Гарын үсэг зураагүй гэж дарга нар ялаас мултардагийг эцэслэх ёстой"

Хуучирсан мэдээ: 2024.05.22-нд нийтлэгдсэн

LiveГарын үсэг зураагүй гэж дарга нар ялаас мултардагийг эцэслэх ёстой"

Гарын үсэг зураагүй гэж дарга нар ялаас мултардагийг эцэслэх ёстой"

 

14 : 35
2024-5-22

"Гарын үсэг зураагүй гэдгээр дарга нар ялаас мултардагийг эцэслэх ёстой"

Сонсголоор хэлэлцсэн автобусны шууд худалдан авалттай холбогдуулж, Түр хорооны гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа шинэчлэх шаардлагатай юм байна, ямар асуудалд тагнуул орлцох вэ гэдгээ шийдэх. Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг шинэчлэх.

МҮОНРТ -ийн санхүүжилтийг ярилцах. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг байж, буруу ташаа мэдээлэл өгдөг, түүнийгээ алдаа гэж ярьдаг улсуудад хатуу хариуцлага ярих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Цавчаа ногоон гэж алдаршсан энэ хулгай 2020 оноос эхлэн бий болсон төрийн шууд худалдан авалтын процесс Монгол төрд хулгай хийх боломж бий болгосон хуулийн өөрчлөлт байжээ гэдгийг бүгдээрээ харлаа.  Үндэсний аюулгүй байдал нэрээр худалдан авах процессыг хаалттай болгож байгаад маш том хулгай хийж болдогийг харлаа.

Том дарга нар чиглэл өгч байгаад маш олон төрийн албан хаагч нарыг дарамталж байгаад хулгайгаа хийсэн нь тодорхой болж байна.

Тендерийн хуулийг нээлттэй сонгон шалгаруулалт руу нь оруулах зайлшгүй шаардлага байна.

Сангийн яам дүгнэлт гаргаад Тендерийн хуулийг яаралтай оруулж ирж,  хулгай хийхээс сэргийлэх алхамыг зайлшгүй авах ёстой. Төрийн өмчит компаниуд бүх бизнес рүү орж байгаа нь хэрээс хэтэрч байгаа нь харагдлаа. Нийтийн тээвэр төрөөсөө тэжээгддэгийг либеральчлах. Ингэхгүй бол эргэн тойронд нь хулгай эргэлддэг боллоо.

Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ажлыг зайлшгүй хийх, нийтийн тээвэр нь ашигтай байдаг, зорилтот бүлэг дээр хөнгөлөлт  үзүүлдэг байх зэрэг маш олон ажлыг хийж байж, нийтийн тээврийн салбар хулгайнаас сална. Нэг удаагийн худалдан авалтаар ийм том хулгай байгаа юм чинь цаашаа ухвал маш их зүйл гарна.  Ардчилсан намын бүлэг ковидын үеийн 20 их наядын хөтөлбөр дээр сонсгол хийх гээд бараагүй. Нэн яаралтай сонсгол хийх шаардлагатай юм байна. Аливаа юмыг хуулиар хамгаалж байгаад өвчин зовлон, гамшгийг далимдуулж хулгай хийдэг төртэй баймааргүй байна.

Цавчаа ногоон шиг хэрэг Монголын төрд дахиж бүү давтагдаасай.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Төсвийн хууль, Тендерийн хууль зөрчин хууль бус худалдан авалт хийсэн. 

Цаашдаа Тагнуулын ерөнхий газар худалдан авалтад зөвлөмж өгдөг байж таарахгүй.

Хууль зүй дотоод хэргийн яамны байшинг нууцад оруулж, тендер шалгаруулалтгүйгээр барьсан. Шалгах ёстой. Иймэрхүү шийдвэр гарч явах юм бол авлига буурахгүй.

Автобус гоё, шинэ автобус байна гэдэг тархи угаалт явсан нь үнэн. Шинжээч нар хуучин автобус байсан гэдэг дүгнэлт гаргасан. Иргэд, инженерүүд очиж, дүгнэлтээ гаргасан. Шүүх дээр очоод шинэ автобус байсан гэдэг байдлаар өмгөөлөл явах байх. Экспертийн төвшинд автобус хуучин гэдгийг нотолсон учраас  одоо хариуцлага ярих ёстой.

Том дарга нар нь “Шийдвэрийг би гаргаагүй, гарын үсэг зураагүй” гээд, гарын зурсан төрийн албан хаагч нар ял авах ёстой гэвэл шударга бус. Гарын үсэг зураагүй гэдгээр том дарга, сайд нар нь ялаас мултардаг байдлыг эцэс болгох ёстой.

Санхүүжилт авах шаардлагатай байна гээд төрийн албан хаагч нар хүчээр гарын үсэг зурснаа сонсгол дээр тодорхой хэллээ. Авлигатай тэмцэх газар энэ асуудалд анхаарах хэрэгтэй.  Цаана нь байгаа тул захиалагч нарт хариуцлага тооцох нь хуулийнхны ажил.

“Тэнүүн огоо” компанийн хохирлоор нийслэл хохирол барагдуулна гэж байна.  Бидэнд “Тэнүүн огоо” компанийн 7 тэрбумын хөрөнгөөр 70 тэрбумын хохирол барагдуулах гээд байна гэдэг мэдээлэл ирж байгаа. Анхаарах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Сонсголын үр дүн бол дахин хулгай хийхгүй байх, хоёрт хариуцлага тооцдог байх. Түр орлон гүйцэтгэгч нар байлгаж байгаад асуудлаа шийддэг муухай жишиг тогтож.  

Шударга төрийн албан хаагч үнэнийг хэлсний төлөө ажлаас нь халдаг, оронд нь түр орлон гүйцэтгэгч тавьж байгаад хулгай хийдэг болсон байна. 

Энэ байдлыг хянан шалгагч шинжээч нар олон байдлаар харууллаа. Шударга төрийн албан хаагч олон байгаа. Шударга байсныхаа төлөө ажлын байраа алдаж байгаа.  Хулгайгаа хийхийн тулд  түр орлон гүйцэтгэгч томилдог, эсвэл жинхлэхгүй барьцаанд байлгаж, хулгайгаа хийдэг байдал зөвхөн ногоон автобусан дээр тогтохгүй, эмийн сонсгол дээр ч ил болсон.

Муу үйл мөртэй, сайн үйл үртэй гэж сайхан үг бий. Яаж тормос нь ажилладаггүй найман автобус оруулж ирдэг байна вэ. Ямар золоор нийтийн тээврийн үйлчилгээнд гаргаагүй юм. Хүний амь гэдэг ойлголт байж болдоггүй юм уу.  Бурхан ивээлээ л гэж дотроо бодлоо.  Айхтар зүйл болох байж гэлээ.

Сонсгол хоёр өдөр үргэлжилж, өндөрлөлөө.

 

12 : 45
2024-5-22

"Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нарын маргаан хулгайг илчилсэн"

УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Хуучин автобусыг угсраад авч ирсэн гэдгийг шинжээч сая тодорхой харууллаа. Тээвэр зуучлалын компани нь хуучин автобус тээвэрлэж байна гэдгээ мэдэгдсэн. Улайм цайм ийм хулгай хийхээсээ ичдэггүй юм уу. Хуучин автобус хэрнээ нэг ширхэг нь л  336 сая төгрөг.  Нийслэлийнхэн та бүхэн яасан ичдэггүй юм бэ. Гарын үсэг зураад авсан байх юм. Ажлын хэсэгт багтсан Баярмаа, Дөлгөөн  та хэдийг гарын үсэг зураад бай гэдэг юм уу. Ажлын хэсэгт нь маш олон хүн байна, бүгдээрээ гарын үсэг зурчихсан.

Хуучин автобус хилээр оруулж ирж байхад гаалийн байгууллагынхны дуу хоолой хаана байв. Гаалийн байгууллага тайлбар хэлэх хэрэгтэй.

Хэрвээ энэ асуудлыг ХҮН намаас анх гаргаж тавиагүй бол хэдэн хүн осолдох байсан бэ. Тоормозны систем ажиллахгүй байна. Хүн амаа өсгөх гээд байдаг, гэтэл автобусаар нь осолд оруулж, амь эрсдүүлэхээр тээврийн хэрэгсэл оруулж ирсэн.  Утаанаасаа салъя гээд хэчнээн жил ярьж байгаа билээ. Гэтэл утааны стандарт хангахгүй.  Ямар хүйтэн хөндий хандаж байна вэ.

Гааль:

-Ногоон автобусны тухайд нягтлан шалгах шаардлагатай. Техникийн бүрэн бүтэн байдалд шинэ гэдэг ангилалд оруулсан байсан. Үзэгдэх байдлаараа шинэ гэдэг ангилалдд орж байсан учраас шинэ гэдэг гаалийн бүрдүүлэлт хийсэн.

Нийслэлийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар:

-2023 оны наймдугаар сарын 20 дээр “Тэнүүн огоо” компанийн автобусыг хүлээн авах ажил зохион байгуулагдсан.  Зургадугаар сард нь ажлын хэсгээс өмнө тухайн автобусны үйлдвэрлэлийн процесстой танилцсан байсан.  БНСУ болон Вьетнамын угсралтын үйлдвэр зэрэгтэй танилцсан.  Нэг л автобус тэнцсэн гэсэн, бидэнд үзүүлсэн нь тэр байсан байх.  Ажлын хэсгээс “Тэнүүн огоо” компанийн оруулж ирсэн 100 автобуснаас 99 нь шаардлага хангаагүй гэдгийг хэлсэн. Энэ асуудлыг бид салбар хариуцсан сайддаа танилцуулж байсан. Санхүүжилт зогсох юм бол гацаа саад үүснэ гээд шат, шатандаа үүрэг өгөгдөөд автобуснуудыг хүлээн авах процесс болсон.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Цогц мафи ажиллагаа. Төрийн хамгийн том хулгайн нэг л хэсэг нь. Нийслэлийн засаг захиргаа хамтаараа нийлээд энэ ажлыг хийсэн. Хамгийн их хулгай хийдэг хүмүүс нь дарга нар юм гэдгийг энэ жишээнээс харж байна.  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар хоёрын маргалдааны үр дүнд Монголын ард түмэнд нэгэн хулгайг илчилж өгсөн. Автобусыг очиж үзээгүй хэрнээ протколд гарын үсэг зурчихсан. Дарга нарынхаа өмнөөс хариуцлага хүлээхэд бэлэн үү.?

Автобус хүлээн авах ажлын хэсгийн гишүүн н.Хадбаатар:

-Тухайн үед би ээлжийн амралттай байсан. Ажлын хэсэг акт баталгаажуулах болсон, ажлын хэсгийн гишүүд бүгд гарын зусэг зураад дуусч байна. Есдүгээр сарын 1-нд автобусаа оруулж ирэх ёстой, санхүүжилтээ авах гээд байна гээд гарын үсэг зуруулсан.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Шинжээч нар хуучин автобус гэдгийг баталгаажууллаа.  Хуучин автобусны дундаж үнэ нь 336 сая төгрөг. Гэтэл нийслэл сүүлд шинэ автобусыг 165 сая төгрөгөөр оруулж ирсэн. Шинэ автобусыг хоёр дахин нугалсан үнэтэй хуучин автобус оруулж ирэхэд хэн шийдвэр гаргадаг юм бэ. Дарга нар бид шийдвэр гаргадаггүй дунд шатны нэгжийн удирдлага шийдвэр гаргадаг гээд заачихаж байгаа. Хариуцсан сайд нь би эрх шилжүүлсэн гээд Д.Сумкъяабазар луу заачихаж байгаа. Хоёр дарга нь нийлээд Тагнуул руу заасан. Чиглэл хаанаас өгөгдсөн юм бэ. Та нар тэр хүмүүсийн өмнөөс  хариуцлага хүлээхэд бэлэн байгаа юм уу?

-Нийслэлийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар:

-Үйлдвэрүүд дээр очоод үзэхэд итгэл үнэмшил авсан. 2023 оны наймдугаар сарын 14-нд ирсэн эхний 20 автобус дээр миний бие очоогүй. Давхар ажлын хэсэгтэйгээ хамт очиж үзэх байсан юм билээ. Тийм болохоор би ажилдаа хайнга хандсан.

Есдүгээр сард орж ирэх 100 автобусны санхүүжилтийг зогсоохгүй байх, дээр нь үүссэн нөхцөл байдлыг танилцуулсан, чиглэл ирсэн учраас миний бие санхүүжилтийг шийдэж явсан дээр ажлын алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа.

Автобус хүлээн авах ажлын хэсгийн дарга н.Мөнхболд:  

-Би бол төрд 11 жил ачаа тээвэр хариуцсан мэрэгжилтэн хийж байсан. Автобус хүлээлцэх ажлын хэсэгт орсон гишүүдийн зарим нь ажилд ороод сар ч болоогүй, зарим нь ажилд ороод овоо хэдэн жил болсон хүмүүс байсан. Удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу бүгд ажлаа хийсэн.

Дээрээс өгсөн чиг үүргийн дагуу ажил хийчихээд хариуцлага үүрнэ гэдэг бол учир дутагдалтай л байна.

Бид бол тухайн автобуснуудыг үзэхэд найман төрлийн асуудал үүсч байна гэдгийг танилцуулсан, хүлээн авах боломжгүй гэж хэлсэн. Гэвч аргагүйн эрхэнд гарын үсэг зурсан.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-“Тэнүүн огоо” компанийн оруулж ирсэн 100 автобусыг яах вэ.  Автобус компаниуд БНСУ-аас хуучин автобус оруулж ирдэг.  Энэ асуудалд нийтийн тээвэр ямар бодлого барих вэ?

Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал:

-Эрүүгийн хэрэг дээр шалгагдаж байгаа 100 автобусны мэдээлэл хоёр янз байгаа. Эрх бүхий байгууллагаас шийдвэр гарсны дараа хэрхэхээ шийднэ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 18 аж ахуй нэгж явж байна. Хоёр л нь нийслэлийн өмчит компани, бусад нь хувийн хэвшлийн компаниуд.  Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд төсвөөс хөрөнгө гаргаад явж байна. Хувийн аж ахуйн нэгж өөрсдөө парк шинэчлэлт хийх боломжтой ч санхүүгийн хүндрэлээс болоод хуучин автобус оруулж ирдэг. Хуучин автобусныхаа оныг засдаг учраас нийслэлээс өнгөрсөн онд 600 автобус оруулж ирсэн.  Т.Доржханд гишүүн түрүүн нийслэлийн оруулж ирсэн автобусыг нэг бүрийг нь 160 сая төгрөг гэж хэллээ, буруу. Нэг автобус нь  278 сая төгрөгөөр орж ирсэн. Цаашдаа нийтийн тээврийн салбарт хувийн аж ахуй нэгжийг дэмжих бодлого барина.

 

11 : 58
2024-5-22

Сонсгол: Засгийн газраас чиглэл өгсний дагуу угсарсан автобусыг хүлээн авсан

Нийслэлийн нийтийн тээвэрт худалдан авсан автобустай холбоотой шинжээчийн дүгнэлтийг сонслоо.

Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар “Тэнүүн огоо” компанийн Вьетнам улсаас оруулж ирсэн 100 ширхэг дунд оврын багтаамжтай автобуснаас 99 нь стандартын шаардлага хангаагүй.  Ингэхдээ 94 автобус нь гэрлээрээ тэнцээгүй бол 71 автобус нь утааны үзүүлэлтээр тэнцээгүй. Мөн найман автобус тормозны үзүүлэлтээр тэнцээгүй байна. “Тэнүүн огоо” компанийн захиалгаар дээрх автобусыг Монгол руу оруулж ирсэн тээвэр зуучийн компани нь “Хуучин автобусыг тээвэрлэн оруулж ирж байна” гэдэг албан бичгийг хүргүүлж байсан. Гэвч гаалийн байгууллага дээрх автобусыг хилээр нэвтрүүлэхдээ “Шинэ” гэж үзэн, хилээр нэвтрүүлсэн. 

Вьетнам улсад угсарсан хуучин автобусыг шинэ хэмээн бичиг баримт бүрдүүлэн оруулж ирснээр 5.6 тэрбум төгрөгийн гаалийн татвараас чөлөөлөгджээ.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд автобус шинээр худалдан авахтай холбогдуулж, нийслэл дээр 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна. Гэвч энэхүү ажлын хэсэгт багтсан дарга болоод гишүүд нь энэхүү сонсголд гэрчээр оролцохдоо “Тэнүүн огоо” компанийн автобусыг шалгаад тэнцэхгүй байна” гэдэг асуудлыг нийслэлийн удирдлага болоод Нийслэлийн Тээврийн газрын дарга С.Жавхлантбаатарт мэдэгдсэн. Гэвч С.Жавхланбаатар дарга “Есдүгээр сарын 1-ээс өмнө автобуснуудыг оруулж ирсэн байх ёстой. Энэ ажлыг саадгүй үргэлжлүүлж байж санхүүжилт авах боломжтой” гэж тайлбарласан. Тиймээс ажлын хэсгээс “Автобус шаардлага хангахгүй байна гэдэг дүгнэлт гаргасан байсан ч өөрчилж, автобус оруулж ирэхээр болсон” гэлээ.

Мөн ажлын хэсэгт багтсан гишүүд автобусыг үзээгүй хэрнээ хүлээн авч болно гэдэг гарын үсэг ч зуржээ.

Сонсголд гэрчээр оролцож буй Нийслэлийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар “Засгийн газраас чиглэл өгсний дагуу автобусыг хүлээн авсан. Дээрээс  автобусыг  хурдан оруулж ирэх ёстой гэж үүрэг өгөгдөж байсан. Хэрвээ энэ ажил саатвал санхүүжилт авах боломжгүй болох байсан” гэж тайлбарлав.

09 : 57
2024-5-22

Сонсгол: 31 гэрч дууджээ

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд хийгдсэн автобустай холбоотой сонсгол өнөөдөр /2024.05.22/ хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Сонсголоор өнөөдөр худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт сэдвийн хүрээнд хийсэн нотлох баримтыг шинжлэн судална. Нийт 31 гэрчийг дууджээ.

УИХ-ын Хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж байгаа бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Н.Ганибал, Ж.Батсуурь, С.Одонтуяа, Г.Тэмүүлэн, Т.Доржханд нар багтаж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж