ОХУ-ын эдийн засаг 2024 оны эхний улиралд 5.4 хувиар өссөнийг өнгөрсөн Баасан гаригт нийтлэгдсэн албан ёсны статистик мэдээллээс харах боломжтой. Украин дахь дайнд зарцуулсан цэргийн зардал нь тогтворгүй хэмжээнд хүрч буйг ерөнхийлөгч Путин үгүйсгэхтэй давхцан уг статистик гарав.
ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украинд довтолсноос хойш эдийн засгаа эрс цэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, цэргийн техник хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх, мөргөлдөөний эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлдвэр, ажиллах хүчнийг нэмэгдүүлэх зэргээр батлан хамгаалахын зардлаа эрс нэмэгдүүлсэн гэсэн үг юм. Батлан хамгаалахын зардал нэмэгдсэн нь барууны хориг арга хэмжээний улмаас үүссэн эдийн засгийн зарим сорилтыг бууруулахад тусалжээ.
Ажлын байр бий болгох, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, технологийн хөгжил, гадаадын техник, тоног төхөөрөмжөөс хараат байдлыг бууруулах зэрэг богино хугацааны эдийн засгийн үр өгөөж бий. Мөн үндэсний бахархалыг нэмэгдүүлэх, засгийн газрын дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг давуу тал ч байна. Богино хугацааны үр ашиг байгаа ч урт хугацаандаа эдийн засгийг хүчтэй цэрэгжүүлснээр нарийн төвөгтэй байдалд хүрч магадгүй.
ОХУ-ын хувьд батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлсэн нь инфляцийг өдөөжээ. Росстат статистикийн агентлагийн мэдээлснээр энэ оны эхний улиралд инфляци өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас 4.9 хувиар өссөн байна. Харин 2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар инфляцийн түвшин өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар өсчээ.
ОХУ-ын цэргийн зардал дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувийг давсан. Гэвч энэ нь тогтворгүй хэмжээнд хүрсэн явдал биш гэдгийг Путин Хятадад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр баталжээ. Путин хэлэхдээ “Одоохондоо энэ тийм чухал биш. 1985-1986 онд ЗХУ-д батлан хамгаалахын зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг эзэлж байсан. Эдийн засгийн байдал, макро эдийн засгийн үзүүлэлтүүд, төсвийн орлогын төсөөллийг харгалзан үзвэл батлан хамгаалах, аюулгүй байдлын зардал нийлээд найм ба түүнээс дээш хувьтай тэнцэх нь тийм айхавтар асуудал биш. Оросын цэргийн зардал бол болгоомжтой бөгөөд үр дүнтэй ашиглах ёстой агуу нөөц. Оросын төр үүнээс ч өндөр зардлыг нөхөх орон зайтай хэвээр гэж шинжээчид үзэж байгаа” гэжээ.
Оросын арми өнгөрсөн долоо хоногт Украины зүүн хойд хэсгийн Харьков мужид томоохон шинэ довтолгоо хийсэн. Путин Украин болон түүний барууны дэмжигчдээс илүү их зардал гаргаснаар ялалтад хүрнэ гэж горилж буйгаа харуулав.
Барууны хориг арга хэмжээ ОХУ-ын эдийн засгийг гүн хямралд оруулна гэж шинжээчид таамаглаж байсан. Гэвч ОХУ эрчим хүчний экспортоо Хятад, Энэтхэг зэрэг орон руу чиглүүлснээр хориг арга хэмжээг даван туулж байна. Ялангуяа Хятад улс сүүлийн хоёр жилийн хугацаанд Оросын эдийн засгийн хамгийн чухал холбоотон болсон.
Ерөнхийлөгч Путин өнгөрсөн Баасан гаригт Орос, Хятадын харилцаанаас болж Бээжинд шахалт үзүүлэхийг оролдож буй АНУ-ыг шүүмжилжээ. Тодруулбал, АНУ саяхан ОХУ-тай харилцдаг Хятадын банк, компаниудад хориг арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм. Энэхүү “заналхийллийг” Путин хууль бус гэж нэрлээд хоёр орны зээлдүүлэгчид хил дамнасан төлбөр тооцооны асуудлыг даван туулахаар ажиллаж байна гэжээ.
АНУ хориг арга хэмжээнд өртсөн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад нь ОХУ-ын армид тусалж байна гэж үзээд Хятад зэрэг гуравдагч орны компаниудыг онилжээ.
Батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлсэн нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж байгаа ч сөрөг тал ч бас бий. Үйлчилгээ, мэдээллийн технологийн салбар зэрэг орхигдсон салбарууд ажиллах хүчний хомсдолд орж байна. Яагаад гэвэл залуусын олонх нь цэрэгт татагдаж, эх орноосоо дүрвэж, эсвэл зэвсгийн үйлдвэрлэлийн салбарт ажиллах болжээ.
Мөн инфляцийн өсөлт өнгөрсөн сард засгийн газраас тавьсан 4.0 хувь гэх зорилтоос давсан тул Төв банк үндсэн хүүгээ 16 хувьд хүргэжээ.
Барууны орнууд ОХУ-д хориг арга хэмжээ авсны дараа 2022 онд тус улсын инфляци 1.2 хувиар буурсан. Улмаар 2023 онд инфляци 3.6 хувиар өссөн байна.
ОХУ-ын эдийн засгийн шинжээч, АНУ-ын Корнеллийн их сургуулийн туслах профессор Николас Мулдер Оросын батлан хамгаалах салбарыг эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байж болзошгүй гэж үзжээ. Тэрбээр “Дайн эхэлснээс хойш 500 мянга орчим хүн батлан хамгаалахын салбарт ажилд орсон. Тэд илүү их мөнгө олох тусам энэ нь эдийн засгийн бусад салбарт нөлөөлнө” гэв.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дайнтай тэмцэхэд шаардагдах асар их хэмжээний цэргийн зардал нь эдийн засгийг түр зуур өсгөх магадлалтай. Тухайлбал, Олон улсын валютын сан энэ онд Оросын дотоодын нийт бүтээгдэхүүн 3.2 хувиар өснө гэж тооцоолжээ.
Эх сурвалж: THE MOSCOW TIMES, NHK
Холбоотой мэдээ