Монгол Улсын нутаг дэвсгэр дээр түр болон байнга оршин сууж байгаа хүүхэд Монгол Улсын харьяат байхаас үл хамааран Хүүхдийн хамгааллын тухай хууль үйлчилнэ.
УИХ-аас Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг 2024 оны нэгдүгээр сард шинэчлэн найруулж баталсан. Хуулийн шинэчилсэн найруулгад хэд хэдэн онцлох өөрчлөлтүүд орсон. Үүний нэг нь бидний өмнө нь огт анзаардаггүй, мэддэг ч тоодоггүй байсан “үл хайхрах хүчирхийлэл”.
Хүүхэд нийгмийн хамгийн бага нэгж болох гэр бүлд төлөвшиж, бие хүн болдог. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн уур амьсгал хэр зөөлөн, эерэг, зөв байна тэр хэрээр хүүхдэд зөв төлөвшил олгоход чиглэдэг. Сүүлийн жилүүдэд нийгэм даяаршихын хэрээр амьд харилцаа багасаж, гэр бүлийн хоорондын харилцаа ч хол хөндий болсон гэхэд хилсдэхгүй. Дөрвөн хана, нэг дээврийн дор хамт байгаа ч эцэг, эх асран хамгаалагчид хүүхдээ үл тоож бие махбодын биш ч сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсээр байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд энэ үзэгдэл ихээр ажиглагдаж, үл хайхрах хүчирхийлэл гаарсаар байгаа юм.
Дан ганц эцэг эх гэлтгүй томчууд, нийгмээрээ хүүхдүүдийг үл хайхарч хүүхэд болзошгүй эрсдэлд өртсөөр байна.
“Та” хүүхдэдээ хэр их цаг гаргадаг вэ. Хүүхдээ сонсож, анхаарал тавьж юунд дуртай, дургүй ямар зан араншинтай, хэнтэй нөхөрлөдөг, ямар хоббитой зэргийг нь мэддэг үү?
Кейс 1. Нэр сургуулиа нууцлахыг хүссэн есдүгээр ангийн охин. Тэрбээр нэг хүүтэй үерхдэг аж. Ээж аав хоёр нь эсэргүүцэж түүнд гар хүрсэн. Охин “Бид зүгээр л үерхэж нөхөрлөдөг. Уг нь аавыгаа ойлгох байх гэж бодсон. Гэвч аав ойлгохгүй маш их уурласан. Түүний оронд надтай ярилцаж, зөвлөсөн бол би ойлгох байсан. Би аавдаа маш их хайртай. Аав надтай бараг юм ярьдаггүй. Намайг юунд дуртайг сонирхдог, үерхэл нөхөрлөл дээр маань зөвлөгөө өгч миний найз шиг байгаасай" гэж хүсдэг. Ээж өглөө гараад орой ирдэг. Ярилцах цаг зав бараг байдаггүй. Бусдаар надад дутагдах гачигдах зүйл байхгүй. Ээж аав хоёр маань намайг анхаарч надтай ярилцдаг, ойлгодог,зөвлөдөг байгаасай л гэж хүсэж байна” гэжээ.
Кейс 2. III ангийн эцэг эхийн хурал дээр багш нэгэн ээжид хүүхдийг нь гэрийн даалгавраа хийхгүй байна гэв. Гэтэл ээж нь "Би завгүй. Өглөө унтаж байхад нь гараад, орой унтсан хойно нь орж ирдэг. Надад тийм зав алга" гэж жишим ч үгүй хэлж байхыг сонсож байв. Уг нь хүүхдийнхээ даалгаврыг хийлгэж анхаарал тавих нь тэр хүний үүрэг баймаар.
Кейс 3. Д.Солонго Сити их сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцдаг. Түүний аав ээжээс нь салж өөр амьдрал зохиосон. Тэрбээр хоёр дүү ээжтэйгээ хамт амьдардаг. Ээж нь архи уудаг. Уухаараа долоо хоног түүнээс дээш хугацаагаар алга болдог. Хааяа уурлахаараа түүнд гар хүрдэг. Хурдхан сургуулиа төгсөөд тусдаа гармаар байна. Ээжийг архи ууж уурлахаар гэрээсээ явж, найзуудынхаараа байдаг. Тэгж явахдаа дүү нартаа санаа зовоод байдаг" хэмээн ярьжээ.
Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэвэл эрүүгийн хариуцлага тооцно
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улс 3.504.741 хүн амтай байна. Үүний 1.3 сая гаруй нь 0-18 насны хүүхэд.
Хамгийн гэнэн цагаахан, бүх зүйлд итгэдэг, чин сэтгэлээсээ хайрладаг, инээдэг, уйлдаг хүн бол хүүхэд. Тиймдээ ч цагаан цаасан дээр толбо тогтох нь амархан.
Хүүхдийн бага насанд ямар нэгэн хар бараан дурсамж үлдээвэл тэр нь насан туршид нь арилдаггүй гэдэг. Гэвч хүүхдийг бүхий л орчинд томчууд, үе тэнгийнхэн нь бие махбодын, сэтгэл санааны, үл хайхрах гээд олон төрлөөр хүчирхийлж байна. Сүүлийн үед хүүхдүүдийн өртөж байгаа хүчирхийллийн нэг бол үл хайхрах. Хүүхэд “Үл хайхрах” хүчирхийлэлд өртөх нь болзошгүй, аюултай нөхцөл байдалд орох хамгийн эхний алхам нь. Чөлөө завгүй амьдрахыг тулгаж байгаа нийгмийг, эрх баригчдыг буруутгаж болох ч төрүүлсэн үр хүүхдэдээ анхаарал халамж тавихгүй байгаа эцэг эхийг зөвтгөх шалтгаан үгүй юм.
Үл хайхрах хүчирхийлэл гэдэг нь “Хүүхдэд өгөх ёстой хайр халамж, боловсрол, хувцас хэрэглэлээр гачигдуулах мөн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхгүй байснаар хүүхдэд гэм хор учруулсан, учруулахаар завдсан урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүй гэх мэт. Эцэг эх, асран хамгаалагч,харгалзан дэмжигч нар насанд хүрээгүй хүүхдийн анхан шатны хэрэгцээг хангахгүй байхыг хэлнэ” гэжээ
Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдээ хаана юу хийж, хэнтэй нөхөрлөж байгаа, хүүхэд нь юунд дуртай, дургүй гээд хамгийн чухал зүйлийг нь анзаарч ярилцах нь ховордсон. Эд материалаар гачигдуулахгүй байгаагаа хайр халамж гэж ойлгодог эцэг эхчүүд ч олон болсон талаар сэтгэл зүйчид ярьж буй.
Эд материал, ном дэвтэр бол хүүхдийн хэрэгцээ. Түүнийг авч өгөх нь эцэг, эхийн үүрэг. Харин хайрлаж, сонсох, ярилцах дуртай зүйлийг нь ойлгож дэмжих зэрэг нь гол анхаарах асуудал.
Үүний дараагаар хүүхэдтэй холбоотой хамгийн эмзэг асуудлын жагсаалтад “архи” хамаарна. Эцэг эх хоёр нь хоёулаа нийлж архидан согтуурдаг. Архины хамраалтай болсон гэр бүл хэдэн зуугаар тоологдохоор болоод байгаа нь эмзэглэмээр, анхаарал хандуулах шаардлага тулгараад байгаа сэдэв юм. Хүүхдүүд бидний үргэлжлэл, эх орны ирээдүй. Эцэг эх бол хүүхдийн толь гэдэг.
Одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжоор үл хайхрах хүчирхийллийг Хүүхэд хамгааллын тухай хуульд хуульчилж зааж өгөөгүй байжээ. Шинэчлэн батлагдаж байгаа Хүүхэд хамгааллын тухай хуулиар үл хайхрах хүчирхийллийг хуульчилж өгсөн.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.20.8-д “Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдэгдэх, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300 мянган төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг.
2024 онд хүүхэд хамгааллын чиглэлд найман тэрбум төгрөг зарцуулна
Хагас өнчин хүүхэд 36,3 мянга, бүтэн өнчин хүүхэд 2911, үрчлэгдсэн хүүхэд 1478, хүнсний эрхийн бичигт хамрагддаг хүүхэд 76063, нийгмийн халамжийн зайлшгүй дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхөд амьдарч байгаа 460344, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд 14207, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн хүүхэд 3226, асрамж халамжийн 30 төвд 1031 хүүхэд амьдарч байна.
Мөн хүүхэд оролцсон гэмт хэрэг 1540, гэмт хэргийн улмаас хохирсон хүүхэд 2014, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхэд 92, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд 177, бэлгийн хүчирхийлэлд 358 хүүхэд өртжээ.
Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хүүхдийн хамгаалал, хөгжлийн чиглэлээр зарцуулсан хөрөнгө 2017 онд 900.1 сая төгрөг байсан бол 2018 онд 6.4 тэрбум төгрөг, 2019 онд 7.6 тэрбум төгрөг, 2020 онд 6.4 тэрбум төгрөг, 2021 онд 8.0 тэрбум төгрөг, 2022 онд 8.0 тэрбум төгрөг зарцуулсан аж. 2024 онд мөн найман төгрөг зарцуулахаар улсын төсөвт суулгажээ.
Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2018-2023 онд 19231 хүн үйлчлүүлсний 67,7 хувь нь хүүхэд байна. Хүүхэд хүчирхийллийн эсрэг 108 мэдээллийн төвд жилд дунджаар 11 мянга гаруй дуудлага мэдээлэл бүртгэгддэг ажээ. Үүнээс тэн хагас нь зорилтод буюу хүүхэд хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл байдаг аж.
Дуудлага мэдээллийн 30 хувь нь үл хайхрах хүчирхийлэлд өртсөн, харин 60 хувь нь сэтгэл зүй, бие махбодын хүчирхийлэл, гурван хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн, үлдсэн долоон хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөн гэх мэдээлэл байна.
Сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн ноцтой гэмт хэрэг, нийгмийг цочроосон үйлдлүүд ихээр гарах болсон тул хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталжээ.
Уг хуулийн төсөлд үе тэнгийнхний дээрэлхэлт, ахуйн хүрээнд архидан согтуурч улмаар хүүхдийг хохироох, үл хайхрах мөн хүүхдийг цахимаар дээрэлхэх зэрэг нийгэмд энгийн үзэгдэл болсон мэт эдгээр асуудлуудад хуулийн хариуцлага хүлээлгэдэг байхаар шинэ зохицуулалтуудыг оруулсан байна. Мөн хууль, шүүхийн байгууллагын алба хаагчдын үйл ажиллагаа, арга барил нь хүүхдэд ээлтэй, дээд эрх ашгийг нь хангасан үйлчилгээ явуулдаг байхаар хуулийн шинэчилсэн найруулгад тусгагджээ.
Холбоотой мэдээ