"Гоожингийн өндөр" Улаанбаатар хотын музейн өмч болох уу?

Хуучирсан мэдээ: 2024.05.24-нд нийтлэгдсэн

"Гоожингийн өндөр" Улаанбаатар хотын музейн өмч болох уу?

"Гоожингийн өндөр" Улаанбаатар хотын музейн өмч болох уу?

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан "Гоожингийн өндөр"-ийг нийслэлийн мэдэлд буцаан авах, сэргээн засварлах, хамгаалах маргаан дуусаагүй байна. Хоёр жилийн өмнө шүүх дээр маргалдаж, ямар нэгэн шийдвэр гаргаж чадалгүй нам жим болсон.

Тухайн газрын эздийн зүгээс 900 сая төгрөгөөр үнэлж байгаа бол нийслэлийн албаныхан 400 саяар худалдан авах санал тавьж байв. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тус байшинг Улаанбаатар хотын нэр дээр шилжүүлж, хамгаалалтад авахаар хөөцөлдөж байгаа гэдгийг хэлж байгаа юм.

Ад шоо үзэгдсэн энэ "балгас"-ыг нэн даруй авран хамгаалах шаардлагатайг судлаачид хэлж сануулсаар л байгаа. Хотын дарга асан Д.Сумъяабазар /2021.12.29/ түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамж гаргаж буйгаа зарлаж шоудсанаас хойш гурван жил өнгөрчээ. Мөн хувийн эзэмшилд очсон газар эзэмших эрхийг нь цуцалж, шүүхээр түүхэн барилгын үнэлгээг эцэслэн тогтоохоор болсон ч ажил хэрэг болсонгүй.

Хамгийн сүүлд 2013 оны нэгдүгээр сард иргэн н.Үеэлэнгээс 521 мкв, хувийн орон сууцны зориулалттай “Гоожингийн өндөр”-ийг Б.Мөнх-Эрдэнэ гэх иргэн худалдан авч, эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулжээ.

Нийслэлийн Засаг даргын зөвлөх асан  Д.Мөнх-Эрдэнэ өмнө ярихдаа “Гоожингийн өндөр” барилгын өмчлөлийн асуудлыг судалж, тогтоохоор нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүх хурал нь түр хойшилсон. Бидний зүгээс шүүхийн шийдвэрээ дагана. Тухайн газрын эзэд харилцан тохиролцох санал тавьсан. Хотын дарга Д.Сумъяабазар шинэ оны босгон дээр /2021.12.29/ түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамж гаргасан. Уг шийдвэрийн дагуу Ерөнхий сайд асан Т.Намнансүрэнгийн гэр музей болгон тохижуулах судалгаа хийж, зураг төсөл нь бэлэн болсон. Бид тухайн газар дээрээ музей болгон тохижуулах хатуу байр суурьтай байгаа. Түүхэн дурсгалт барилгын газар нь түүхтэй учраас миний хувьд нүүлгэн шилжүүлэхгүй гэж бодож буй. Газрын эздийн зүгээс байшингаа аваад, газраа өгчих гэдэг санал тавьсан. Бид зөвшөөрөөгүй. Хэрвээ тэрбум төгрөг нэхэмжлэх юм бол шүүхийн шатанд шинжээч томилж, ажиллана. Хэрвээ тухайн газар дээр одоогийн барилгыг музей болгон сэргээн засварлавал мэргэжлийн сэргээн засварлагчидтай хамтран ажиллана. "Гоожингийн өндөр" барилгын 1988 онд сэргээн засварлах анхны зураг төслийг хийж байсан. Тэр үед зураг төсөл нь бидэнд бий" гэдгийг хэлж байсан.

"Гоожингийн өндөр"-ийг 1992 онд нийслэлийн өмчид шилжүүлэх тушаалыг тухайн үеийн Эдийн засгийн коллежийн захирал Р.Амаржаргал гаргаж байсан. Уг тушаалд 58500 төгрөгийн үнэтэй "Гоожингийн өндөр" гэх есөн айлын хоёр давхар сууцыг актлан, данснаас хасч, түүхийн дурсгалт барилгын хувьд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй гэжээ. Гэвч нийслэлийн удирдлагууд тухайн үед өмчөөр бүртгэж аваагүй. Одоо газар эзэмшигчдийн зүгээс тэрбум төгрөгөөр газрыг үнэлж буй юм.

"1988 ОНД “ГООЖИНГИЙН ӨНДӨР”-ИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ЗУРГИЙГ ГАРГАСАН"

Архитектор Г.НЯМЦОГТ:

-Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газрыг 1973 оноос байгуулсан түүхтэй. Хэрэв өдий хүртэл ажилласан бол үйл ажиллагаа нь цэгцэрчихсэн, олон улсын түвшинд хүрчихсэн байх байлаа. Гэвч 1993 хувьчлагдаж, үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Тус газар түүх соёлын дурсгалт барилгын бүх зураг төслийг хийж батлуулаад, сэргээн засварлалтын ажлыг хийдэг байсан. Дотроо мужааны цех, керамик үйлдвэр гээд сэргээн засварлалтын бүх төрөл багтдаг байв. Тэндээс төрөн гарсан доктор цолтой мэргэжилтэн олон бий. Одоо энэ газар ажиллаж байсан мэргэжилтнүүд ахмад настан болж, цөөн үлджээ.

Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газар байх үед улсаас бодлогоор өв соёлын дурсгалт барилгуудыг ээлж дараагаар нь сэргээн засахаар ажиллаж байсан. “Гоожингийн өндөр” барилгын ойролцоо Улаанбаатар хотын музей, Г.Дэмид жанжны байшин, төмрийн завод гэх мэт түүх соёлын дурсгалт барилга олон бий. Тэр дундаас 1988 онд “Гоожингийн өндөр”-т судалгаа хийж, сэргээн засварлалтын ажлын зургийг нь хүртэл хийсэн. Харамсалтай нь, газар нь хувьчлагдсаны улмаас энэ бүх ажил цаасан дээр л үлдсэн дээ гэдгийг хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж