Баярлалаа Юрген, Баяртай Тиаго

Хуучирсан мэдээ: 2024.05.20-нд нийтлэгдсэн

Баярлалаа Юрген, Баяртай Тиаго

Баярлалаа Юрген, Баяртай Тиаго

Английн Премьер лигийн 2023-2024 оны улирлын 38 дахь буюу сүүлийн тойргийн тоглолтууд өчигдөр/2024.05.19/ будант Албион даяар нэгэн зэрэг эхэлсэн. Сүүлийн тойрог гэдэг утгаараа аварга багийн нэр тодорч, зарим домгууд клубээсээ салах ёс гүйцэтгэв.


АВАРГЫН ӨРСӨЛДӨӨН

Лигийн өрсөлдөөн шувтарч, өнгөнд гурван баг бусдаасаа хол тасарсан. Харамсалтай нь Юрген Клоппын Ливерпүүл бариа дөхөх үед бүдэрч, Манчестер Сити, Арсенал хоёр тунасан. Хоёрхон онооны зөрүүтэй дээр доороо гарч явсаар 38 дугаар тойрогт ялагч тодрохоор болов.

Арсенал талбайдаа Эвертоныг, Манчестер Сити талбайдаа Вест Хэмийг хүлээн авсан. Сити хожигдож, Арсенал хожвол Лондоны улаан баг удаан хүлээсэн аваргын цомоо хүртэх байсан бол Сити хожиход л дөрөв дараалан түрүүлэх байв.

Ингээд тоглолтууд ч эхэлж, Английн хоёр талд фанатууд чих тавьсан. Арсеналын фанатууд гайхамшигт итгэхийг хүссэн ч Манчестер Сити алдаа гаргасангүй. Өрсөлдөгчөө 3-1 гэсэн харьцаатай хожиж, аваргын баяраа тэмдэглэж, медаль цомоо гардсан. Харин Арсеналынхан дахиад л нулимстай хоцров. Өнгөрсөн улирал ч Арсенал гайхалтай эхлэлийг тавьсан ч улирлын төгсгөл рүү саарч, аман хүзүүдсэн билээ.

ДОМГУУДЫН ҮДЭЛТ

Премьер лиг хоёр домгоо үдлээ. Тодруулбал, Ливерпүүлийг эргүүлэн ялалтын замд хөтөлж, олон цом авчирсан Юрген Клопп багаа удирдан сүүлийн тоглолтдоо оролцов. Түүнд клуб, фанатуудын зүгээс гайхалтай хүндэтгэл үзүүлэн өнгөрсөн хугацаанд хийсэн бүхэнд нь талархлаа илэрхийлсэн.

2015 онд Ливерпүүлийг удирдахаар ирснээсээ хойш Юрген Английн Премьер лиг, УЕФА Аваргуудын лиг, ФА кап, лигийн цом гээд бүхий л тэмцээнд түрүүлсэн. Гэхдээ энэ бүх ялалт, амжилтад шууд хүрээгүй. УЕФА Аваргуудын лиг, Европа лигийн финалд хожигдож, Премьер лигт түрүүлэхэд хоёрхон оноо ч дутаж байсан үе бий.

Юрген Клопп Ливерпүүлийн 30 жил хүлээсэн Премьер лигийн аваргын цомын цангааг тайлсан.

Клопп өнгөрсөн улирлыг дүгнэхдээ "Бид саранд зорьсон ч одон дээр төгслөө" гэжээ. Түүнийг үдэж Энфилд цэнгэлдэхэд хуран чуулсан фанатууд "You’ll Never Walk Alone" дууг дуулахад зарим тоглогч нар нүдэндээ нулимстай зогсч байлаа.

Тэгвэл Лондон хотын цэнхэр баг мөн домгоо үдсэн. Хэдий Тиаго Силва ердөө дөрвөн улирлыг Челсид өнгөрүүлсэн ч домог гэж хэлэгдэх хүндлэлийг хүлээсэн нэгэн. Залуучуудад жинхэнэ лидер ямар байдгийг харуулж, үгээрээ, үйлдлээрээ, тоглолтоороо фанатуудын хайр, хүндэтгэлийг олж чадсан. Түүнд зориулан Челсигийн зүгээс ч хүндэтгэл үзүүлж, талархлаа илэрхийлсэн.

Тиаго Силва Стэмфорд Бриджэд чуулсан фанатууддаа хандан "Миний мөрөөдөл бол хүүхдүүдээ энэ клубын төлөө тоглуулах. Би та бүхнийг санах болно. Та нартаа хайртай" гэжээ.

Өдгөө 39 настай Тиаго Силва Челсигийн хамтаар хүсч хүлээсэн УЕФА Аваргуудын лигтээ түрүүлснээс гадна Европын супер цом, клубуудын дэлхийн аваргад түрүүлсэн амжилттай.

Тиаго Силва ирэх улирал унаган баг болох Бразилын Флуминензе багтаа тоглож, зодог тайлна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж