Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Инээдтэй эмгэнэл

Зурагтаар
гардаг том ах нарыг харахаар инээд хүрээд байдаг юм. Нэг харахад
инээдэм ч юм шиг. Учир шалтгааныг нь ургуулаад бодохоор эмгэнэл ч юм
шиг.  Хамгийн наад захын жишээ л гэхэд Д.Дагвадорж аварга байна. Ард
түмэндээ хүндлэгдээд л. Хүн зодчихоод сумогоос хөөгдөөд ирэхэд нь
манайхан ямар гоё хүлээж авсан билээ дээ. Сайд дарга нар хүртэл хүлээж
авч уулзаад “Монголдоо сайхан амьдраарай” гэж хэлээд л гоёо гоё. Японы
ЭСЯ-ны гадна хүмүүс жагсч лоозон бариад бөөн шуугиан дэгдээсэн. Ийм үнэ
цэнэтэй нэр хүнд гэж байх уу.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн
Д.Хаянхярваа гэж ах байна. Тэр ах бол Дархан-Уул аймагт үнэхээр том нэр
хүндтэй. Хонгор сумыг хордуулсан хүмүүсийн тоонд зүй ёсоор ордог хэрнээ л
хордуулсан сумаасаа УИХ-ын сонгуулиар нэгээр гараад ирсэн. Хордчихсон
хэрнээ л Д.Хаянхярваагаа гээд сонгосон байгаа юм даа. Мөн ч сайхан
сэтгэлтэй ард түмэн шүү.

Хотын төвд өнгө үзэмж муухан ТҮЦ-тэй
хүний ТҮЦ-ийг хог дээр зөөж хаячихаад гарсан зардлыг нь эзнээр нь
төлүүлдэг хэрнээ муу байшин бариад байгаа нь бат нотлогдсон “Эко
констракшн” компаний захирал С.Нямдаваад газар олгоод байшин бариулаад
байгаа хотын удирдлагуудыг бизнес эрхлэгчийн итгэлтэй түнш байсаар
ирсэнд нь баярлан магтууштай.

Гэхдээ “Ирээдүй зөвхөн хүүхдийн
гарт байдаг. Тэднийгээ дэмжье, хайрлая“ хэмээн ам уралдан цуурдаг ах
нарыг хүүхдийн паркийн газраас хумслаад байгааг нь харахаар хачин
санагдаад нуруу руу хүйт даах боллоо. Энэ бол бас л инээдэм, бас
эмгэнэл. Үгүй ээ тэгээд иймэрхүү хүмүүсийг нийгэм хүлээж аваад улам
дэвэргэж дэмжээд өөднө явуулаад байгааг нь харахаар монголчууд бид чинь
өөрсдөө инээдтэй эмгэнэл болчихоод байгаа юм шиг. Монголоор дүүрэн
инээдтэй эмгэнэл хийсч байна. Яах вэ.  Монголчууд аа.

Б.ЭНХМӨНХ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж