Загвар өмсөгч О.Билгүүн ХҮН намд өнгөрсөн 2023 оны есдүгээр сард элсч тус намын дэд дарга болсон. Тэгвэл ёсоёл урлагийн салбарын төлөөлөл тэрбээр энэ жил ХҮН намын сонгуулийг өнгөлөх нэр дэвшигч болжээ.
Тодруулбал, загвар өмсөгч О.Билгүүн ХҮН намаас УИХ-ын нэгдүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангайн бүсэд нэр дэвших юм.
Нэгэн цагт "Гэрэлт гудамж" төслийг санаачлан хэрэгжүүлж байсан тэрбээр гудамжны хоол үйлдвэрлэлийн салбарт чамгүй хөрөнгө оруулсан нэгэн.
"ЖЕТ СКҮҮТЕР"-ИЙГ ЭЗЭН, МАГНАЙ ТРЕЙДИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ Г.ДАШНЯМ
Улаанбаатарын түгжрэлийг бууруулах зорилго дор өнгөрсөн хавар "Jet Sharing Mongolia" ХХК санаачлан "Ninebot" брэндийн 3075 скүүтерийг худалдан авч, нийслэлийн иргэдэд түрээсийн үйлчилгээ үзүүлсэн билээ. Тус үйлчилгээг Монголд санаачлан нэвтрүүлсэн хүн бол Г.Дашням.
Тэрбээр МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч юм.
Улс төр, бизнеийн хүрээнийхэн "Магнай трейд", "Жи Мобайл" зэрэг томоохон бизнесмений хүү гэдгээр нь андахгүй. Бизгнесийн салбарынхан улс төрд "урвадаг" жишгийн дагуу тэр энэ удаагийн УИХ-д дэвшинэ. Түүний аав нь Хэнтий аймгийн гаралтай бөгөөд энэ удаагийн сонгуульд Н.Учрал түүнийг хөтлөн УИХ-ын 10-р тойрогт нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт горилж байна.
НАМАА СОНГОСОН Т.БАТ-ОРГИЛ ДАХИН ӨРСӨЛДӨНӨ
Зургадугаар тойрог буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатарт жүжигчин Н.Сувд гуайн хүү Т.Бат-Оргил Үндэсний эвслээс нэр дэвшинэ. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар тэрбээр 29-р тойрог Хан-Уулд бие даан нэр дэвшиж байсан юм.
Эрхзүйч мэргэжилтэй түүний энэ удаагийн сонгол Үндэсний эвсэл байсан бөгөөд тэрбээр саяхан тус эвсэлд нэгдсэн байна.
Энэ удаагийн сонгуульд түүний нэр дэвшиж буй тойрог өнгөрсөн удаагийн сонгууль шиг хүчтэй байгаа тухай хүмүүс бичжээ.
Н.БАТСУУРЬ АВАРГЫН ЭГЧ ХҮН НАМЫГ СОНГОЖЭЭ
Увс аймгийн Ховд сумын харьяат, Монгол Улсын 23 дахь аварга Н.Батсуурийн төрсөн эгч Н.Энхчимэг УИХ-ын сонгуульд Үндэсний эвслээс нэр дэвшиж байна.
Тэрбээр өмнө нь ХҮН намын гишүүн байсан бөгөөд өөрийн хүсэлтээр тус намаас гарах хүсэлтээ хүргүүлж байсан нэгэн.
Н.Энхчимэг нь Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бизнесийн удирдлагын бакалавр, Сиднейн их сургуулийн Олон улсын бизнесийн магистр бөгөөд Дэлхийн банкны Боловсролын чанарын шинэчлэл төсөлд санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай аж. Мөн "Basu" брэндийн үүсгэн байгуулагч юм. Тэрбээр Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуульд шинэхэн Үндэсний эвслээс Баянгол дүүрэгт нэр дэвшихээр болжээ.
"ЭКСКЛЮЗИВ"-ИЙН Г.МАЙЦЭЦЭГ СХД-Т ХҮН НАМЫГ ТӨЛӨӨЛНӨ
Монголдоо үйлдвэрлэл эрхэлж байгаа бизнесийнхний дуу хоолой гэгддэг "Эксклюзив" ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг энэ удаагийн сонгуульд ХҮН намаас тойрогт нэр дэвшинэ. ХҮН намаас арван нэгдүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт түүнээс гадна Ш.Отгонтуяа,Ж.Төмөрхуяг,Г.Батзориг, Ч.Баярсайхан нар нэр дэвших юм.
ХҮН нам 50/50 хөтөлбөрийнхөө хүрээнд салбар бүрийн эмэгтэйчүүдийг гишүүнчлэлээр элсүүлж байгаагаа зарласан. Тэдний дунд "Монголд бид үйлдвэрлэв" ТББ-ын тэргүүн, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг багтсан билээ.Г.Майцэцэг нь МАН-ын гишүүн байсан бөгөөд 2017 онд МАН-ын даргад нэр дэвшиж байсан юм.
ХҮН намд элсэх үеэрээ Г.Майцэцэг: "ХҮН намыг яагаад сонгосон бэ? гэхээр ХҮН нам огт попордоггүй нам, бодит боломж ярьдаг нам. Нам сонгоно гэдэг нөхөр сонгох шиг сонголт байлаа. ХҮН шиг амьдралыг Монголдоо цогцлоохын төлөө ХҮН намд элслээ" гэж байв.
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ О.СИЙЛЭГМАА ХҮН НАМЫН ЖАГСААЛТАД БАГТАВ
ХҮН намаас УИХ-ын ээлжит сонгуульд салбар салбарын төлөөлөл нэр дэвшихээр багтсан. Тэдний дунд Боловсролын зээлийн сангийн талаар шүгэл үлээгч О.Сийлэгмаа байгаа. Түүний хувьд Боловсролын зээлийн сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд эрх мэдэл, албан тушаалаа урвулан ашиглаж тус сангаас зээл авсан хүмүүсийн асуудлыг илчилсэн. Улмаар цагдаагийн байгууллагад шалгагдаж, хамгаалалт хүртэл авч байсан билээ. Тус сантай холбоотой хэргийн мөрдөн шалгалт одоог хүртэл дуусаагүй байгаа.
Ямартай ч боловсролын зээлийн сангийн асуудлаар шүгэл үлээсэн нь нийгэмд түүнийг таниулсан.
Энэ удаа тэрбээр анх удаа сонгуульд нэр дэвшиж байгаа бөгөөд ХҮН намын жагсаалтын 16-рт бичигдсэн юм.
Холбоотой мэдээ