Улсын Их Хурлаар 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр "Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай" анхдагч хуулийг баталсан. Тус хуулийг олон нийт, аж ахуй нэгж, албан байгууллагуудад таниулан сурталчлах зорилгоор “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд өчигдөр /2024.05.22/ зохион байгууллаа.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлэхдээ “Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин буюу сэргийлж болох өвчлөл, нас баралт эзэлж байна. Тиймээс аливаа өвчний талаарх тандалт сэргийлэлтийн судалгаа хийх, иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэх, иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв дадал төлөвшүүлэх зорилгоор энэ жилийг ЭМЯ-наас “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгааг хийх, иргэдийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэнэ. Монгол Улсын Үндсэн хуульд, “Эрүүл мэндээ хамгаалах нь иргэн хүний журамт үүрэг мөн” гэсэн заалт бий. Үүнийг төр, иргэний нийгмийн байгууллага, эмч ч ярьдаггүй. Таны эрүүл мэндийг эмч, эрүүл мэндийн байгууллага хариуцна гэж олон жил ярьж байна. Энэ хандлагыг өөрчлөхөд Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хийх ажлууд эерэг нөлөө үзүүлнэ“ гэлээ.
Өдөрлөгийн үеэр Эрүүл мэндийн яам, түүний харьяа байгууллага, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар артерийн даралт болон цусан дахь сахар хэмжих, хоол зүй, шим тэжээлийн зөвлөгөө өгөх, биеийн бүтэц, найрлага тодорхойлох зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлж ажиллажээ.
Дэлхий нийтэд жил бүр 41 сая хүн халдварт бус өвчний улмаас нас барж нийт нас баралтын шалтгааны 74 хувийг эзэлж байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварт бус өвчлөлөөс сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй бол 2030 он гэхэд нас баралтын тоо 52 саяд хүрэх тооцооллыг гаргасан байна.
Гэрэл зургийг О.Болорсувд
Холбоотой мэдээ