Эс,эд эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын дөрөвдүгээр хурал тавдугаар сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн хуралд 10 гаруй орны 20 зочин профессор болон манай улсын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна. Хурлаар эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний одоогийн үр дүнг тооцох, шинэ дэвшилтэт технологи, инновацыг хэрхэн нэвтрүүлэх, судалгаа шинжилгээг үргэлжлүүлэн шинэ түвшинд хүргэх талаар хэлэлцэж байгаа аж. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хурлыг анх 2015 онд Монголын эрхтэн шилжүүлэн суулгах холбоо санаачлан зохион байгуулсан байна. Түүнээс хойш Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөр, элэг, үүдэл эс шилжүүлэн суулгах баг хамтран гурван удаа зохион байгуулжээ.
Манай улс анагаахын шинжлэх ухааны шинэ дэвшилтэд технологи болох эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг 1996 оноос нэвтрүүлж эхэлжээ. Улмаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2006 оноос бөөр, 2011 оноос элэг, 2014 оноос ясны чөмөг,цусны үүдэл эс шилжүүлэн суулгаж эхэлсэн. Мөн хавдар судлалын үндэсний төв 2018 оноос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг эхлүүлжээ. Түүнчлэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн байна. Цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал, аллоген донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ, тархины үхэлтэй донороос элэг, бөөр, шөрмөс, ясны бүрдэл хэсэг шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлж нутагшуулах ажлуудыг амжилттай хийж байгаа ажээ.
ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, гавьяат эмч П.Батчулуун: "Олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар, Монгол улс эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийж байгаа 93 орноос 41-42 дугаар байрт жагсаж байна. Эмчилгээний үр дүнгийн хувьд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай эн чацуу, ерөнхий дунджаас дээгүүрт явж байгаа. Цаашид энэхүү эмчилгээг удирдан чиглүүлж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг хэрэгцээ шаардлага өдөр тутамдаа нэмэгдэж байгаа. Тиймээс санхүүжилтийг тогтмол нэмж байх нь зүйтэй гэв. Мөн УИХ-д өргөн бариад буй Эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл батлагдсанаар хууль, эрх зүйн хувьд дэвшил гарна гэж үзэж байгаагаа хэллээ.
Холбоотой мэдээ