ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонгосон талаар өнөөдөр /2024.05.20/ мэдээллээ. Тус намын төлөөлөх зөвлөлийн хурал хоёр хэсэгтэй болж байна. Эхний хэсэгт 13 тойргийн нэр дэвшигчийг батлах хэсэг сая болж өнгөрлөө.
ХҮН намын дарга Т.Доржханд:
-Монголын улс төрийн намууд, ялангуяа парламентад бүртгэлтэй намуудын хувьд шийдвэр гаргах онцгой өдөр. ХҮН намын хувьд хурлаа амжилттай зохион байгуулж байна. Хурал хоёр үе шаттай болно. Нэг нь 78 нэр дэвшигчтэй тойргийн төлөөлөл, хоёр дахь нь 48 нэр дэвшигчтэй жагсаалт гэсэн хэлбэрээр явна. Бид 78 нэр дэвшигчээ баталгаажууллаа. Энэ удаагийн сонгуулиар ХҮН намын зүгээс 126 салбар бүрийн мэргэжилтнүүд дэвшүүлэхээ зарласан.
ХҮН намын нэр дэвшигчдийн 70 хувь магистр, докторын зэрэгтэй, үлдсэн 30 хувь нь бакалаврын боловсролтой. Нийт нэр дэвшигчдийн 46 хувь нь эмэгтэй, 54 хувь эрэгтэйчүүд байна. 126 гишүүний асуудал, 48 жагсаалтыг нэрсийг одоо үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Нэр дэвшигчдийн 50 хувь нь баруунд өндөр боловсрол эзэмшсэн. Дундаж нас 43.
ХҮН намаас нэр дэвших 220 хүсэлт ирснээс хамгийн өндөр боловсрол, эрэлттэй мэргэжилтэй 78 төлөөлөгчийг бид сонгосон.
Мэргэжлийн байдлаар ангилж үзвэл багш судлаачид 23 хувь, инженер, мэдээллийн технологийн салбарын 23 хувь, жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн салбарынхан 18 хувь, санхүү, эдийн засгийн салбарынхан 15 хувь, хууль эрх зүй, гадаад харилцааны мэргэжилтнүүд 13 хувь, эм, эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүд найман хувь, хөдөө аж ахуй, байгаль орчин, батлан хамгаалах болон соёл урлагийн салбарынхан үлдсэн хувийг эзэлж байна. Үүгээрээ ХҮН нам салбар бүрийн мэргэжилтнүүдийн төлөөллийг сонгосон гэсэн үг.
Бодлого ярьдаг, бодлогыг санхүүжүүлдэг хүмүүс төрд байх ёстой болохоос олон жил дарга дагасан, цүнх барьсан хүмүүс төрд очих ёсгүй. Тиймээс бидний тогтоож байгаа шинэ жишиг боловсрол, эмэгтэйчүүдийг илгээж байгаагаар онцлог.
Төвийн бүсэд бид инженерүүдийг явуулж байгаа. Хангайн бүсэд илүүтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх багаа явуулна. Говийн бүсэд эдийн засагчид болоод инженерүүдийн багаа явуулж байгаа. Зүүн бүсэд хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, эдийн засагчдын багаа явуулна.
Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт эдийн засагч Б.Отгонтөгс, С.Санасэр, А.Мандахнаранг явуулж байна. Баянзүрх дүүрэгт доктор П.Наранбаяр, эмч Цэцэгбал нарыг илгээнэ. Тэгэхээр дүүрэг бүрийн онцлогт тохирсон мэргэжилтнүүдийн баг явуулж байгаагаараа онцлог.
Миний хувьд Хан-Уул дүүрэгт нэр дэвших сонирхлоо илэрхийлээд явж байгаа.
Гэхдээ төлөөлөх зөвлөлийн гишүүд эцсийн байдлаар намайг нэр дэвших эсэхийг шийднэ. Намын даргын хувьд жагсаалтаараа нэр дэвших, хөдөө орон нутагт явж ирэх, нөгөө талдаа Үэдсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн суурь ойлголт зэрэг олон ажилтай. Парламентын засагтай улсуудын онцлог бол намын дарга засгийн эрхэнд гарахын бол Ерөнхий сайд болдог. Түүнээс Ерөнхийлөгч болно гэж мөрөөдөөд УИХ-ын даргын зөөлөн суудал дээр суудаг нь зарчимгүй зүйл. Энэ дунд нам, институцийн тогтолцоо эвдэрдэг. Энэ дунд нь хулгай явагддаг. Тийм болохоор би бусад намын удирдлагуудад уриалж байна.
Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр зэрэг хүмүүс тойрог төлөөлөх ёсгүй.
Холбоотой мэдээ