Оросын физикч Анатолий Масловыг эх орноосоо урвасан хэргээр буруутгаж, чанга дэглэмтэй хорих ангид 14 жилийн хорих ял оноолоо. 77 настай Анатолий Масловыг Санкт-Петербургийн шүүхийн танхимд шүүжээ.
Тэрбээр эх орноосоо урвасан хэргээр 2022 оноос хойш баривчлагдсан Сибирийн хүрээлэнгийн гурван эрдэмтний нэг юм. Үлдсэн хоёр эрдэмтэн нь Александр Шиплюк, Валерий Звегинцев нар бөгөөд шүүх хурлаа хүлээж байна. Сибирийн хүрээлэнгийн гурван эрдэмтнээс гадна өөр хэд хэдэн эрдэмтэн эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдаж буй. Тэд бүгдээрээ дууны хурднаас хурдан пуужингийн бүтээн байгуулалттай холбоотой онолын ажлыг хийжээ.
“Яллагдагчдыг олон улсын хурал, судалгаанд оролцохдоо улсын нууцад хамаарах мэдээллийг задруулсан гэж буруутгаж буй. Масловыг яллах аливаа шийтгэл нь хуулийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл юм. Түүнийг Оросын эрх баригчдын бодлогын золиос болсон гэдэгт би итгэлтэй байна” гэж эх орноосоо урвасан, тагнуул хийсэн хэргээр хүмүүсийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн "Первый Отдел" нийгэмлэгийн хуульч Евгений Смирнов хэлжээ.
Анатолий Маслов зүрхний хүнд өвчтэй аж. Тиймээс түүний ялыг сонсоод цочирдсон ч давж заалдана гэдгээ Масловын өмгөөлөгч Ольга Динзе мэдэгдэв. Мөн ерөнхийлөгч Путин Оросын шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж ярьж байгаа боловч ФСБ-ын аюулгүй байдлын алба Оросын шилдэг эрдэмтдийг баривчилж байгаа нь харамсалтай гэжээ.
Ольга Динзегийн тодорхойлсноор Анатолий Маслов бүхий л амьдралаа Оросын шинжлэх ухаанд зориулж, эх орноо орхин барууны их сургуульд элсэх урилгаас хүртэл татгалзаж байсан хүн ажээ.
Сибирийн хүрээлэнгийн хамт олон өнгөрсөн жил нээлттэй захидал хэвлүүлсэн. Уг захидалдаа тэд Маслов, Шиплюк, Звегинцев нарыг гэм буруугүй гэдгийг мэдэгджээ.
Эх сурвалж: REUTERS