Оросын гигантууд хамтрагчид болж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Оросын гигантууд хамтрагчид болж чадсангүй

Никель, паладиум олборлож, жонш хайлуулагч “Норильский Никель” компани нь ОХУ-ын хойд нутагт үйлдвэрлэлээ явуулдаг. Тус компани никель, паладиум үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд “Насдак”, “RTS”-ийн Хөрөнгийн биржүүд дээр хувьцаагаа борлуулдаг. Оро­сын олигархиуд болох Вла­димир Потанины “Интеррос”, Олег Дерипаскагийн “Русал” ком­пани “Норильский Никель”-ийн хувьцааны 25 хувийг тус бүр эзэмш­дэг аж. “Норильский Никель”-ийн хувьд никель, паладиумаас гад­на зэс, цагаан алт, кобальтийн ол­борлолт явуулдаг байна.

Ца­гаан алтны үйлдвэрлэлээрээ дэл­хийд дөрөвдүгээрт, зэсийн үйлдвэр­лэ­лээр аравдугаарт бичигддэг гэх зэргээс бодож үзвэл яах аргагүй уул уурхайн салбар дахь гигант компаниудын нэг юм. Гэтэл сүүлийн үед тус компанийн гол хувьцаа эзэмшигчдийн хооронд зөрчил гарч, олон улсын арбитрын шүүхэд хандах дээрээ тулаад байна.

Өнгөрсөн зургадугаар сард болсон “Норильский Никель”-ийн ТУЗ-ийн хуралдаанаар удирдах зөвлөлд багтах гишүүдийг сонгосон билээ. Энэ үед В.Потанины “Интеррос”-ийн төлөөлөгчид дий­лэнх хэсгийг бүрдүүлж, тэдэнд ашигтай хувилбараар хуралдааны эцсийн дүн гарчээ. “Норильский Никель”-ийн ТУЗ долоон гишүүнтэй. ТУЗ-ийн хуралдааны дүнд тэдний дөрөв нь “Интеррос”-оос сонгогдсон бол үлдсэн гурвыг нь “Русал” санал болгох эрхтэй болжээ. Гэвч үүнийг О.Дерипаска хүлээн зөвшөөрөөгүй юм. Тэрбээр хуралдааны дүнд бул­хай, луйвар орсон гэж үзсэн учир Лондоны арбитрын шүүхэд хан­дахаар болжээ. Хөнгөн цагааны үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Русал” ком­панийн хувьд “Интеррос”-той 2008 оны арваннэгдүгээр сард бай­гуулсан гэрээгээ гол үндэс болгож, тэр үед харилцан тохи­ролцож байсан үгэндээ хүрэхгүй байгаад нь буруутгасан юм байх. Нэг үгээр хэлбэл Оросын олигархиуд Мон­голын Оюутолгойн хувьцааны тө­лөө толгойгоо гашилгаж байгаа “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-ийн Канадын Ванкуверт төвтэй ар­битрын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй зарим талаараа төстэй хэргийг үүсгээд байгаа юм.

Ажиглагчид “Норильский Ни­кель”-д хөрөнгө оруулж, нэг ёсон­доо хамтран ажиллаж байгаа О.Дерипаска, В.Потанин нарыг шүүхээс гадуур тохиролцоонд  хүрч чадахгүй хэмээн үзэж байна. Учир нь хоёр жилийн өмнө байгуулсан гэрээний заалтаа эргэн харж, шүү­хийн хаалгыг татах болсон цаад шалтгаан нь аль аль нь хувь эзэмш­лээ нэмэгдүүлэх сонирхолтой бай­гаатай холбоотой юм. Ийм таамаг гаргах үндэслэл ч бий. Учир нь “Bloomberg”-ээс мэдээлснээр бол О.Дерипаска, В.Потанин нар бие биений­хээ хувьцаанаас худалдан авах санал тавьсан байна. Мэдээж хэ­рэг, уул уурхайн том компанийн эзэмшлээсээ алдахыг хүсээгүй учир тэдний хэн нь ч үүнийг зөвшөөрөөгүй юм. ТУЗ-ийн хуралдааны шийдвэ­рийн дүнд давуу эрхтэй болсон В.Потанины талынхан өнгөрсөн сарын 5-нд “Русал”-д “Норильский Никель”-ийн 25 хувийн хувьцааг нь худалдан авах санал тавьсан аж. Тиймээс нэг үгээр хэлэхэд “Норильский Никель” дэх эрх мэдлээ нэмэгдүүлэхээс нааш хоёр компани тэмцлээ зогсоохгүй бололтой.

Түүнчлэн ажиглагчдын тайлбар­лаж буйгаар Оросын хувьцааны биржүүд найдвартай ажиллаж ча­дахгүй байгаагаас ийнхүү хувь­цаа эзэмшигчид өөрсдийн санасан зоргоор хувиа нэмэгдүүлэх оролд­лого хийж байгаа. Эцсийн дүнд талуудын аль нэг нь “Норильский Никель”-ээс татгалзаж ч магадгүй аж.

Оросын Засгийн газар энэ хэрэгт оролцож, “Норильский Никель”-ийн хувьцааг худалдан авч магадгүй гэх таамаг ч гарсан. Гэхдээ үүнийг ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин үгүйсгэж, хувьцаа эзэмшигч талуудтай Норильск хотод уулзаж ярилцсан байна. Тэрбээр талуудыг хамтран зөв менежменттэй ажил­лахыг уриалж, хэргийг цааш нь даамжруулахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн юм. Удахгүй Орост зэс, никелийн экспортын татварын шинэ журам баталж, хэрэгжүүлж эхэлнэ. Тиймээс Засгийн газрын зүгээс элдэв дарамттай учрах гээгүй л юм бол хамтарч ажилла хэмээн анхааруулжээ. Гэсэн ч түүний үгийг анд найз О.Дерипаска нь ой­шоосонгүй. “Норильский Никель”-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг дахин томилох саналтай хэвээр байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Бид “Норильский Никель”-ийн жижиг хувьцаа эзэмшигчидтэй ярилцаж, тохиролцож магадгүй. Тэднээр дам­жуулан компанийн гол хувьцаа эзэм­шигч болвол “Интеррос”-той зөрчилдөөд байх ч шаардлагагүй” гэжээ. О.Дерипаска “Интеррос”-ийг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөр­чиж, өөртөө давуу эрх олгосон хэмээн буруутгаж байгаагаа ч эрхэм Ерөнхий сайдынхаа өмнө нуусангүй.

“Интеррос”-ийн хувьд өөрсдий­гөө хууль бус үйлдэл хийгээгүй хэмээн нотолсоор байгаа. Тус ком­панийн тэргүүн В.Потанин уул уурхайн гигантууд болох “Рио Тинто”, “BHP Billiton”-ы хөрөнгө оруу­лагчид хөрөнгө оруулсан ком­панийнхаа үйл ажиллагаанд нө­лөөлөхийг оролддог шиг нөхцөл байдлыг “Русал”-ийн тал бий болгож байна хэмээн дүгнэжээ.

Хэдийгээр ОХУ-ын Засгийн га­зар “Норильский Никель”-ийн хувь­цааг худалдаж авахгүй хэмээн мэ­дэгдэж байгаа боловч В.Путин талуудыг асуудлаа шийдвэрлэхийн тулд улсаас дэмжлэг авахыг са­нал болгоод байгаа юм. Энэ нь “Норильский Никель”-ийн хувьцааг ОХУ-ын Засгийн газар худалдаж авч магадгүй гэх таамгийг улам лавшруулаад байгаа билээ. Ямар­тай ч зөрчилдөгч талууд Лондоны арбитрын шүүхэд хандахаар болоод байна.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж