах шийдвэр гаргасан. Хотын амьдралын хэв маяг, түгжрэл гээд олон шалтгаан нөлөөлсөн. Тухайлбал, орон нутагт сургуулиа хөгжүүлбэл хүн амын тархац ихсэх учраас надад сонирхолтой санагдсан. Би Унгарт суралцаж байхдаа их сургуулиудыг аймаг орон нутаг руу нүүлгэнэ гэдэг мэдээ уншиж байлаа. Тухайн үед тэр мэдээг уншаад их сургуулиудыг нүүлгэвэл нээрээ л хүн ам тархаж, тэр хэрээр орон нутаг хөгжих юм байна гэж бодсон. Одоогоор энэ ажил хэрэгжээгүй байгаа ч тухайн үеийн бодол маань хэвээрээ байгаа.

Их, дээд сургуулиудыг орон нутаг руу нүүлгэвэл дагаад тухайн аймагт амьдралын чанар сайжирч, бусад индексүүд өсч, хүн ам ч олноор тархан суурьшина. Ингэж чадвал бид орон нутгийг хөгжүүлж чадна.

Баянхонгор, Өвөрхангай орж сайхан аялъя гэх юм уу, хүмүүст хэлэхэд ч, сонсоход ч таатай санагдах байх гэж бодож байна. Ер нь бол улс жигд хөгжих боломжтой. Хотоос хөдөөд ирэх болсон хоёр дахь шалтгаан бол Унгарт сурч байх үедээ Европоор аялж байхад Грек, Хорват, Болгар, Косово, Словак улсуудад ногоон байгууламж, парк, хөл бөмбөгийн талбайг олноор байгуулсныг харж байлаа. Талбай байгуулаад орхичихдоггүй байнгын арчилгаа, усалгаа хийнэ, харуул хамгаалалттай. Мөн дээр нь хүүхдүүд, хүмүүс ч байнгын тоглож байдаг. Үүнээс гадна орон нутагт амьдарч байгаа хүмүүсийг нь харахаар бүгд өөрсдөө фермийн аж ахуйтай. Фермийн мал аж ахуйгаараа амьдралынхаа хэрэгцээг хангадаг гэсэн үг. Үүнийг харж байсан нь хөдөө аж ахуйн салбарт миний ажиллах нэг шалтгаан болсон. Европт мал аж ахуй, ой ногоон байгууламжийн салбарын инженерийн мэргэжилтэн ихээр бэлтгэдэг.

Тиймээс би Европт суралцаж байхдаа хөдөө орон нутагт өөрийн суралцсан инженерийн мэргэжлээ оруулж ирвэл өдөр тутмын асуудлууд бага боловч арилж, хүмүүс хөдөө аж ахуйг сонирхох болов уу гэдэг үүднээс энэ салбарт хүч үзэхээр шийдсэн.

Гуравдугаарт, зөвхөн салбартаа ажиллаж, нийтэд таниулаад зогсохгүй хөдөө аж ахуйн чиглэлээр судалгааны ажил хийх сонирхолтой. Жишээлбэл, газар тариалан. Хүмүүс говьд тариалан эрхлэх боломжгүй, тариа ногоо ургахгүй гэж боддог. Гэхдээ элсээр яаж бордоо хийж болох вэ, газар тариалангийн ямар төрлийг хөгжүүлж болох вэ зэргээр судалбал сонирхолтой олон зүйлс гарч ирэх санагддаг. Израйль улс эмийн үйлдвэрлэлээрээ алдартай. Тус улсад фермийн аж ахуй их хөгжсөн. Фермийн түүхий эдээрээ эм боловсруулдаг. Тэр талаас нь харахаар Монголын говийн онцлогт тулгуурлаж судалгаа хийж, орц, гарцтай олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой санагддаг. Өөр нэг шалтгаан бол дотооддоо нарийн ногоо тариалахаар орон нутагт ажиллах болсон.

Covid-19 цар тахлын хориотой үед би Монголд байсан гэр бүлийнхэн, найзуудаасаа сонсоход хүнсний ногоо тасарч, бараг төмснөөс өөр ногоо гадуур олдохгүй байна гэж байсан.

Монголд хүнсний болон нарийн ногоо ихэвчлэн Хятадаас орж ирдэг. Яг ямар бордоогоор бордсон нь хаалттай. Ингэж дотоодод тариалах боломжтой хүнсний ногоог заавал гадаадаас авах шаардлагагүй санагддаг.

-Таны хувьд Монгол Унгар хоёрын амьдралын хэвшил, хөгжлийн хувьд хэр ялгаатай байна вэ?

-Унгар явахаасаа өмнө Монголоо нэг их анзаарч байгаагүй. Харин гадаадад очиж суралцаад эргэж ирэхдээ олон зүйлийг харьцуулдаг болсон. Улаанбаатар хотын авто зам, барилга байгууламжууд стандартгүй баригдсан. Дээр нь түгжрэл ихтэй. Амьдрах орчноос хамаараад хүн бүр өдөр тутамдаа стресстэй. Хүмүүстэй ярилцаад суухад ч өөр хэн нэгнээс юм хүлээсэн байдалтай санагдсан.

Би Баянхонгорт өнгөрсөн гуравдугаар сараас ирж суурин ажиллах болсон. Орон нутагт суурьших төсөөлөл байгаагүй. Анх ирэхэд хотоос ялгаатай байдал их санагдаж байлаа. Гэхдээ анхны сэтгэгдэл эерэг байсан.

Явц дундаа хотоос ялгаатай зүйл нь энтертайнмент байдал гэдгийг илүү анзаарсан. Хотод бол чөлөөт цагаа өнгөрүүлэх соёл урлагийн төвүүд, үйлчилгээний өнгө үзэмжтэй газрууд их байдаг. Бусдаар бол Баянхонгор, Улаанбаатарын хооронд тийм ч их ялгаатай зүйл байдаггүй. Сүүлийн үед орон сууцжуулах төсөл хэрэгжиж, аймгийн иргэд олноороо орон сууцанд орох болсон.

Авууштай зүйл нь түгжрэл, стресс бага. Өөрөө л цагаа төлөвлөж чадвал өдөрт хэдэн ч ажил амжуулж чадна.

-Монголд хот хөдөөгийн ялгаа их. Хөдөөд ажлын байр ховор, сурч, боловсрох орчин муутай. Танд хөдөө очоод хамгийн түрүүнд азаарсан зүйл юу вэ?

-Залуу хүний хувьд гэвэл дээр хэлсэнчлэн энтертайнмент байдал. Дараагийнх нь хөдөөгийн ажлын байрыг хоттой харьцуулбал бага. Мөн суралцах орчин хангалттай биш учраас залуучууд хот руу явдаг гэж бодож байна. Хотод бол их, дээд сургуулиас гадна гадаад хэл болон бусад сургалтын төвүүд олон. Харин энд сургалтын төвүүдийн хэрэгцээ их байгааг анзаарсан.

Сурч хөгжих төвүүд байхгүйгээс л залуучууд хот руу ихээр явж байгаа гэж дүгнэсэн.

Тэгэхээр аймаг, орон нутгийг хөгжүүлэхдээ хамгийн эхлээд боловсролын салбарт анхаарах нь чухал санагдсан.

"МБС ТӨГСӨГЧДИЙН 80 ХУВЬ НЬ АЖЛЫН БАЙРАНД ГАРДГААС 40 ХУВЬ НЬ МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАДАГ"

-Та Баянхонгор аймгийн МСҮТ-ийг удирдаж байна. Таны мөрөөдөл, зорилго юу вэ?

-МСҮТ саяхан мэргэжлийн боловсролын сургууль болсон. Манай сургуулийн тухайд хосмог хөтөлбөр рүү шилжиж байгаа. Цахим болон танхимаар сургалт хосолж ордог. Нийт гурван мэргэжлээр оюутнууд суралцдаг бөгөөд сургууль маань 11 хүлэмж, нэг сүүний цех, таван га газар талбайг хамарсан хашаатай. Мөн 1000 гаруй модтой. Ер нь дадлага хийх орчин нөхцөл хангалттай бүрдсэн. Ажлын байрны тухайд хоттой харьцуулахад бага. Гэхдээ газар тариалангийн салбар бол хөгжсөн.

Манай мэргэжлийн боловсролын сургуулийн тухайд ойн аж ахуй, газар тариалан, сүү сүүн бүтээгдэхүүний боловсруулалтаар оюутан бэлтгэдэг.

Ихэнх төгсөгчид хувиараа болон хоршоонд элсч ажилладаг. Үүнээс гадна Баянхонгор аймгийн хот тохижуулалтын газарт ихээр ажиллаж байгаа. Суралцагчдын хувьд 18-45 насныхан. Манай сургууль нийт 400 оюутантай.

Бусад аймгуудтай харьцуулахад Баянхонгор жижиг. Тиймээс нийгмийн түншлэл, мэргэжлийн холбоо, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж бодож байна.

-Орон нутгийн боловсролын салбарт тулгамддаг нэг асуудал технологийн шинэчлэл. Цар тахлын үед орон нутгийн хүүхдүүд интернэтгүйгээс цахим хичээлдээ хамрагдаж чадахгүй, үүнээс болоод хоцрогдол үүссэн гэж салбарынхан ярьж байсан. Боловсролын тэгш хүртээмжийг сайжруулахын тулд технологийн дэвшил ашиглах, сургалтыг нь сайжруулах гэх мэт асуудал орон нутагт ямар байна вэ?

-Цар тахлын үеэр анх удаа цахим сургалтад орж байгаа хүмүүс их байсан тул багш, суралцагч нар гэлтгүй бүгд зүдэрч байсан. Онолын хичээлийг цахимаар орох бүрэн боломжтой. Харин дадлага хичээлийг цахимаар орох хүлээн зөвшөөрөгдсөн арга одоогоор олдоогүй.

Миний хувьд ажилтан бэлтгэдэг мэргэжлийн боловсролын сургуульд ажилладаг. Тэр утгаараа багш нар маань төдийгүй оюутнууд ч ажил, хичээлийн байрандаа суралцангаа цалинждаг.

Өөрөөр хэлбэл, одоо манай сургууль хосмог хэлбэрээр хичээл, дадлагаа хослуулдаг учир боломжит давуу тал ихтэй. Цаашид ч хосолсон хэлбэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

-Боловсрол хүн бүрт тэгш олгогдох ёстой. Харамсалтай нь, Монголын боловсролын хүртээмж болон сургалтын орчин тэгш бус байдаг. Тэр тусмаа хот, хөдөөгийн боловсрол асар их ялгаатай?

-Онолын мэдлэгийн хүрээнд мэдээллийн технологийг ашиглах бүрэн боломж байна. Сумдуудаар сүлжээтэй тул интернэт ашиглах ч бүрэн боломжтой. Малчид, газар тариаланчид сүлжээгүй газар буувал технологи ашиглах боломжгүй.

Сүлжээний асуудал гарахгүй л бол технологийн хурдацтай хөгжлийг дагасан шилжилтүүдийг орон нутагт ч хийх боломжтой.

Сүүлд гэхэд старлинк Монголд ороод ирлээ. Ингэснээр бид дутагдалтай сүлжээний асуудлыг шийдэх гарцтай болсон. Цаашлаад томоор харвал мал аж ахуй эрхэлдэг хүмүүс Google map, бусад программ хангамжийг ашиглаад малаа харах дэвшил харагдаж байна. Технологи орохгүй салбар гэж одоо байхгүй болсон. Цагийн эрхээр цааш хөгжих байх.

-Ерөнхий боловсролын сургуулийг бодвол та мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх салбар удирдаж байна. Зах зээл дээр эрэлттэй ажлын байрны боловсон хүчнийг бэлтгэж байна. Танай төгсөгчид төгсөөд шууд ажлын байраар хангагдах, эрэлт, нийлүүлэлтээ хангаж чадаж байна уу?

-2020-2023 оны төгсөгч нараас 80 хувь нь ажлын байранд гарсан. Тэдгээрээс тал нь мэргэжлээрээ, үлдсэн хэсэг нь өөр чиглэлд ажиллаж байгаа. Энэ нь манай салбарын мэргэжлийн тухайд ажлын байр түгээмэл биш байгаатай холбоотой. Хэдийгээр хувиараа ойжуулалт, газар тариалан эрхэлж байгаа хүмүүс байгаа ч байгууллагад ажиллаад явъя гэхээр ховор.

Манай сургууль хөдөө аж ахуйн салбарын бусад төрлийн мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн анги нэмэх сонирхол, төлөвлөгөө бол байгаа.

Гэхдээ хүн бүр суралцаж төгссөн мэргэжлээрээ заавал сурах албагүй шүү дээ.

-Нөгөө талд эрэлттэй мэргэжлээр суралцсан ч мэргэжлээрээ ажиллахгүй байх, цаашид сурч хөгжих сонирхолтой хүүхдүүд олон учраас мэргэжилтэй боловсон хүчний дутагдал хэвээрээ байгаад байх шиг. Та үүнийг юу гэж дүгнэж, харж байна вэ?

-Боловсролыг ашигтай байлгахын тулд заавал ажиллах шаардлага байхгүй гэж бодож байна. Мэдлэг хүнд илүүдэхгүй. Ажиллах, ажиллахгүй нь хувь хүний л сонголт.

Боловсролыг ашигтай байлгах гол хүртээмж нь суралцагч сурсан мэдлэгээ цааш нь түгээж, бусдад илүү хүргэж, таниулж байвал боловсролын байгууллага зорилгоо биелүүлсэн гэсэн үг.

Түүнээс суралцагч мэргэжлээрээ ажиллахгүй байна гэдэг огт асуудал биш.

"БИД ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ УЛСУУДААС СУРАЛЦАХ ШААРДЛАГАТАЙ"

-Сүүлийн үед залуучууд олноор гадаад руу явахыг хүсэх болсон. Үүний шалтгааныг залуу хүний хувьд юу гэж харж, дүгнэх вэ?

-Монгол Улс хөгжиж байгаа орон. Боловсрол, мэдлэгийн хувьд өндөр хөгжилтэй орнуудаас дутуу зүйл мэдээж их бий. Бид өндөр хөгжилтэй улсуудаас суралцах зайлшгүй хэрэгцээ шаардлагатай.

Монгол халамж ихтэй орон. Тиймээс залуучууд гадаад руу олноор явж өөрсдөө аялж, судалж, суралцахыг илүүд үздэг гэж бодож байна.

Боловсрол, цалин, амьдрах орчин нөхцөл гээд ялгаатай байдлыг хүн залуу байгаа дээрээ л таньж мэдэх нь зөв санагддаг. Залуучуудыг эх оронд нь үлдээх хамгийн гол аргумент бол сурч хөгжих боломжийг нэмж, дэмжих.

Хөдөө гэхээр л халтар, шороондоо баригдсан, хот гэхээр л гадаа гараад шороотой гудамж, түгжрэлтэй орчин гэж ярьдаг. Бидний амьдарч байгаа орчин нөхцөлийг бид өөрсдөө л хөгжүүлнэ. Тиймээс мэдлэг боловсрол, сэтгэхүй талаас нь эхлээд хөгжүүлэх хэрэгтэй. Үүний дараагаар улс орныхоо хөгжлийг жинхэнэ утгаар нь хийж чадах байх.

-Мэргэжилтэй боловсон хүчин, нийгмийн эрэлт хэрэгцээгээ дагасан боловсролын үйлчилгээг бид бүх шатанд олгож чадахгүй байна уу. Ялангуяа их сургуульд мэргэжил эзэмшээд мэргэжлээрээ ажиллахгүй байгаа нь салбарын бодлоготой холбоотой байна уу, хувь хүнтэй холбоотой байна уу?

-Салбарын бодлого, хувь хүн аль аль талаасаа л хамааралтай. Дан ганц аль нэг талд бурууг хамаатуулах боломжгүй.

-Таныг инженер мэргэжилтэй учраас сонирхож байгаа юм шүү. Бурхан хүнийг, бусдыг нь инженерүүд бүтээсэн гэдэг үг ч байдаг. Инженерүүд олноор бэлтгэсэн улс орнуудын хөгжил өөр байдаг. Монголд инженер бэлтгэдэг сургуулиуд цөөн суралцагч нь цөөн судалгаа байдаг. Инженерүүд, шинжлэх ухаан гэх мэт салбарын хүний нөөцийг бэлтгэхийн тулд юуг өөрчилж, анхаарах ёстой бол?

-Уг нь монгол хүмүүс өндөр потенциалтай хүмүүс. Монгол Улсын соёл, уламжлалууд шинжлэх ухаантай уялдаа холбоотой байдаг. Сургуулиудад шинжлэх ухааны сэдэвтэй хичээлүүдийг онол талаас нь их тайлбарладаг, гэвч энэ нь сурагч нарт уйтгартай. Яагаад гэхээр практик талын хичээл цөөнтэй холбоотой. Анхны сэтгэгдэл их чухал. Бенжамин Франклиний алдарт үг байдаг. Надад хэлвэл би мартана, надад заавал би санаж магадгүй, намайг оролцуулвал би сурна гэж.

Би өөрөө Монголд инженерээр сураагүй учраас яг орчин нөхцөл, бодит байдлын талаар дүгнэж мэдэхгүй.

Гэхдээ миний хувийн бодлоор инжерийн чиглэл хөгжихгүй байгаа нь сургуулиуд шинжлэх ухааны сэдэвтэй хичээлийг төсөөлөлгүй орж байгаатай холбоотой. Тиймээс практикт тулгуурласан мэдлэгийг сургуулиуд хөтөлбөртөө тусгах нь зүйтэй болов уу.

-Орон нутагт ирээд ажиллаж, амьдрахаар тулгамдаж байгаа асуудлыг яаж шийдэх, яаж өөрчлөх, хот, хөдөөгийн ялгааг арилгах, сайхан амьдрах ямар боломж, гарц шийдэл харагдаж байна вэ?

-Хот, хөдөөгийн ялгааг арилгахын тулд хүний хөгжлийг дэмжих хэрэгтэй. Хувь хүний ур чадвар, сэтгэхүй, болон амьдрах нөхцөлийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Амьдрах орчныг тухайн газарт амьдарж байгаа хүн л өөрчилж чадна.

-"Ажил олдохгүй байна" гээд суухгүйгээр орон нутагт ирээд ажиллаж байгааг тань сонсоод ярилцах хүсэл төрсөн. Энэ саналыг маань хүлээж авсанд баярлалаа. Эцэст нь сонирхоход, орон нутагт ирээд шантрах, буцах, ер нь больё гэсэн бодол төрж байв уу?

-Хотод ажлын байр олдох боломжтой. Үнэнийг хэлэхэд орон нутагт ирээд эхэндээ халширч "болъё доо" гэх бодол төрж байсан. Ирээдүйд ч шантрах үе гарах байх. Гэхдээ бүх асуудалд гаргалгаа бий. Тэгэхээр асуудал гарлаа гэхэд шийдэх арга замыг олох нь л чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж