Жүжигчин Мэттью Перригийн үхэлтэй холбоотой хэргийг шалгаж эхэлсэн тухай Лос Анжелес хотын цагдаа нар мэдэгдлээ. "Friends" цувралын од Перри өнгөрсөн аравдугаар сард кетамины цочмог нөлөөгөөр нас барсан гэж эмнэлгийн байгууллага дүгнэсэн. Тэгвэл цуснаас илрүүлсэн мэдээ алдуулагч кетаминыг Перри хэрхэн олж авсан талаар мөрдлөг явуулна. Усанд живсэн нь түүний үхэлд нөлөөлсөн хүчин зүйл байсан тул ослын улмаас нас барсан гэж бүртгэж байжээ. Мөрдлөгийг хар тамхитай тэмцэх газар болон АНУ-ын Шуудангийн хяналтын алба хамтран зохион байгуулж байна.
Перри аравдугаар сарын 28-нд Лос-Анжелес дахь байшингийнхаа усан санд ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байхыг хүмүүс олсон. Дараа нь хэргийн газар нас барсан гэдэг нь тогтоогдсон. "LA County" эмнэлгийн шинжилгээний алба арванхоёрдугаар сард үхлийн дараах цуснаас их хэмжээний кетамин илэрсэн гэж мэдэгджээ. Ахлах эмнэлгийн шинжээч Раффи Жабуриан түүний үхэлд нөлөөлсөн бусад хүчин зүйл нь титэм судасны өвчин, опиоид эмгэгийг эмчлэхэд ашигладаг бупренорфины нөлөө байсан гэж дүгнэсэн.
Перри тухайн үед сэтгэл санааны хямрал, түгшүүрийн эсрэг эмчийн хяналт дор кетамин эмчилгээнд орж байжээ. Нас барахаасаа долоо хоногийн өмнө хамгийн сүүлд кетамин эмчилгээнд орсон. Гэвч эмчилгээг зогсоосноос хойш эмчийн бичиггүй кетамин олж авсан байх магадлалтай тул мөрдлөг явуулах болжээ. Тэрбээр өвчин намдаах эм, архины донтой тэмцэж байсан бөгөөд нөхөн сэргээх эмнэлэгт олон удаа очсон ажээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ