Евро-2 хөдөлгүүртэй автобусанд Евро-5 шошго нааж, хуучныг шинэ болгон нийслэлчүүдээ хулхидах гээд бараагүй эрх баригчдын ээлжит нэгэн хулгайн “паян”-г УИХ-аас байгуулагдсан Түр хороо өнгөрсөн долоо хоногт хэлэлцэв.
Сонгуульд нэр дэвшигчид тодорсон дуулиан шуугиантай үеийг ашиглан сонсголыг зохион байгуулсан нь хулгайг олны анхааралд оруулахгүй байх гэсэн “тактик” болов. Гэхдээ олон нийт хулгайг ямар схемээр зохион байгуулсныг мэдэж авлаа. Товчхондоо нүүрсний хулгайтай яг ижил схемээр цавчаа ногооны хулгай явсан нь тодорхой болов.
Одоогоос хоёр жилийн өмнө 40 их наядын хохиролтой нүүрсний хэрэг мандахад оффтейк гэрээгээр дамжуулж, эрх баригчид тэр их хулгайг хийсэн болж таарсан. Эдүгээ энэ хэрэгтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан нарын 10 орчим хүн шүүхээс ял сонсон эдэлж байна. Шүүх хурлын товыг тогтоохоор урьдчилсан хэлэлцүүлэг болох бүрд Б.Ганхуяг том дуугарч, “Би даалгавар л биелүүлсэн албан тушаалтан” гэх үгийг олон нийтэд хаяглаж зогссон нь жинхэнэ том хулгайч нарыг нь хуулийнхан шалгасангүй гэх хардлагад хөтөлсөн.
Уг нь Б.Ганхуяг нүүрсний сонсголд биечлэн оролцох боломжтойгоо илэрхийлсэн ч нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхээс “Сонсголд оролцуулах боломжгүй” гэдэг тайлбар өгснөөр даалгавар авч ажил гүйцэтгэсэн хүний үгийг ард иргэд сонсох боломжгүй болсон.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд шинэ автобус нийлүүлэх үүрэг хүлээсэн “Тэнүүн огоо” компанийг үүсгэн байгуулагч А.Ганхуяг мөн л энэхүү сонсголд оролцох хүсэлтийг илэрхийлсэн ч Чингэлтэй дүүргийн шүүхээс хүлээн зөвшөөрөөгүй.
Хуучин автобус оруулж ирчихээд шинэ гэж жишим ч үгүй тайлбар хийж зогсоход Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазарыг Түр хорооноос сонсголд гэрчээр оролцох хүсэлтийг илгээсэн ч ирээгүй нь нийтийн тээвэрт эзэн суусан мафийнхнаа нэртэй, устай нь зарлахыг хүссэнгүй гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй биз. Учир нь, Улаанбаатар хотын экс захирагч Д.Сумъяабазар телевизийн ярилцлагад орохдоо “Нийтийн тээврийн салбарт микробус орж ирсэн үеэс мафижих ажиллагаа эхэлсэн” гэдэг зүйлийг ярьсан нь дэгсдүүлэг гэж хүлээн авах нь өрөөсгөл. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ч уг албыг авсныхаа дараа мафижсан бүлэглэлтэй тэмцэнэ гэж мэдэгдэж байв. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангах нэрийн дор төрөөс мөнгөжиж ирсэн бүлэглэлийнхний хэргийг эрх баригчид энэ удаад сонсголоор дамжуулж, олон нийтэд ил болгохыг хүссэнгүй, сонсгол хийсэн нэр зүүж илсэн нь сонгууль бодсон улс төр гэхээс илүү бүлэглэлдээ барьцаалагдав уу гэх хардлагад ч хөтөлж буй.
Үүний цаана жинхэнэ хэрэгтнүүд нь үлдэж, харин даалгавар гүйцэтгэсэн нь шүүхээр орж, ял сонсч мэдэхээр байна.
“Тэнүүн огоо” компани нь 2023 оны наймдугаар сард "Daewoo BS106" загварын, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 20 ширхэг автобус оруулж ирсэн байдаг. Гэвч эдгээр нь найман үзүүлэлтээр тэнцээгүй.
Энэ асуудлыг автобус хүлээлцэх ажлын хэсгийнхэн дээд удирдлагадаа хэлж, хүлээн авах боломжгүй гэдгээ танилцуулсан. Харин удирдлагууд нь “Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу есдүгээр сарын 1-н гэхэд графикийн дагуу автобуснууд орж ирсэн байх ёстой. Дараагийн автобуснуудыг авахад санхүүжилт гацах нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс эхний ээлжинд ирсэн автобуснуудыг байгаагаар нь хүлээгээд авчих. "Тэнүүн-Огоо" компаниас дараагийн автобус ирэхэд ажлын даалгавар дээр байгаа техникийн нөхцөл үзүүлэлтүүд нь шаардлага хангасан автобуснуудыг нийлүүлнэ” гэжээ.
Дээрх чиглэлийн дагуу Нийслэлийн тээврийн газраас байгуулагдсан, Б.Мөнхболд даргатай автобус хүлээлцэх ажлын хэсгийн 15 гишүүн бүгд гарын үсэг зурснаар дараагийн 100 автобус орж ирсэн байдаг.
Шинжээчийн дүгнэлтээр “Тэнүүн огоо” компанийн Вьетнам улсаас оруулж ирсэн 100 ширхэг дунд оврын багтаамжтай автобуснаас 99 нь стандартын шаардлага хангаагүй. Ингэхдээ 94 автобус нь гэрлээрээ тэнцээгүй бол 71 автобус нь утааны үзүүлэлтээр тэнцээгүй. Мөн найман автобус тормозны үзүүлэлтээр тэнцээгүй. “Тэнүүн огоо” компанийн захиалгаар дээрх автобусыг Монгол руу оруулж ирсэн тээвэр зуучийн компани нь “Хуучин автобусыг тээвэрлэн оруулж ирж байна” гэдэг албан бичгийг хүргүүлж байсан. Гэвч гаалийн байгууллага дээрх автобусыг хилээр нэвтрүүлэхдээ “Шинэ” гэж үзэн, хилээр нэвтрүүлсэн. Ингэснээр 5.6 тэрбум төгрөгийн гаалийн татвараас чөлөөлөгджээ.
Нүүрсний хулгайг хийхэд хил гаалиасаа эхлээд тагнуул, цагдаагийнхан ч оролцсон гэдэг бол ногоон автобусны цавчаанд дээрх нэр дурдсан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн чирэгдэх болж буй.
Учир нь тэд шаардлага хангахгүй автобус оруулж ирснийг шалгалтаар мэдсэн хэрнээ хэн нь ч “Хүлээн авах боломжгүй” гэж татгалзаж гарын үсэг зураагүй. Дээрээс дарга нар чиглэл өгсний дагуу гарын үсэг зурсан гэдэг тайлбар хийж буй.
Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяазар эл асуудлаас болж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх үеэрээ “Би энэхүү худалдан авалтад оролцоогүй. Надаас өмнө автобус худалдан авалтыг шийдсэн байсан” гэж бухсан. Харин Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд асан Ж.Сүхбаатар “Би зөвхөн автобус худалдан авах төсвийг нь л шийдэж өгсөн. Худалдан авалтыг нийслэл хариуцсан” гэдэг.
Хэрэг шүүхээр хэлэлцэгдэхэд эцсийн дүндээ “но”-той автобус гэдгийг мэдсээр байж гарын үсэг зурсан гэдгээр дээрх ажлын хэсгийн гишүүд буруудахаар байгаа юм. Харин дарга нар нь “Гарын үсэг зураагүй, би мэдэхгүй” гэдгээр доод тушаалынхныхаа зааж, хэргээс мултрах болж буй.
Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх хүрээнд улсын төсвөөс “Тэнүүн огоо” компанид 134.6 тэрбум төгрөг олгожээ. Үүний 111 тэрбум төгрөгийг “Тэнүүн огоо” компани нь гадаадын нийлүүлэгч компаниудад шилжүүлсэн байдаг аж.
Шаардлага хангахгүй автобус нийлүүлэгдсэн нь тодорхой болсноор хилээр орж ирсэн 100 автобусыг нийслэл “Тэнүүн огоо” компани руу буцааж, төсвөөс шилжүүлсэн 111 тэрбум төгрөгийн хохирлоо барагдуулах зорилгоор тус компанийн үл хөдлөх хөрөнгүүдийг нийслэлийн өмчид шилжүүлэн авахаар болсон. Үл хөдлөх хөрөнгийг 75.3 тэрбум төгрөгөөр үнэлсэн бөгөөд зөрүүнд нь мөн хөрөнгө барьцаалж байна.
Г.ХОРОЛ