Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 2014 оноос хойш Улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах мэс заслын багтай хамтран хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээг хийж байгаа. Өнөөдрийг хүртэл нийт есөн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал, мэс заслын дараах эмчилгээ сувилгааг амжилттай хийжээ.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэс заслын тасгийн эрхлэгч Л.ГАНБАЯР:
-Монгол Улсад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээг амжилттай хийж байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Өмнөд Солонгосын "Асан" эмнэлэгтэй хамтран анх 2014 оны хоёрдугаар сарын 22-нд хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн. Үүнээс хойш нийт есөн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн. Бүх эмчилгээ амжилттай сайн болсон.
Амьд донороос хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан. Донорыг сонгохдоо донорын хуулийн дагуу аав ээж, ах дүү, асран хамгаалагчаас донор болох хүнийг сонгож элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн.
Хамгийн чухал нь мэс заслын дараах эмчилгээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв тусдаа эрхтэн шилжүүлэн суулгасны дараах эрчимт эмчилгээний тасаг байгуулсан. Үүнд хүүхдийн сувилгаа, эрчимт эмчилгээ, унтуулга, өвдөлт намдаах гэсэн чиглэлээр багууд ажиллаж байгаа. хүүхдэд эрхтэн шилжүүлэх мэс засал маш онцлогтой. Нэгдүгээрт нийт 80-аад хүний бүрэлдэхүүнтэй хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах тэр дундаа элэг шилжүүлэн суулгах баг бий. Мэс заслаас гадна сувилахуй, хооллолт, эрчимт эмчилгээ зэрэг чиглэлээр багууд ажилладаг. Багийн ажиллагаа дээр уг мэс засал, эмчилгээ амжилттай болох үндэс бий болдог. Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй Улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах мэс заслын баг хамтран ажилладаг.
Эрхтэн шилжүүлэн суулгах үеийн болон суулгасны дараах сувилахуйн сувилагчийн хүний нөөц тулгамдсан асуудал болоод байна.
Эрхтэн суулгах эрчимт эмчилгээний сувилагч нарын тоог нэмэх нэн шаардлагатай байгаа. элэг шилжүүлэн суулгахаас гадна бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах бэлтгэл ажил дууссан. Удахгүй хүүхдэд бөөр болон ясны чөмөг шилжүүлэн суулгана.
Холбоотой мэдээ