Сурвалжлага: Импортын гурилын үнэ эсрэгээрээ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2024.05.22-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Импортын гурилын үнэ эсрэгээрээ нэмэгджээ

Сурвалжлага: Импортын гурилын үнэ эсрэгээрээ нэмэгджээ

"Алтжин Бөмбөгөр" худалдааны төвийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүн зардаг хэсэг үдийн хойно хөл багатай сэлүүхэн байж таарав. Худалдагч нар тусын тусынхаа лангуунд утсаа оролдон, зарим нь хоорондоо элдвийг ярилцан хажуугаар нь зөрөх хүмүүсийг  царайчлангуй харж зогсоно.

Тус худалдааны төвийн дунд хэсэгт байрлах гурил будаа, давс сахар, ургамлын тос, хоол амтлагч зэргийг нямбайлан өрсөн нэлээд жижиг, өөрөө ч багтаж суух зайгүй шахам лангуунд зогсох эмэгтэйгээс "Алтантариа" үйлдвэрийн нэгдүгээр гурил хэд болохыг асуулаа.

“Алтантариа нэгдүгээр гурил нэг килограмм нь 3300 төгрөг, хэдэн килограммыг авах вэ” гэж асуух гялалзсан нүдтэй гялтганасан эмэгтэйг Ш.Ариунаа гэдэг. Тэрбээр Бөмбөгөр худалдааны төвд лангуу түрээслэж амьжиргаагаа залгуулаад арваад жил болж байгаа аж. Лангуугаа нэг сарын 380 мянган төгрөгөөр түрээсэлдэг байна.  "Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Өөрсдөө урагшаа, хойшоо яваад бараа татъя гэхээр гааль, татвар өндөр, явдал ихтэй учраас дотоодоосоо бараагаа татаж нөөцөлдөг. Хүмүүс гурилыг нэг болон тав, арван  килограмаар авдаг. 25 килограммаар авах хүн тун ховор. Наадам дөхөөд ирэхээр хүмүүс хуушуур хийх гэж 25 кг шуудайгаар нь авдаг. Гурилын үнэ өдөр бүр шахуу нэмэгдэж байна. Уг нь импортын гурилын татварыг чөлөөллөө гээд яриад байсан. Үнэ нь буух байтал улам нэмэгдээд байх юм" гэж бухимдангуй ярина. Сарын эхэн болон сүүлд, хүүхдийн мөнгө тэтгэвэр тэтгэмж, цалин буух үеэр иргэдийн худалдан авалт нэмэгддэг байна. Тус лангуунд ургамлын тос жижиг нь 4500 төгрөг, том нь 11 мянган төгрөг гэж байсан юм. "Алтантариа" гурилын үнэ өнгөрсөн долоо хоногт 100 орчим төгрөгөөр нэмэгджээ. "Алтантариа" гурил 2800-3300 төгрөг гэж байсан бол "Дорнод" гурил хамгийн үнэтэй буюу хоёр килограм нь 8000 төгрөг, 10 кг нь 35 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Улаанбаатар гурил нэг килограмм нь 2400-2800 төгрөг.

Худалдагч Ариунаа "Намайг арван жилийн өмнө энд зогсдог байхад уурагжуулсан гоймон 350 төгрөг байсан. Одоо 1300 төгрөг болсон. Энэ мэт арван жилийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ өдөр бүр өссөөр байна. Бид бол бөөнөөр авч байгаа үнэ дээрээ 100-200 төгрөг нэмж зардаг гэсэн юм. Баяруудаар л хөл хөдөлгөөн ихэсдэг. Жирийн үед хүн багатай байдаг" гэв.

"Алтжин Бөмбөгөр" чихэр жимс, ус ундаа, будаа гурил, хиам өндөг, цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн худалдаалдаг 50 гаруй лангуутай.  Цагаан идээ улирлын чанартай учир зуны улиралд орлого багатай байдаг аж. Харин үхрийн мах нэг килограмм нь 24 мянган төгрөг байсан бол хонины мах 15 мянган төгрөг гэж байсан юм. Гол нэрийн бүтээгдэхүүний нэг өндөг 650-750 төгрөг байв.

Эхнэр нөхөр хоёулаа ажил хийдэг ч авсан цалин нь хүрэлцдэггүй

Иргэн Б.Нарангэрэл 10 килограмм гурил, таван килограмм  будаа, нэг литрийн ургамлын тос, сахар давс зэргийг авахад 100 гаруй мянган төгрөг болжээ. Тэрбээр хүнсний бүтээгдэхүүнээ сард хоёр хувааж авдаг байна.

“Бөөнөөр нь авах боломжгүй байдаг. Нөхөр, бид хоёр хоёулаа ажил хийдэг ч цалин хаанаа ч хүрдэггүй. Бензин тосны мөнгө, байрны зээл, хэрэглээний мөнгө гээд нэг мэдэхэд  дуусчихдаг. Дөрвөн ам бүлтэй өрх нэг кг махыг хэмнээд хэмнээд гурваас дөрөв хоног хэрэглэдэг. Үхрийн мах багадаа 17 мянга, цаашлаад заримдаа 23, 24 мянга хүрдэг. Ингээд бодохоор нэг сард хоолны маханд гэхэд 200 гаруй мянган төгрөг зарцуулна. Үүн дээр нэмээд хүнсний ногоо авна гээд дурдаад байвал цалин хаанаа ч хүрдэггүй. 2024 он гарсаар сүүлийн саруудад гурил болон өндөгний үнэ нэмэгдсэн. Уг нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг зүйлүүд нь мах, гурил, өндөг талх гурилан боорцог байдаг. Гурилын үнэ нэмэгдэхээр боов боорцогны үнэ дагаад өсчихдөг. Юмны үнэ өдөр бүр өссөөр байна. Бараг өглөө бүр дэлгүүр ороход л 100 юм уу, 50 төгрөгөөр нэмэгдсэн байдаг.  Цалин тэтгэвэр нэмлээ л гэдэг. Үүнийгээ дагаад хүнс, бараа материалын үнэ өсдөг. Дүндээ дүн байдаг. Өргөн хэрэглээний барааны үнэ дээр төр засаг анхаараасай гэж боддог. Ямар ч хяналт байхгүй юм шиг санагддаг.”

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан гурилын үнийн талаар долоо хоногийн өмнө ингэж ярьж байв.

-Импортоор орж ирэх гурилын үнийг татвараас чөлөөлснөөс хойш гурилын үнэ хэчнээн хувиар буурсан бэ?

-Гурилын үнэ хямдарч байна. Увс аймагт өнөөдрийн байдлаар 50 кг дээд гурил 65 мянган төгрөг болсон байна, 50 кг нэгдүгээр гурил 59 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Баян-Өлгий, Ховд, Завхан аймгуудад гурилын үнэ буурч байна. Энэ долоо хоногт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 2000 орчим тонн гурил орж ирж байна. Улаанбаатар хотын хэрэглэгчид энэ долоо хоногийн сүүлээс эхлээд хямд үнэтэй орос гурилыг худалдан авах сонголттой болж байна. Дотоодын гурилаа авах уу, орос гурил авах уу гэдгээ хэрэглэгч шийднэ.

Увс аймгийн Улаангом хотод нэг кг нь 1180 төгрөгийн үнэтэй нэгдүгээр гурил Төв аймгийн Эрдэнэсант суманд нэг кг нь 3200-3700 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Энэ нь амьдралын чанарт шууд сөргөөр нөлөөлж байгаа.

Төв банк энэ долоо хоногийн Даваа гаригт /2024.5.13/ бодлогын хүүгээ бууруулж 11 хувь болголоо. Гурилын үнэ хямдраад ирэхээр төв банк бодлогын хүүгээ буруулах боломжтой болж байна. Төв банкны бодлогын хүү буурснаар арилжааны банкууд зээлийн хүүгээ буруулах боломжтой болно. Тийм учраас Засгийн газар бараа бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр анхаарал хандуулан ажиллаж байна.

Цалингаа буухаар өрөө төлдөг схем бий болсон

Баянзүрх дүүргийн 8-р хороо буюу Улаанхуарангийн эцэс бол хотын зах хэсэгтээ орно. Тэнд байдаг "Баганат өргөө" хорооллын …дугаар байрны нэг давхрын хүнсний дэлгүүрээр й олны хөл тасардаггүй. Гэсэн хэдий ч тэдгээр үйлчлүүлж буй хүмүүс дийлэнх нь зээлээр бараагаа авдаг аж. Цалингаа буухаар өрөө төлдөг схем үүссэн гэж худалдагч бүсгүй хуучилна. Юмны үнэ маш их өсч байна. Өндөгний үнэ сүүлийн хэдэн сар нэлээд өссөн.  Одоо харин тогтвортой болоод байна. Иргэдийн худалдан авалт тааруухан, таньдаг болохоор ихэвчлэн зээл өгдөг. Зарим үйлчлүүлэгчид юмны үнэ нэмэгдэхээр надад уурлаад байдаг. Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээр үйлчлүүлэгчдэдээ хэлэхээс ч санаа зовдог. Манай дэлгүүр зургаан нэр болохоор орлого бага ордог. Найман нэрийн дэлгүүр архи, пиво зардаг болохоор орлого сайн ордог. Хүмүүс согтууруулах ундааг маш их авдаг шүү дээ" гэв.

Импортын гурилын гаалийн албан татварыг тэглэх хууль энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор  гаалиар 1047 тн гурил импортоор оруулж ирсэн байна.

Өнгөрсөн 2023 онд нэг жилийн хугацаанд 11 мянган тн гурил импортоор оруулж ирж байжээ. Үүнээс харахад гурилын гаалийн албан татварыг чөлөөлснөөр жилд 50 орчим мянган тн гурил оруулж ирэх боломжтой. Ингэж нийлүүлэлт нэмэгдсэнээр өрсөлдөөн үүсэж дотоодын гурилын үнэ буурах учиртай ч эсрэгээрээ гурилын үнэ нэмэгдсээр байгааг худалдаа эрхлэгчид болон иргэд хэлж байгаа юм.

Улаанбаатар хотод 2024 оны тавдугаар сарын 20-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 4.9 хувиар, өмнөх долоо хоногоос 1.2 хувиар тус өссөн байна. Ийнхүү сайд дарга нар телевиз, зурагтаар гурилын үнэ буурсан гэж мэдээлж байгаа ч худалдагч, худалдан авагчид үүнийг үгүйсгэж байсан юм.

Улаанбаатар хотын гол нэрийн зарим барааны үнийг Үндэсний статистикийн хороо өнгөрсөн сар болон долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулсан тавдугаар сарын 20-ны судалгаанаас харахад мах болон гурил, зарим нэр төрлийн хүнсний ногооны үнэ нэмэгдсэн байгаа юм. Энэ үнэ бол зөвхөн ганцхан сарын судалгааны дүн. Энэ мэт тав арваар нэмэгдсээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж