Гэрэл зургийн сурвалжлагч Жилс Кларк Гаити улсын Кап-Хайтьен хотын нэгэн эмнэлгийн байр байдлыг камерын дуранд буулгав. Тэрбээр эмнэлгийн төрөх тасаг яагаад харанхуй байгааг эмчээс асуухад " Бид хэдхэн цахилгаан үүсгэвэртэй. Бүх гэрлийг асаахад хэтэрхий үнэтэй тусна. Эмнэлгийн төвийн насос бас ажиллахгүй байгаа болохоор манайд ямар ч ус байхгүй" гэж хариулжээ.
Яг одоо эмнэлгийн ажилтнууд нөөцөд үлдсэн цөөхөн хэдэн эм, хэрэгслийг аль болох бусдад хүргэх гэж хичээж байна. Үхлийн аюултай гэмт бүлэглэл, улс төрийн тогтворгүй байдал, тахал өвчнөөс болж Карибын тэнгисийн "дэлхийд мартагдсан, хэний ч тоохгүй улс" хүмүүнлэгийн хямралд оржээ. Хангамж хомсоос болж иргэд гэмт бүлэглэлүүдийн золиос болоход хүрээд байна.
Хил хязгааргүй эмч нарын байгууллагын үйл ажиллагааны менежер Жейкоб Бернс " Бүх нисэх онгоцны буудал, гарц, замууд хаалттай байгаа. Бид энэ долоо хоногт эмийн ямар ч хангамж авч чадсангүй. Дэлхийн хүнсний тусламжаас хоол хүнсний тусламж ирэхэд хэцүү болсон. НҮБ-ын Хүмүүнлэгийн байгууллагууд бидэнд тусалж чадахааргүй нөхцөл байдалд хүрсэн" гэж тайлбарлав. Зураглаач Кларк Гайти хэд хэдэн эмнэлгүүдээр орсон ба нөхцөл байдал "сэтгэл шимшрэм" байсан гэжээ.
"Миний мэдэх Гайти 14 жилийн өмнөхөөс тэс өөр болжээ. Тэнд зүгээр дайны фронт болсон. Миний 12 долоо хоногийн өмнө алхаж явсан гудамжнуудыг гэмт бүлэглэл эзэлж байна" гэв. Гаитигийн Ерөнхий сайд Ариэль Хенри өнгөрсөн сард огцорч, эрх мэдлээ шилжилтийн үеийн зөвлөлд шилжүүлжээ. Гаити одоо Кени тэргүүтэй үндэстэн дамнасан аюулгүй байдлыг дэмжих хүчнийг хүлээж байна.






























Холбоотой мэдээ