Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” эмнэлэг хамтран “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” 2023-2027 төслийн хүрээнд нийлүүлж буй хүүхдийн хорт хавдрын эмийн эхний ээлжийг өнөөдөр /2024.05.20/ Монгол Улсад хүлээлгэн өглөө. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д болсон эм хүлээн авах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар оролцов.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:
-2023-2027 онд хэрэгжих “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-д эхний ээлжинд ДЭМБ-ын бүс тус бүрээс 1, нийт 6 орныг сонгон, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 30 гаруй нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх ажлыг эхлүүлсэн. ДЭМБ-аас 2021 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэл бага болон дунд орлоготой 50 улсын 120 мянга орчим хорт хавдраар шаналж буй хүүхдэд санхүүгийн хүндрэлээс хамааралгүйгээр нэн шаардлагатай эмийг хүртээмжтэй хангах төслийг хэрэгжүүлэх санаачлагыг гаргасан. Монгол улс энэхүү төсөлд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс сонгогдсонд бид баяртай байгаа бөгөөд өнөөдөр энэхүү төслийн хүрээнд нийлүүлэгдэх эхний ээлжийн эмийг хүлээж авч байна. Монгол Улсад жилд дунджаар 100-120 хүүхэд шинээр хорт хавдартай гэж оношлогддог. Тархины хорт хавдартай хүүхдүүдийн 46.7 хувь, цусны хорт хавдартай хүүхдүүдийн 70 хувь нь анх оношлогдсоноос хойш тав буюу түүнээс дээш жил амьдарч байгаа нь дэлхийн дунджаас бага байна. Мөн эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдийн 30 орчим хувь нь эмийн гаж нөлөө болон бусад шалтгааны улмаас эмчилгээг бүрэн гүйцэд хийлгэхгүй хаяж байгаа нь нэлээд өндөр үзүүлэлт. Иймээс эмийн хатуу зохицуулалттай улсад үйлдвэрлэсэн энэхүү эм нь хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний хүртээмж, тэр дундаа эмийн чанар, хангамжийг сайжруулах ач холбогдолтой.
ДЭМБ-аас АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэл бага болон дунд орлоготой 50 улсад амьдарч буй хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд нэн шаардлагатай эмийг санхүүгийн хүндрэлээс хамааралгүйгээр хүртээмжтэй олгох санаачлагыг 2021 оны арванхоёрдугаар сард гаргасан. Тус санаачлагын хүрээнд эхний ээлжинд ДЭМБ-ын зургаан бүс бүрээс нэг, нийт зургаан улсыг сонгон авч, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 35 хүртэлх нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх ба манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсэд харьяалагдах 37 улс орноос сонгогдсон байна.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте:
–Дэлхий дахинд хорт хавдрын эмийг ихэвчлэн насанд хүрсэн өвчтөнд зориулдаг тул хүүхдийн эмийн хангамж, хүрэлцээ хомсдолтой байдаг. Монгол Улсыг энэхүү дэлхийн санаачилгад сонгосон шалтгаан нь ЭМЯ-ны манлайлал дор бэлтгэлээ маш сайн хангасантай холбоотой. Хүүхдийн хорт хавдрын эмийг нэвтрүүлэхийн тулд эмийн бүртгэл, албан ёсны хэрэглээний заавар гэх мэт олон зүйл шаардлагатайгаас гадна эмч нар хүүхдэд аль болох аюулгүй байдлаар эмчилгээг явуулах боломж бүрдүүлсэн нь сонголтод нөлөөлсөн гэв.
Дэлхийд жилд хүүхдийн хавдрын 3000 шинэ тохиолдол бүртгэгддэг. Үүнээс 71.6 хувь нь 0-14 нас, 28.4 хувь нь 15-19 насанд тохиолддог. Манай оронд 0-19 насны хүүхдийн дунд жилд 130 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд 2022 онд хүүхдийн хорт хавдрын 143 шинэ өвчлөл бүртгэгдсэний 53,1 хувь нь эрэгтэй, 46,9 хувь эмэгтэй хүүхэд байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хүүхдийн хорт хавдрын асуудалд анхаарал хандуулж, хүүхдийн хавдрын эрт илрүүлэг, эмчилгээ, оношилгооны чадавхийг сайжруулж, эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд “Хүүхдийн хорт хавдрын эсрэг глобал санаачилга”-ыг ДЭМБ-аас 2018 онд санаачлан 2030 он гэхэд хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 ба түүнээс дээш хувьд хүргэж нэмэгдүүлэх, дараагийн 10 жилд эмчилгээний чанар, хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго дэвшүүлжээ.
Холбоотой мэдээ