Ардчилсан намын Улс төрийн бодлогын зөвлөл яг энэ цаг мөчид хуралдаж байна. Улс төрийн бодлогын зөвлөлийн хуралдааны дараа Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ албан ёсоор батлан нэрсийг зарлах юм. Тэгвэл Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Пүрэвдорж дараах мэдээллийг өгч байна.
-Таны нэр дэвших тойрогт Ардчилсан намаас хэн, хэн өрсөлдөхөөр горилж байна вэ?
-Манай Ховд аймаг гурван мандаттай. Одоогийн байдлаар таван горилогч бий. Миний бие, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн асан Д.Батцогт, Үенч сумыг маш сайн хөгжүүлсэн н.Уртнасан, мөн бизнес эрхлэгч н.Мөнхцэцэг гэж эмэгтэй байгаа.
-Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Х.Баттулга Хөвсгөл, Булган, Орхон аймагт нэр дэвших асуудал яригдаж эхэллээ. Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй гэсэн Ардчилсан намын бодлого юу болж байна вэ. Та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Манай намын нэр дээр сайд, дарга хийгээд Ерөнхийлөгч хүртлээ явсан хүн дахин УИХ-ын сонгуульд өрсөлдөж хэрэггүй дээ гэж үздэг хүний нэг би. Ер нь бол манай намын олон хүмүүс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд , сайд хийцгээсэн. Тэр хүмүүсийн төлөө манай намын гишүүд гутлынхаа улыг эргэтэл явцгааж амжилтад хүргэж байсан. Гэтэл тэр хүмүүс “Би гишүүн болно, том албан тушаалтан болно” гээд яваад байгаа. Энэ амбицаасаа татгалзах хэрэгтэй, залуучуудаа гаргах хэрэгтэй. Эрдэм мэдлэгтэй залуу үедээ зай тавьж өгөх хэрэгтэй.
-Залуучууддаа ахмад үе нь зай тавьж өгч байгаа юу?
-Хуучин хүмүүсээ харахаар гарын таван хуруунд багтах хүмүүс нэр дэвшиж байгаа. Тийм болохоор манай нам дэндүү залуужсан.
-Ардчилсан нам дотоорх хагарал хэр эцэс болсон уу?
-Мэдээж, маргалдаан зөрөлдөөн байна. Шийдэх нь намын удирдлагын хийх ёстой ажлын нэг. Нийтдээ 250 иад хүн 126 мандатын төлөө өрсөлдөж байна. Хуулиараа өнөөдөр 24.00 цаг гэхэд нийт нэр дэвшигчид тодрох ёстой. Нэр дэвших эрх авсан хүмүүс дээрээ намын гишүүд, дэмжигчид маань дэмжээд ажиллачихна. Би бол намынхандаа итгэж байна.
Г.ХОРОЛ