Салбараасаа "урвасан" НЭР ДЭВШИГЧИД

Хуучирсан мэдээ: 2024.05.22-нд нийтлэгдсэн

Салбараасаа "урвасан" НЭР ДЭВШИГЧИД

Салбараасаа "урвасан"  НЭР ДЭВШИГЧИД

2024 оны УИХ-ын сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцохоо илэрхийлээд буй. Зарим намын нэр дэвшигч дунд дуучин, загвар өмсөгч, хөтлөгч, сэтгүүлч, жиргээч, шоуны шарк, комедиан багтсан нь олны шүүмжлэлд өртөж байна. Ингээд УИХ-ын сонгуульд өрсөлдөх олны танил нэр дэвшигчдээс танилцуулъя.


                Н.АМАРЖИН КОМЕДИАНЫ ТАЙЗНААС УЛС ТӨРИЙН ИНДЕРТ 

УИХ-ын сонгуулийн IX тойрог бол Сонгинохайрхан дүүрэг. Тус дүүрэг энэ удаагийн сонгуульд таван мандаттай байхаар хуульчилсан. Комедиан Н.Амаржингийн хувьд залуу үеийн төлөөлөл болж, Ардчилсан намаас нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр боллоо.

Тэрбээр 2003 онд аав, ээжийгээ дагаад АНУ-д амьдарч, 2012 онд Колорадогийн их сургуулийг төгсчээ.

Улс төрийн шинжлэх ухаан болон эдийн засгийн хос дипломтой тэрбээр эх орондоо "Universal" англи хэлний сургалтын төвийг үүсгэн байгуулсан. Мөн "Авьяаслаг Монголчууд" шоунд комедиан төрлөөр оролцож, шилдэг тавд шалгарсны дараагаар хүмүүс илүү сайн мэддэг болсон.

ЗАГВАР ӨМСӨГЧ О.БИЛГҮҮН 

ХҮН намаас нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхөнгай, Баянхонгор аймагт ХҮН намын нарийн бичгийн дарга, загвар өмсөгч О.Билгүүн нэр дэвшинэ гэдгийг зарласан. Загвар өмсөгч О.Билгүүн нь сүүлд “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцсон.

Тэрбээр Азийн топ модель шалгаруулах олон улсын уралдааны гран при шагналт, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Гэрэлт гудамж” төслийн үүсгэн байгуулагч,төслийн удирдагч, VR хамтлагийн гишүүн юм. Харин энэ удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, улс төрд хүч үзэхээр шийджээ.

ШАРКУУДЫН ЗАЛГАМЖ ХАЛАА Ч.АНАР БОЛОН Д.ЭНХТҮВШИН

МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон жагсаалтад шарк буюу МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, "Ондо"-гийн захирал Ч.Анар нар яригдаж байгаа нь олны анхаарлыг татаж байна. УИХ-ын сонгуульд шаркуудын төлөөлөл нэр дэвшдэг уламжлал тогтох нь ээ. Өмнө нь шарк Г.Амартүвшин УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, улстөрч болсон байдаг. Шарк Д.Энхтүвшингийн хувьд Дорнодод 10 жилээ төгсөөд хамгийн эрэлттэй мэргэжил хэмээн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн менежментийн ангид элсэн орж, төгссөн. Санхүү, менежмент гэсэн хос мэргэжлээр төгссөн тэрбээр 1997 онд MCS группт санхүүгийн шинжээчээр анх ажилд орж, тус группийнхээ дэд ерөнхийлөгч болтлоо өсөн дэвжсэн нэгэн гэгддэг.

Харин шарк Ч.Анар нь "Анд Глобал", "MLab" компаниудын үүсгэн байгуулагч бөгөөд зарим хүмүүс "Анд Глобал"-ын харьяа компани LendMN-ээр мэдэх нь бий.

СЭТГҮҮЛЧ Ч.ЛОДОЙСАМБУУ, Л.МӨНХБАЯСГАЛАН НАР НЭГ НАМААС НЭР ДЭВШИЖ БАЙНА

УИХ-ын энэ удаагийн сонгуульд нэр дэвшигч дунд цөөнгүй сэтгүүлч бий. Тэдний нэг бол сэтгүүлч Ч.Лодойсамбуу. Тэрбээр Ардчилсан намаас нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр яригдаж буй. Харин сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Ардчилсан намаас Говийн бүсэд нэр дэвшихээр болсон. Нэр дэвших эрхээ аваад буй Л.Мөнхбаясгалан энэ талаар “Тэдэнд мөнгө байна. Бидэнд өр л байна. Харин бидэнд ядуурлаас өөр алдах зүйл байхгүй. Энэ бол Монгол төрийн сонгууль учраас шударга өрсөлдье” гэсэн юм.

Харин Ч.Лодойсамбуу "Би жилийн өмнө АНУ-руу сурахаар явсан. Өнгөрсөн жил надад нэр дэвшээч ээ гэх санал их ирсэн. Тухайн үед надад тийм шаардлага байхгүй гэдгээ илэрхийлсэн. Гэтэл МАН-ын үед сэтгүүлчээр ажиллах аргагүй болж байна. 126 гишүүнтэй болчихоор залуучуудад зай гарч байна. Нөгөө талдаа Сонгуулийн тухай хуулиар зардал мөнгийг хуульчилж өгөхөөр өрсөлдөхөд их төвөгтэй байна. Тэр нь надад ч бас мэдрэгдэж байна. Сонгуулийн штаб, ухуулах байр, сурталчилгааны зардлыг нам өөрөө зохицуулдаг болсон. Энэ нь олонд илүүтэй танигдсан хүмүүст давуу тал болж байна. Тэгэхээр залуучуудад боломж үүссэн. Гэхдээ нөгөө талдаа энэ их мөнгөний эсрэг мөнгө босгоно гэдэг бас чанга.

Жагсаалт бол намын нүүр царай, гарчиг. Гэхдээ намуудын бодит байдал нь зөвхөн нүүр царайгаа бодож жагсаалтаар оруулахад үнэхээр хэцүү. АН таван нам нийлж байгуулагдсан. Одоо хэрэлдээд доош ороод байгаа юм биш. Ерөөсөө л олон намын нэгдэл. Тиймээс эсрэг, тэсрэг байр сууриуд байнга гардаг. Тиймээс нийлээд сонгуульдаа амжилттай оролцох шаардлагатай" гэдэг байр сууриа илэрхийлсэн.

ХХААХҮЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА АСАН Л.ЧОЙ-ИШ ҮНДЭСНИЙ ЭВСЛЭЭС НЭР ДЭВШИЖ БАЙНА

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга асан Л.Чой-Иш Үндэсний эвслээс Төвийн бүсэд нэр дэвшиж байна. Тэрбээр хөдөө аж ахуйн салбарт 23 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбарын доктор цолтой нэгэн. Тэрбээр өнгөрсөн 2023 онд албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон үйлдлээр хуулийн байгууллагаар шалгуулж байсан юм. Хэргийг тодруулбал, Л.Чой-Иш, М.Энх-Амар нар улсын төсвийн санхүүжилтээр ХХААХЯ-наас 2017, 2018 онд хэрэгжүүлсэн өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давах арга хэмжээний хүрээнд өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн, малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд танил талаа шалгаруулсан хэрэгт холбогдсон.

Гутлын үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Чансаа хан хөхий холдинг” ХХК-ийн захирал, найз Н.Болорчулууны аж ахуйн нэгжийг дээрх сонгон шалгаруулалтад шалгаруулах зорилгоор Л.Чой-Иш тендер шалгаруулах ажлын хэсгийн ахлагч М.Энх-Амарт нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээллийг хуулийн байгууллагаас өгч байв.

АХМАД ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ Д.РЭГДЭЛ

МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон жагсаалтад ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл яригдаж буй. Тэрбээр ахмад настны төлөөллөөс гадна эрдэмтэн судлаачдын төлөөллөөс нэр дэвшиж байгаа аж. Академич Д.Рэгдэл нь 1976 онд ЗХУ-ын Харьковын их сургуулийг биохимич мэргэжлээр төгсч, 1985 онд Берлиний Гумболдтын их сургуульд доктор цол, 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан байна.

Мөн 2002 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдож, ШУА-ийн Хими болон Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Хими, хими технологийн хүрээлэнд лабораторийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2001-2009 онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009 оноос ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан аж.

ХӨТЛӨГЧ Т.ОРГИЛМӨНХ

"Зэвүүн яриа" нэвтрүүлгийн хөтлөгч Т.Оргилмөнх 2024 оны УИХ-ын сонгуульд "Шинэ нам"-аас нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших хүсэлтээ өгсөн гэнэ. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард "Шинэ нам"-ын нарийн бичгийн дарга болсон талаараа олон нийтэд мэдээлэл хийж байсан.

Иргэд сонгогчдын зүгээс "Бурхангүй газрын бумба галзуурна" гэгчээр УИХ-ын сонгуульд хэн дуртай нь нэр дэвшдэг болсон талаар шүүмжилж байгаа юм.

Т.Оргилмөнх нь "Надад зарим хүмүүс шиг худалдаж авсан, аргалж авсан олон диплом байхгүй. Гэхдээ амьдралын ухаан, хүмүүжил гэж хоёр том боловсрол байгаа гэж боддог. Бас хэнд ч худалдагдаж үзэл бодлоосоо өөр замаар явсангүй. Хэнээс ч санаа зоволгүй үзэл бодлоо хэлсээр ирсэн. Ард иргэд нэр дэвшлээ гэж муулна гэхдээ муулуулахаас айж ирээдүйгээ бусдын гарт өгмөөргүй байна. Залуу хүний хувьд өөрөө оролцох шийдвэр гаргасан" гэжээ.

Н.БАТСУУРЬ АВАРГЫН ТӨРСӨН ЭГЧ Н.ЭНХЧИМЭГ

Увс аймгийн Ховд сумын харьяат, Монгол Улсын 23 дахь аварга Н.Батсуурийн төрсөн эгч Н.Энхчимэг УИХ-ын сонгуульд Үндэсний эвслээс нэр дэвшиж байна.
Тэрбээр өмнө нь ХҮН намын гишүүн байсан бөгөөд өөрийн хүсэлтээр тус намаас гарах хүсэлтээ хүргүүлж байсан нэгэн.
Н.Энхчимэг нь Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бизнесийн удирдлагын бакалавр, Сиднейн их сургуулийн Олон улсын бизнесийн магистр бөгөөд Дэлхийн банкны Боловсролын чанарын шинэчлэл төсөлд санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай аж. Мөн "Basu" брэндийн үүсгэн байгуулагч юм. Тэрбээр Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуульд шинэхэн Үндэсний эвслээс Баянгол дүүрэгт нэр дэвшихээр болжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж