Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих төслийн нээлт өнөөдөр /2024.05.22/ боллоо. Төслийг Орбис олон улсын байгууллага болон Боловсролын ерөнхий газар хамтран хэрэгжүүлж байна. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих төслийн гол зорилго нь хүүхдийн харааны урьдчилан сэргийлэх үзлэгийн шинэ аргыг нэвтрүүлж, сургууль цэцэрлэгт түшиглэсэн хүүхдийн нүдний эрүүл мэндийн тогтолцоог үүсгэхэд шаардагдах чадавхыг бий болгох юм.
Үүний хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул, Багануур дүүрэг болон Архангай, Дорноговь, Дархан-Уул, Дундговь, Завхан болон Төв аймгийн 33 сургууль цэцэрлэгийн 221 эмч, багш, нийгмийн ажилтанд хараа шалгах чадавхыг эзэмшүүлэхээс гадна нийт 37400 хүүхдийг харааны үзлэгт хамруулахаар төлөвлөжээ. Төсөл 2024-2027 он хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжинэ.
Орбис олон улсын байгууллагын алдарт Нүдний нисдэг эмнэлэг анх 1989 онд Монгол улсад айлчилж байсан ба түүнээс хойш найман удаагийн айлчлал хийжээ. Түүнчлэн 2021 оноос Монгол Улсад салбар нээж нүдний тусламж үйлчилгээг сайжруулах олон төслүүдийг ЭХЭМҮТ, Гуравдугаар эмнэлэг болон аймгуудын нэгдсэн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж хэрэгжүүлж иржээ. Төслийн нээлтэд Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Прожект Орбис интернэйшнл олон улсын байгууллагын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Дорис Мачариа, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир болон, Прожект Орбис интернэйшнл олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Ч.Чимгээ нар оролцлоо.
Холбоотой мэдээ