Украин дахь цэргийн үйл ажиллагаанд санаа зовж буйгаа илэрхийлж байсан командлагч асан их хэмжээний залиланд нэр холбогдсон байна. Хошууч генерал Иван Попов хоёр сарын хугацаатай баривчлагдаж, мөрдөн байцаалт өгнө. Түүний өмгөөлөгч Тасс агентлагт хэлэхдээ, 49 настай Попов бүх хэргийг үгүйсгэж, гэм буруугүй гэж мэдэгдсэн. Тэрбээр Оросын цэргүүд Украинд их бууны дэмжлэггүйгээр үй олноороо амь үрэгдэж, шархдаж байгаа талаар зарласны дараа 2023 онд 58 дугаар армийн командлагчийн албан тушаалаас халагдсан.
Москва хотын шүүх тавдугаар сарын 17-нд гаргасан шийдвэрийн дагуу Поповийг цагдан хорьсон нь "урьдчилан сэргийлэх арга хэмжээ" дагуу байсан. Түүний хэргийг 235 дугаар гарнизоны цэргийн шүүх хянан шийдвэрлэх болно. Попов Украины пуужингийн системээс хамгаалах хамгаалалт муу байгаа талаар дээд албан тушаалтантайгаа ярьсан бичлэг ил болсон байна. Бичлэгт тэрбээр Оросын цэргүүд дайны талбарт хэрхэн зовж байгаа талаар ярьсан.
Тэрбээр "Надад хүний өмнөөс худал хэлэх эрх байхгүй. Амиа алдсан цэргүүдийнхээ өмнөөс худал хэлж чадахгүй. Би худал хэлж, хулчгар зан гаргаж чадахгүй болохоор бүх зүйлийг тоймлон хэллээ" гэжээ.
Попов дээд албан тушаалтнуудыг хангалттай хэмжээний хамгаалалт илгээхгүй байгаа талаар шүүмжилсэн. Түүнийг эх орноосоо урвасан гэж гүтгэсэн командлагч нь халагдах тушаал гаргахыг шаардсан бөгөөд Сергей Шойгу зөвшөөрсөн. Путины урт хугацааны холбоотон байсан Шойгу энэ сарын эхээр албан тушаалаа эдийн засагч Андрей Белоусовт шилжүүлсэн. Батлан хамгаалах туршлагагүй Белоусовт цэргийн мэдлийг шилжүүлсэн нь авлигад автагдсан хүчний салбарын чиг хандлагыг өөрчлөх зорилготой гэж шинжээчид үзэж буй.
Сүүлийн саруудад Шойгугийн албан тушаал суларч байсан. Түүнийг ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилсноор эрх мэдлийг нь бууруулж байна гэж зарим хүн үзсэн. Мөн түүний холбоотнууд авлигын хэрэгт холбогдож буйтай холбон тайлбарласан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Шойгугийн орлогч нарын нэг Тимур Ивановыг, өнгөрсөн долоо хоногт Юрий Кузнецовийг авлигын хэргээр тус тус баривчилжээ.
Эх сурвалж: BBC