Олон улсын эрүүгийн шүүхэд Хамасын удирдагч Яхья Синвар болон Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху нарыг баривчлах хүсэлт гаргасан байна. Яхъя Синварыг аравдугаар сарын 7-нд Израиль руу хийсэн халдлагад буруутгаж байгаа бол Нетаньяхуг Газын зурваст хийсэн дайны гэмт хэргээс болж баривчилна гэж шүүхийн прокурор Карим Хан мэдэгдэв. Түүнчлэн, Израилийн Батлан хамгаалах сайд Йоав Галлант, Хамасын өөр хоёр удирдагч болох Мохаммед Дейф, Исмаил Хание нарыг баривчлахыг зорьж байна.
Олон улсын эрүүгийн шүүхэд хүргүүлсэн хүсэлт нь АНУ-ын холбоотон Израилийг Оросын байр сууринд аваачив. Үүнд АНУ-ын Байден болон Блинкен нар шүүмжлэлтэй хандаж байгаа бол Нетаньяху эрс татгалзжээ. Шүүх бүрэлдэхүүн прокурор Карим Ханы хүсэлтийг хэлэлцэж, эцсийн байдлаар зөвшөөрөл өгөх эсэхийг шийднэ. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлснээр, шүүхийн гишүүд Карим Ханы хүсэлтэд зөвшөөрөл олгох хандлагатай байна.
Хамасын удирдлагуудыг "хомроглон устгах, аллага, хүн барьцаалсан, хүчин болон барьцааны хүмүүсийг хүчирхийлсэн" хэргээр буруутгаж байна. Харин Израилийн удирдлагуудад " хомроглон устгах заавар өгсөн, өлсгөлөнг дайны зэвсэг болгосон, хүмүүнлэгийн тусламжийг хориглосон, энгийн иргэдийг онилсон" гэх зүйл ангиудад буруутгав.
Олон улсын эрүүгийн шүүх (ICC) нь Нидерландын Гааг хотод байрлалтай ба геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэрэг үйлдсэн хувь хүмүүсийг шүүх зориулалттай байгууллага юм. Тус байгууллага НҮБ-ыг Олон улсын шүүхээс өөр юм. Нийт 111 гишүүн орнуудтай, 18 шүүгчид есөн жилийн хугацаатайгаар ээлжлэн ажилладаг. Одоогийн байдлаар Хойд Уганда, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Төв Африкийн Бүгд Найрамдах улс, Судан , Кенид болсон хэрэг явдлуудад мөрдлөг явуулж байгаа бөгөөд 16 хүнийг шүүхэд дуудаад байгаагаас 7 нь нуугдсан хэвээр, 2 нь нас барсан, 4 нь баривчлагдаж, 3 нь сайн дураараа хүрэлцэн иржээ.
АНУ-ын засаг захиргаа, Израиль болон Хамас бүлэглэл Олон улсын эрүүгийн шүүхэд өгсөн хүсэлтийг эрс эсэргүүцэж байгаа ба хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ. Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон хэлэхдээ, Бүгд найрамдах намын удирдагчид Олон улсын эрүүгийн шүүхээс Беньямин Нетаньяхуг баривчлах тушаалын хариуд хориг арга хэмжээ авахаар ажиллаж байгаа гэв. Харин бусад улс орнууд Олон улсын эрүүгийн шүүхийг бүрэн дэмжиж байгаа ба туслалцаа үзүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ