Тохиролцооны “меню”-тэй тоглоомын сонгууль!

Хуучирсан мэдээ: 2024.05.21-нд нийтлэгдсэн

Тохиролцооны “меню”-тэй тоглоомын сонгууль!

Тохиролцооны “меню”-тэй тоглоомын сонгууль!

Зургадугаар сарын 28-ны өдөр болох УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн улс төрийн нам, эвслүүд хуульд зааснаар тавдугаар сарын 20-ны дотор нэр дэвшигчдээ тодруулав.  Товчхондоо, домгийн шувуугаа дуулиан, шуугиантайхан үдсэн Монгол сонгууль албан ёсоор хөшгөө нээлээ.

Дэлхийн улс төрийн нөхцөл хүндэрч, Монголын ардчиллын үнэлэмжүүд арагшаа ухарсан, цаашдаа ардчилсан тусгаар улс байх эсэр нь эргэлзээтэй үед улс төрийн намуудын  сонгогчдод танилцуулсан  нэр дэвшигчдийн “меню” нийгмийн хүлээлт давсангүй. Тэр тусмаа, хэдэн зуун горилогч гомдолтой, гонсойлттой үлдсэнээ үг-үйлдлээрээ илэрхийлцгээж байна.

МАН: Л.Оюун-Эрдэнэ намын удирдлагаа гартаа авав!

Меню дээр бүх хоол үйлчлүүлэгч болгонд таалагдах албагүй. Гэхдээ захиалсан хоол нь амттай харагдах ёстой. МАН-ын “меню” гадна талаасаа өнгө үзэмж сайтай, арааны шүлс асгарам харагдаж байгаа нь бас чиг үнэн.
Жагсаалтын нэгдүгээрт жирийн нэг доктор бичигдсэн түүх Монголын улс төрд уртд өмнө байгаагүй үзэгдэл. Энэ хэрээр намын гишүүддээ ч мөн олон нийтэд сонирхолтой сюрпириз болж чадлаа. Л.Оюун-Эрдэнэ даалуу, үүлүүтэй байсныг хэн мэдэх вэ.

Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ олны санаанд оромгүйгээр сонгуулийн субботник хийсэн нь магтаал, шүүмжлэл хамтад нь дагуулж байна. Нэг хэсэг нь намын листэд  багш, эмч, бизнесмен гэх мэт салбар, салбарын “про макс”-ууд жагсаасныг сайшааж, нөгөө хэсэг нь тэдний корпусыг тайлвал 48 "ширхэг" Оюун-Эрдэнэ гарч ирэх вий гэж хардаж буй юм. Аль, аль нь үндэслэлтэй дүгнэлт, үнэний ортой хардлага.

Өмнө нь УИХ олигархиудын төлөөллийн байгууллага боллоо гэх шүүмжлэл тасардаггүй байсан. ХХБ, МАК, MCS, АПУ, "НИК" гээд гурван үсэгтэй компаниуд Төрийн ордонд төлөөллөө суулгадаг байсан. Тэр нь ч аргагүй, угаасаа улс төр-эдийн засаг хоёр нэг зоосны хоёр тал тул.

Ийнхүү МАН аль болох "оля" нараас татгалзаж, салбар, салбарын “про макс”-уудыг жагсааснаараа тойргийн нэр дэвшигчиддээ гарааны оноо цуглуулж өгөв. Өнөөдрийн хувьд хоёр намын рейтинг эн тэнцүү шахам явж байгаа. Ийм тохиолдолд жирийн доктор залуугаар толгойлуулсан МАН-ын лист нэрийн хуудас нь болно. Ардын нам бол ард түмний нам шүү дээ гэсэн оновчтой агаад товч сурталчилгаа болж өгнө.

Нөгөө талаасаа жагсаалтад хэн ч танихгүй "бор халзан хонь" уралдуулсан нь Төрийн ордноос зайлж өгдөггүй популистуудаа улс төрийн тэтгэвэрт гаргах МАН-ын даргын сонгуулийн цэвэрлэгээ нь байв. Жирийн иргэдтэй барьцах аргагүй сонголт намын нөхөддөө хүчээр тулгачихаж байна гэсэн үг.

Мөн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн намдаа төдийгүй улс төрд эрх мэдлээ хадгалах гэсэн арга заль байх талтай. Сонгууль бол улс төрийн шатрын өрөг. Гурван нүүдлийн цаадахыг харж чадсан нь хождог. Тэгэхээр эхний удаад МАН-ын дарга “giuoco piano" нүүдэл хийж сөрөг хүчнийг мад тавив.

Л.Оюун-Эрдэнэ анх удаа намаа манлайлан сонгуульд орж байгаа нь энэ юм. Хоржоонтой нь, ялбал бялуугаа бүгд хуваана, нам дахь эрх мэдлээ улам дархална. Тэрбээр нутгийн ах, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс намын болон засгийн тамгыг "уламжлан" авч улс төрд бэрс гарсан ч  ноён болж чадаагүй яваа.

МАН-ын гаргасан "меню"-г харвал Л.Оюун-Эрдэнэ ганцаараа үүнийг  хийж чадахгүй. Ард нь нэгдүгээр ах нь байсан гэсэн үг.

Харин ялагдвал түүнтэй хамт "лист" гаргасан Ерөнхийлөгчид энэ нь хамаагүй болно. Л.Оюун-Эрдэнэ хар толгойгоороо хариуцлага хүлээнэ. Нам, засгийн тамгаа алдана. Үүнийг анаад сууж байгаа түүний дайснууд цагаан ордноор дүүрэн хөлхөлдөж байгаа ч биз.

Нэг ёсондоо, тэрбээр хамаг амьдралаараа энэ удаагийн сонгуульд бооцоо тавьж байна. Тэгэхээр хөнгөн хөдлөх, тооцоогүй тоглох, буруу нүүх бүр боломжгүй. Тиймээс түүний сонгуулийн стратегийг намынхан  нүдэндээ нулимстай, халаасандаа салаавчтай хүлээж авсан нь ойлгомжтой.  Тэгвэл АН-ын дарга яасан бэ?!

АН: Х.Баттулгын ялалт ба Л.Гантөмөрийн ялагдал

Л.Гантөмөр ч мөн адил парламентын сонгуульд АН-ыг анх удаа удирдан орж байна. АН-ын хувьд энэ удаагийн сонгууль “үхэх, сэхэх”-ээ үзэх хариуцлагатай наадам юм. Гурав дараалан ялагдал хүлээвэл АН Монголын улс төрийн тавцангаас арчигдах болно.

Жилийн өмнө тамга тэмдгээ гардсан Л.Гантөмөрийн хувьд АН-ын манаач уу, ардчиллын манлайлагч уу гэдгээ харуулах боломж нь нэр дэвшүүлэх үйл явц байв. Харамсалтай нь, маш буруу нүүдлээр шатрын өрөгөө эхлүүлэв. Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр замын луйвар зэрэг авлигын том, том дуулиант хэргүүдийн гол холбогдогчийг дэвшүүлснээрээ АН унах нүхээ ухчихлаа гэж харагдаж, хардагдаж байна.

Уг нь Л.Гантөмөр жаахан л мэдрэмжтэй тоглосон бол цаг хугацаа, эдийн засаг, улс төрийн хувьд АН ялж мэдэх тохироо бүрдсэн байсан. Учир нь,  өнгөрсөн найман жил дангаараа засгийн эрх барьж, үнэмлэхүй эрх мэдэлтэй явсан МАН-аас ихэнх сонгогчид уйдсан. Авлигын, ардчиллын, хэвлэлийн эрх чөлөөний индекс арагшаа хэдэн арван байраар ухарсан. Тиймээс урьд нь МАН-аас дэвшсэн "бор халзан хонь" ялах магадлалтай байсан бол өдгөө МАН биш бол хэний ч хамаагүй "бор халзан хонь" дугуйлахыг иргэд хүсч байсан юм.

Ийм шалтгаанаар ардчилал, хүний эрх, эрх чөлөөний сүүлчийн манаач АН болж чадна гэсэн хүлээлт нийгэмд багагүй байлаа. Харамсалтай нь, Л.Гантөмөрийн гаргаж ирсэн "меню" жинхэнээсээ холимог хуурга болов. Хоолны муу холимог хуурга гэдэг дээ.

Нэг хэсэг нь листэд оруулсангүй гэж намаа урж тасдах нь холгүй авирлаж, нөгөө хэсэг нь камерын өмнө хуурай агсам согтуу тавьж, “АН бүтэхгүй” гэсэн ойлголтыг нийгэмд үлдээлээ. Энэ үйлдэл АН-д  мэдээж хасах оноо цуглуулж таараа. Дээр нь Х.Баттулга, Ж.Батзандан, Н.Алтанхуягтай АН-ыг шинэчлэгдсэн нам гэх үү, шийдсэн нам гэх үү, мэдэхгүй юм. Ардчилсан нам С.Эрдэнийн үед ч Х.Баттулгад ингэж "элэглүүлж, элэгдүүлж" байгаагүй билээ. С.Эрдэнийн үед Х.Баттулга Монголын номер нэг явсан бол өдгөө гудамжинд гутлаа өшиглөж яваа. Атал Л.Гантөмөр "Үхсэн буурын толгойноос амьд ат айна" гэгч болов.

Ердөө сарын өмнө “Би нэр дэвшихгүй” гэж хэвлэлийнхэнд мэдээлж асан экс Ерөнхийлөгч Женко.Баттулга халаасныхаа багаа хуу хамаад нэр дэвшиж байна. Х.Баттулга Монголын парламентад орж ирвэл АН-ын дарга Л.Гантөмөрт маш муу болохыг ямар тэнэг улстөрч гадарлаж байгаа. Тэр тусмаа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хамгийн том  заналт дайсан болно. "Хүүхдэд шүдэнз бариулж болдоггүй" л гэдэг юм даа.

Гарааны өнгөнөөс барианы өнгө харагддаг. Л.Гантөмөр үнэндээ өөрийгөө бодсоноос намаа бодсонгүй. Жагсаалтын нэгд нэрээ бичүүлснээрээ түүний сэтгэл ханасан бололтой, гурван нүүдлийн цаадахыг байтугай өөрийнхөө өмнөх нүүдлээ харж чадсангүй. Х.Баттулгад бэрсээ идүүлснээрээ түүний хувьд хожигдлын нүүдэл хийлээ. Товчхондоо Л.Гантөмөр сонгуулийн дараах "зүсэм бялуу" бодсоноос  бүтэн бялуу тооцсонгүй.

ХҮН ба Үндэсний эвсэл: Т.Доржханд & Н.Номтойбаяр

АН-ын цочир үзэгдлээс болж, олон сонгогч, дэмжигч нь гуравдагч намуудын эрэлд гарах нь нэгэнт тодорхой болсон. Мэдээж, Х.Баттулгад дургүй АН-ын дэмжигчид С.Баярцогтод дургүй АН-ын дэмжигчдээсээ олон. 2017 онд Х.Баттулгыг 600 мянган хүн дэмжиж байсан бол өдгөө 100 мянга төдий л байгаа. Тэгээд ч Х.Баттулга, МАН хоёр "нэг талын" дэмжигчидтэй. Тиймээс Х.Баттулга, Ж.Батзандан хоёроос "нүүр буруулсан" АН-ын олон дэмжигчиын горьдлого ХҮН дээр нүд тусч байна. Үндсэндээ, ХҮН намын дарга Т.Доржханд хэр оновчтой нүүдэл хийхээс бүх зүйл шийдэгдэнэ.

Т.Доржханд намын жагсаалтаа тэргүүлдэг нь буруу зүйл биш. Сонгууль бол бодлогын уралдаан. Тойргийн улс төр зөвхөн тойрогт өрнөнө. Харин жагсаалт бол намын уралдаан. Намын уралдаанд намын дарга жагсаалтаа удирдах нь зүйн хэрэг. ХҮН намын гаргасан “меню” МАН, АН шиг дуулиан тариагүй ч, нүүрсний хулгайчид, Кремлийн төслүүдгүй боломжийн хүмүүс  сойжээ.

Өнгөрсөн хавраас үйл ажиллагаагаа эхлүүлсэн Н.Номтойбаярын эвслийг дэмжигчдийн тоо бага багаар, аажим ажжмаар нэмэгдэж буй. Гэхдээ энэ нь эвслийн нэр хүнддээ биш Н.Номтойбаяр гэр хувь улстөрчийн рейтинг өндөр байгаа нь нөлөөлсөн биз. Тус эвслийн “меню” ёстой эрээвэр хувааврын цуглуулга болжээ. Х.Баттулга хүртэл Үндэсний эвслийн листэд Д.Пүрэвдаваагаа "сойчихсон"ч байх шиг.

Гуравдагчдын хүчээ хаяж буй тойргууд бол Улаанбаатарын тойрог. Угаасаа ч хөдөөг төсвийн мөнгөөр хахтал зодож байгаа МАН-ыг АН ч ялж чадахгүй нь нэн ойлгомжтой.

ХҮН намын дарга Т.Доржхандын хүсэл зорилго нь наанадаж, нэг суудлаа нэжгээд болгох, цаанадаж засагт хамтрах юм. Хамгийн магадлалтай хувилбар нь МАН ялалт байгуулбал ХҮН-д хамгийн эхний урилгаа илгээх биз. Учир нь, АН-тай хамтарна гэдэг Женкотой хамтарч байгаатай ялгаагүй. Харин Н.Номтойбаярын эвсэл их сайндаа 3-4 суудал авч магадгүй. Түүний хувьд эвсэл нь ялахаас илүү өөрөө их улс төрд "Comeback" хийх юм.

Энэ бүгдийг товчхоор дүгнэхэд тохиролцооны “меню”-тэй тоглоомын сонгууль болох нь  машид ойлгомжтой байна. Халхын заяа их гэж харин залбирах л бидэнд үлдэх шив дээ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж