Ардчилсан намын гишүүн Д.Сосорбарамаас цаг үеийн зарим мэдээллийг тодрууллаа.
-Танай нам нэгдэж эвлэсэн, ойлголцсон гэж мэдээлж байсан. Гэтэл саяны /2024.05.20/ Үндэсний бодлогын хорооны хурлаар ойлголцолд хүрээгүй харагдаж байна. Үүнийг та юу гэж дүгнэх вэ?
-Миний бачимдаж байгаа зүйл юу вэ? гэхээр ардчилал буюу эрх чөлөөг АН-аар нь устгах нөхцөлдсөн тохиолдол. Тодруулбал, үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын тусгаар тогтносон байдалд заналхийлсэн үйл явдал АН-д болж байна.
Үүнийг гүйцэтгэн биелүүлж байгаа хүн нь Халтмаагийн Баттулга. Энэ хүн намын гишүүнчлэлээ сэргээгүй, Үндэсний бодлогын хорооны гишүүн биш. Би баримттай ярьна.
АН-д байраа сольж улс төрд ордог хүмүүс их шургалах юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан, "Эрдэнэс тавантолгой" ХК-д том алба хашиж байсан Г.Дэнзэн гэж хүн бий. Н.Алтанхуягийн хүргэн. Би хурал дээр хүргэнээс нь асуусан. Н.Алтанхуяг гэдэг хүн нэр дэвших боломжтой юу гэхэд "боломжгүй, яагаад гэвэл үндэсний бодлогын хорооны гишүүн биш". Бие дааж дэвшсэн учраас АН-ын гишүүн мөн биш нь ч эргэлзээтэй учраас дэвшихгүй гэсэн. Мөн босоо гэгддэг С.Ганбаатар. Энэ хүн намын гишүүнээ баталгаажуулсан эсэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ ҮБХ-ны гишүүн биш учир нэр дэвших эрхгүй. Энэ гурван хүнийг баталгаатай нэрлэж, нэр дэвшихгүй гэдгийг хурлаар мэдэгдсэн.
Эдгээрээс гадна сэтгүүлч Л.Мөнхбаясгалан байна. Намын гишүүн биш, жигтэйхэн цензургүй хүн АН-руу тооноор эсвэл хаяагаар орж ирээд нэр дэвших гэж байна. Энэ бол АН-ыг доромжилж байгаа хэлбэр.
Нэр дэвшсэн хүмүүсээс ҮБХ-ны дүрэм зөрчсөн 38 хүн байна. Угтаа бол АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн хүн л нэр дэвшиж болно. Энэ дүрэм зөрчсөн явдлаас харахад АН нэгдэж ойлголцсон ч нам дотор нь устгах нөхцөлийг үүсгэсэн байгаа юм.
Хойноос юм уу, урдаас шидсэн чулуу бутраад унахаар бие бие рүүгээ авч шиддэг байдлаа л одоо болих хэрэгтэй.
Монгол гэдэг жижигхэн үндэстнээр тоглодог хоёрхон газар л бий. Улс төр, эдийн засаг руу орж санхүүжүүлдэг, мөнгөөр зоддог байдалтай бид хэзээ ч эвлэрэхгүй. Үүнээс болж АН-д шогийн, увайгүй, дүрэмгүй, журамгүй байдал үүсч байна. Бүр болоогүй АН дотор барууны үзлийг ярьж, баг хийж өмсчхөөд улаан зүүний үзэл яриад, улаан фашизм, нацизм ханхлуулж айлган сүрдүүлэлтийн менежмент хийж байгаа хүмүүс энэ улсыг удирдах нь. Ийм зүйл хэзээ ч гарахгүй.
ЭЦСИЙН ДҮНДЭЭ Х.БАТТУЛГА ЯНДАНГААР Л ГАРНА
-Таны хэлж байгаагаар Х.Баттулга намаа самарч байна гэж ойлгож болох уу?
Би өмнө нь ч хэлж байсан. Хуучны ККБ буюу ФСБ-ын оросын даалгавраар цөөн хүнтэй, баялаг арвинтай эрх чөлөөний үзэл дэлгэрсэн улс руу их өндөлзөж байна л даа. Тэр үүргийг авсан хүн нь Х.Баттулга. Өөрөөр хэлбэл, өмнө нь амьдрал нь эмгэнэлтэй дууссан Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал хоёрын залгамж. Үүнийг хойд хөрш сайн хийдэг. Тэрний даалгаврыг биелүүлж байгаа хүн нь Х.Баттулга. Монголын хүн бүр үүнийг мэдэх хэрэгтэй.
Өөрийнх нь амьдралын эцсийн шийдвэр хэцүү байгаа. Эцсийн дүндээ Х.Баттулга яндангаар л гарна.
Монголд өнөөдөр ийм аюул нүүрлээд байна. Тийм учраас би Х.Баттулгыг өөрийг нь хүртэл харамлаад байгаа. Ялангуяа улс төрийн намууд нь иргэдээ энэ үзэгдлээс хамгаалах ёстой. Хойд хилийн хүрээгээр 15 мянган зэвсэглэсэн ялтанг ОХУ байршуулсан гэдэг мэдээлэл ч гарсан. Энэ айлгаад байгаа юм уу, хамгаалаад байгаа юм уу, анхааруулаад байгаа юм уу.
Эвлэлдэн нэгдэх бол хамгийн чухал. Зөв зүйл дээр тухайлбал, ёс зүй, үнэ цэнэ дээр монголчууд гарцаагүй эвлэлдэх ёстой.
-Тэгвэл АН-ын нэр дэвшигчдийн жагсаалтад багтсан нэрсийн хувьд та ямар саналтай байна?
-Намын дарга, дэд дарга нар нь тойрог руугаа л явах учиртай. Харин сэтгэлгээний нэлээн чадамжтай залуучуудаа, ахимаг настнуудаа чадвар, мэдлэгт нь тулгуурлаж жагсаалтад багтаах хэрэгтэй. Ер нь сэтгэлгээгээр залуу байх л чухал. Хан нялхаараа бодол нь хөгширчихсөн, ахимаг настай хэрнээ залуу бодолтой хүн зөндөө бий.
Жагсаалтад багтсан Ө.Шижир гэдэг хаанахын хэн юм. Саяхан АНУ-руу оргож, зугтааж байгаад л ирсан шүү дээ. Ийм дээрэмчин сэтгэлгээтэй хулгайч нарыг, товчхондоо оросын гар хөлийг АН жагсаалтад оруулсан явдалд би хувь хүний хувьд, намын гишүүний хувьд дургүйцэж байгаа.
Монгол Улс хуультай эсэхийг одоо харна. АН дотор дүрэм зөрчсөн хүмүүсийн асуудлаар Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороонд хандана.
-АН-ыг хүчтэй сөрөг хүчин болоход иргэдийн хүлээлт өндөр байна. Гэтэл намын зарим гишүүн АН-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ илэрхийллээ. Энэ үйл явдалд та ямар тайлбар өгөх вэ?
-Ардчилсан нам дүрэм, журамтай. Тиймээс хууль, дүрэм зөрчсөн эсэх асуудлуудыг хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ. Намаасаа гарч, гишүүнчлэлээс татгалзлаа гэж байгаа. Үүнийг би ККБ-гийн тоглоомонд оруулж байгаа явдал гэж харж байна. Монголд монгол хүмүүс сайн дураараа нэгдэж байгуулсан нам бол 1990 оны Монголын Ардчилсан нам. Одоо эрх барьж байгаа нам бол Хиагтад байгуулагдсан зөвлөлтүүд байгуулж өгсөн монгол дүртэй хэрнээ монгол хүн бүрийг цагдан хорьж, айлган сүрдүүлж байх бодлоготой нам.
Оросын үүргийг биелүүлэхээр үүргэвчээ үүрээд явж байгаа хүү бол Х.Баттулга.
Энэ хүүхдийн тоглоом АН-д орж ирснээр намыг сүйрүүлэх ажил явагдаж эхэлсэн. Х.Баттулга МАН-ын толгой дээр байгаа хүнтэй эвлэлдэн нэгдэж, тооцоо бодож Монголын тусгаар тогтнолд заналхийлж байна. Би ингэж л дүгнэж байна.
Холбоотой мэдээ