Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Нэг л өөр школ

“АПУ” П.Батсайханыг “Шунхлай” компаниар овоглох үеэс нь олон нийт таних болсон. Чехэд сургууль төгсч 90-ээд  оны эхээр эдүгээгийн УИХ-ын дэд даргыг бизнест уруу татсан  сайн дүү.  Тэрбээр онгоцны буудал дээр өөрийг нь үдэх гэж байсан ахыгаа “Би паспортоо гээчихэж. Та яваад ир” гээд таксфоноор яриулж ажлаас нь чөлөө авахуулаад 1000 ногоон халаасанд нь хийж өгөөд  өмд гутлын бизнест мордуулсан түүхтэй. Өвөрхангайхан “өмд, гутлын” асуудалтай гэцгээдэг ч энэ удаад өөдрөг бизнесийн эхлэл нь болсон гэдэгтэй  өдгөө  хэн маргах билээ. Төдөлгүй нутгийн шүтээн уулаараа нэрлэсэн “Шунхлай” компаниа байгуулсан ч 1996 оны сонгуулийн дараа  ах нь сайдаа хийж төрдөө зүтгэх, дүү нь бизнесээ авч явахаар  зам  салжээ.   Авто засварын газраас эхэлсэн  бизнес нь нефть импортлогч болтол өссөн байдаг.  Өрнөдийн соёлыг эзэмшсэн тэрбээр сонсдог хөгжим, ертөнцийг үзэх үзэл бодол, хобби, стиль имижээрээ төдийгүй бизнест хандах арга барилдаа  нэг өөр  школоор ханддаг нь  ажиглагддаг.  Наад зах нь бизнесээ амжилттай явуулах орчинд онцгой анхаарч байгууллагын дотоод уур амьсгал, гадаад үзэмж гээд асуудлыг цогцоор нь шийдэж байж урагшлах гол зарчмыг баримталдаг. Хэдийгээр бага залуугаасаа дээд­сийн хүрээлэлд амьдарч ирсэн ч олон нийтээс нуух нууцгүй ил тод, энгийн байхыг хичээдэг тэрбээр “Миний урт үс ухааны цараанд минь нөлөөлөөгүй байх аа” хэмээн инээж суудаг  гэсэн.  Ховор үнэтэй уран зураг, машины цуглуулгатай түүний нэр төр  шалбаагт хутгалдаж имиж нь доройтож байсныг ерөөсөө санахгүй юм. Хамгийн сүүлд “Чингис хаан” банкны С.Громов түүнийг  машинтай нь элдэж буудах шахсан гэдэг   сенсаци л сонины хуудас чимж байснаас өөр гавьтай юм сонсогддоггүй. Өдгөө 80 жилийн түүхтэй АПУ компанийг  үүрч шинэ чамин брэндүүдээр чимж яваа атлаа бу­сад  бизнесмэнүүд шиг шар, бор хэвлэлд хадаатай байдаггүй нь гайхмаар. Яаж тэгж сэтгүүлчдийн анхааралд өртөхгүй сенсацины баатар болчихгүй олны танил хэвээр амьдарч чаддаг  юм бол. Нэг л өөр школ байгаа л юм даа.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж