Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу "Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх 4,1 сая еврогийн өртөг бүхий төслийн хүрээнд 35 иж бүрдэл тусгай зориулалтын түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр /2024.05.20/ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн талбайд боллоо. Ёслолд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Стефан Хейнович болон эрүүл мэндийн салбарынхан оролцлоо. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ёслолын нээлтэд хэлсэн үгэндээ “БНПУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газар болон эрүүл мэндийн салбарыг дэмжин урт хугацааны туршид үнэтэй хөрөнгө оруулалтыг хийсээр ирсэнд талархал илэрхийлье. Дэлхий даяар covid-19 цар тахал дэгдэж, мөн Украины дайны нөхцөл байдлын улмаас төслийн хэрэгжилт удааширсан ч өнөөдөр түргэн тусламжийн автомашинуудаа эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгөхөд бэлэн болсонд баяртай байна" гэв.
Уг төслийн хүрээнд эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон "MAN TGE 3.140" 4×4 маркийн 33 түргэн тусламжийн автомашин, мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, засвар үйлчилгээ хийх зориулалттай Pick up загварын хоёр, нийт 35 машин нийлүүлэхээс эхний ээлжийн 20 эрүүл байгууллагуудад хүлээлгэн өглөө.
Түргэн тусламжийн эдгээр машин нь яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд шаардлагатай зөөврийн амьсгалын аппарат, дефибрилятор, өвчтөн зөөвөрлөх тэргэнцэр, даралтны аппарат, хүчилтөрөгчийн баллон, төрөл бүрийн чиг баригч зэрэг 22 нэр төрлийн багаж төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон. Мөн Pick up загварын 2 автомашин нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг шалгах таван нэр төрлийн эталон тоног төхөөрөмжөөр тоноглогдсоноороо эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын хяналт хийх боломж бүрдэж байна. Эхний ээлжийн 20 машиныг Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Багануур, Багахангай, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагуудад өгч буй юм. Төслийн хүрээнд Польш Улсын "Stolarczyk Miroslaw Technologia Pozarnicza" компанитай "Supply of customized ambulance in rural areas" MOH/2021-005-0723 дугаартай 4.15 сая еврогийн үнийн дүнтэй гэрээ байгуулж түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон автомашинаас гадна молекул биологийн иж бүрэн 11 лабораторийн тоног төхөөрөмж, 3 суурин рентген аппарат болон бусад нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлсэн байна.
Холбоотой мэдээ