“Метро” барих төслийн зөвлөх үйлчилгээний компани сонгон шалгаруулах ажлын хоёрдугаар шатыг эхлүүлж байгаа талаар нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр /2024.05.20/ мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.САЙНЗОРИГ:
-Улаанбаатар хотод масс тээврийн хэрэгсэл “Метро” барьж байгуулах ажлын зөвлөх үйлчилгээг нээлээ. Хоёр үе шаттай тендерийг Монгол анх удаа зохион байгуулж байна. Нэгдүгээр үе шатны тендерийг хоёрдугаар сарын 29-ны өдөр зохион байгуулсан. Энэ тендертэй холбоотойгоор 11 улсын 20 компани тендерийн үйл ажиллагаанд оролцохоо илэрхийлсэн. Эдгээр байгууллагуудын ирүүлсэн техникийн үнийн санал болон бусад шаардлагатай мэдээллийг цуглуулан ажлын даалгавар боловсруулж хоёрдугаар үе шатны тендэрийг 11 улсын 20 компанийн дотор тендерийг зарласан. Бичиг баримтыг Монгол хэл рүү орчуулах, бусад шаардлагатай техникийн ажлууд дээр цаг хугацаа орж байна гэсэн учир тавдугаар сарын 3-ны дотор нээх байсан боловч оролцогч зарим компаниудын хүсэлтийн дагуу тендэрийг өнөөдөр /2024.05.20/-ны өдөр 14:10 цагт хоёрдугаар үе шатны тендерийн системийг нээж байна. Улаанбаатар хотод ирэн очин хоёр сая орчим иргэн амьдарч байна. Дан ганц автобусаар нийтийн тээврийн хүртээмжийг хангаж чадахгүй. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлэх зорилгоор хамгийн түрүүнд “Метро” барьж байгуулах ажлыг эхлүүлэхээр болсон. 17.7 км урттай Амгалан-Толгойт гэсэн чиглэлд метро барихаар болсон. ТЭЗҮ хийгдэж байна. Үүний 6.6 км туннел бусад нь газар дээгүүрх байгууламжтай байхаар үе шаттай ажлууд хийгдэж байна. Зөвлөх үйлчилгээнд шалгарсан компанитай гэрээ байгуулж дараагийн үе шат болох метро барьж байгуулах газрыг сонгон шалгаруулах тендерийг удахгүй зарлана. Бид метро барих туршлага байхгүй учир зайлшгүй нарийн мэргэжлийн зөвлөх баг хэрэгтэй байгаа юм. Тиймээс зөвлөх команиар сонгогдсон компани метро барьж эхлээд, дуусах хүртэл шаардлага хяналт тавина. Метро барих барилгын ажил энэ намар эхлэх төлөвлөгөөтэй байна. Зөвлөх үйлчилгээний компани сонгогдсоны дараа барьж байгуулах компани шалгаруулна. Түүний дараа газар чөлөөлөх, бэлтгэл геологийн болон гидрогеологийн судалгаанууд хийнэ. Мөн метро барихад шаардлагатай техникүүдийг татан авах, угсрах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Тендерт орж ирсэн компанийг үнэлгээний хороо нэг бүрчлэн шалгана. Үүний дараа зөвлөх үйлчилгээнд шалгарсан компанийг зарлана.