Ослыг Ираны эсрэг үйлдсэн Америкийн гэмт хэргийн хар жагсаалтад бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2024.05.21-нд нийтлэгдсэн

Ослыг Ираны эсрэг үйлдсэн Америкийн гэмт хэргийн хар жагсаалтад бүртгэнэ

Ослыг Ираны эсрэг үйлдсэн Америкийн гэмт хэргийн хар жагсаалтад бүртгэнэ

Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси нисдэг тэрэгний ослоор нас барсан тул Дээд удирдагч Аятолла Али Хаменеи улс орон даяар таван өдрийн гашуудал зарлав.

Шинэ ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 28-нд болно. Тэр хүртэл дэд ерөнхийлөгч Мохаммад Мохбер ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэнэ. Түүнчлэн Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан мөн нас барсан тул Гадаад хэргийн дэд сайд Али Багери Кани түүний ажил үүргийг хүлээж авах болжээ. 

Ираны Улаан загалмай нийгэмлэгийнхэн Даваа гаригт ерөнхийлөгч Эбрахим Раиси тэргүүтэй хүмүүсийн цогцсыг олсноор эрлийн ажиллагаа дууссаныг мэдэгджээ. Нас барагсдын цогцсыг Ираны баруун хойд хэсэгт орших Табриз руу шилжүүлэх аж.

Эбрахим Раисиг өнөөдөр Табризад оршуулна гэж Ираны "Тасним" хэвлэлд мэдээллээ.

Эбрахим Раисигийн үхэлд гашуудаж буйгаа хэд хэдэн улс илэрхийлжээ. Тухайлбал, Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф улс орондоо нэг өдрийн гашуудал зарлахын зэрэгцээ Эбрахим Раиси, Хоссейн Амир-Абдоллахиан нарыг "сайн найзууд" байсан гэж тодорхойлсон байна. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Европын холбоо, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель нар ч харамсаж, гашуудаж буйгаа илэрхийлсэн.

Дашрамд дурдахад, ерөнхийлөгчийн нисдэг тэрэг осолдсон шалтгааныг цаг агаарын таагүй байдал болон сэлбэг хэрэгслийн хомсдолтой холбон тайлбарласан. Хориг арга хэмжээнээс болоод нисдэг тэрэгний сэлбэг хэрэгсэл дутмаг байсан гэх мэдээлэл гараад буй.

Тэгвэл Ираны Гадаад хэргийн сайд асан Мохаммад Жавад Зариф уг осолд АНУ-ын хориг арга хэмжээг буруутгажээ. Тэрбээр Даваа гаригт хэвлэлд ярилцлага өгөхдөө "Ираныг АНУ-д үйлдвэрлэсэн онгоц худалдаж авахыг хориглосон Вашингтоны хориг нь зарим талаараа буруутай. Хориг арга хэмжээ нь Ираныг сайн агаарын тээвэртэй болоход саад болж байна. Энэ ослыг иран үндэстний эсрэг үйлдсэн Америкийн гэмт хэргийн хар жагсаалтад бүртгэнэ" гэжээ.

Тегеран дахь АНУ-ын Элчин сайдын яамыг 1979 онд булаан авснаас хойш Ираны эсрэг янз бүрийн хориг арга хэмжээ авч ирсэн. АНУ цөмийн хэлэлцээрээс гарсныхаа дараа буюу 2018 онд эдийн засгийн хориг арга хэмжээнүүд, тэр дундаа агаарын тээврийн салбарыг онилсон хоригуудыг сэргээжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж