Номын шоппинг хийх соёл дэлгэрчээ

Хуучирсан мэдээ: 2024.05.20-нд нийтлэгдсэн

Номын шоппинг хийх соёл дэлгэрчээ

Номын шоппинг хийх соёл дэлгэрчээ

Зуны эхэн сарыг угтсан номын баярын өдрүүд үргэлжилж буй. Жил бүрийн номын баяр хүрээгээ тэлж гадна дотны зочидтой өргөн дэлгэр болж байна. Өнөө цагт ном унших хэлбэр, боломжууд нэмэгдэж цахим номын шилжилт хүмүүсийн идэвхийг нэмэгдүүлсэн гэж үздэг. Гэвч өнөөдрийг хүртэл тасралтгүй зохион байгуулагдаж байгаа номын баярын үйл ажиллагааг харвал Монголд ном худалдан авах соёл дэлгэрсэн гэлтэй. Техник технологийн эрин үе гэгдэх орчин цагт хүмүүс завгүй амьдралынхаа хажуугаар номд хэр их цаг зарцуулдаг талаар номын баярт оролцож буй ном эрхлэн гаргагчдын байр суурийг сонирхлоо.

Нил паблишингийн үүсгэн байгуулагч Ж.ТЭГШЗАЯА:

-Ном унших хэлбэр боломжууд нэмэгдсээр байгаа нь сайшаалтай. Гэхдээ цаасан ном хэзээд хуучрахгүй хэвээр. Хүмүүс бие биедээ бэлэглэхээс эхлээд, магадгүй цахимаар уншчихаад таалагдсан бол биетээр нь худалдаж аваад хадгалах дуртай байдаг. Номыг биетээр нь уншина, мэдэрнэ гэдэг арай өөр утга учиртай. Монгол улс цөөхөн хүн амтай, гэсэн ч олон сая хүн амтай улстай харьцуулахад классик, орчин үеийн зохиолууд ижилхэн түвшинд борлуулагддаг. Үүнээс харахад монгол залуучуудын ном унших идэвх, сонирхол дэлхийд дээгүүр түвшинд байна гэж хардаг. Ялангуяа шинэ зохиолч, шинэ бүтээл, шинэ зүйлд маш соргог ханддаг. Манай "Нил" паблишингийн зүгээс нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн классик зохиол гэхээс илүү, орчин цагийн шинэ зохиолыг монгол хэлээр орчуулан танилцуулдгаараа онцлогтой. Үүнийг маань ч маш сайн хүлээж авдаг нь анзаарагдсан. Тэдгээр уншигдын сониуч байдал, ханадаггүй байдал маш гоё санагддаг. Номын баярт арав гаруй жил оролцож байна. Хэвлэлийн газруудын хувьд номын баяраар шинэ ном танилцуулна гэдэг уламжлал болсон том үйл явдал. Тэр ч утгаараа хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Зохион байгуулалтын хувьд жил бүр сайжирч байна. Ихэнх хэвлэлийн газар, номын дэлгүүрүүд, зохиолчид оролцдог нь уншигчдад давуу талтай. Номууд хямдралтай байдгаас гадна дэмждэг зохиолч, орчуулагчтайгаа биечлэн уулзах боломжийг олгодог.

Нөгөө талаар хүн хоорондын амьд харилцаа өрнөж байна шүү дээ. Номын хорхойтнуудын хувьд удаан төлөвлөж, мөнгөө цуглуулж байгаад номын шоппинг хийх соёл бий болсон. Орчин цагт хүн бүр л завгүй байна, шинэ ном гарах болгонд номын дэлгүүр ороод байж чадахгүй. Тэдгээр хүмүүст номын баяр том боломж болдог. Магадгүй цаашдаа дан ганц асруудаар номын худалдаа маягаар зохион байгуулах биш эвэнт, үйл ажиллагаагаа болгоод хийвэл илүү гоё гэж боддог.

“Монсудар” ХХК-ийн маркетингийн менежер Э.ЦЭНГЭЛСАЙХАН:

-Номын хэлбэр цаасан байна уу, цахим байна уу гэдгээс өмнө хамгийн гол нь агуулгын чанарын асуудал чухал гэж боддог. Хэрвээ агуулгын чанар муу бол хэчнээн цахим ном бий болоод нэмэргүй. Монголд хэвлэгдэж байгаа зарим номууд агуулгын чанар муу учраас цахим шилжилтэд орох нь амаргүй байна. Тиймээс дийлэнх хүмүүс цаасан хэвлэлээр унших сонирхолтой байдаг.

Хэрвээ агуулга сайн байвал цаасан байна уу, цахим байна уу гэдэг нь дараагийн асуудал. Манай нийгмийн хувьд агуулгын асуудлаа бүрэн шийдэж чадаагүй. Тиймээс хөгжсөн орнууд шиг цахим номын шилжилтийн тухай ярих нь өнгөц зүйл.

Номын борлуулалт жилээс жилд нэмэгдэж байна уу гэвэл үгүй. Хүмүүсийн амьдралын стандарт буурах тусам ном худалдаж авахаа больдог. Номыг хамгийн түрүүнд танадаг. Гэсэн ч бид үйл ажиллагаагаа улам сайжруулахаар хичээн ажиллаж байна.

“Соёмбо пресс” хэвлэлийн газрын гүйцэтгэх захирал С.БАТЧИМЭГ:

-Энэ жилийн хувьд манайх дэлхийн хүүхдийн шилмэл зохиолуудыг голчлон орчуулж номын баяраар худалдаалж байна. Агуулгын хувьд хураангуй биш ч хүүхдүүдэд зориулан жижиг хэмжээтэй хэвлэн хүргэдэг. Номын баяраар хүүхдүүд маш их худалдан авалт хийж байна. Номын баяр болгоноор ирээд цуврал зохиолуудаас худалдан авч цуглуулдаг хүүхдүүд бий. Ном уншдаг хүүхдүүд их нэмэгдсэн. Хүүхдүүд өөрсдөө маш сониуч байдаг. Эхлээд ямар ном уншихаа мэддэггүй байсан хүүхэд уншиж үзээд номд дурлаж байна. Манай асар дээр насан хүрэгчдэд зориулсан номоос илүү хүүхдийн номын борлуулалт их байгаа. Манайх номын баярыг анх зохиогдож эхэлсэн цагаас нь оролцсон. Номын баяраар эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулаад баяр ёслолын байдалтай оролцдог болсон нь харагдаж байна. Номын худалдаа өөрөө маш том соёл болсон гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж