Прогноз: 2024 оны сонгуульд горилогчид

Хуучирсан мэдээ: 2024.05.20-нд нийтлэгдсэн

сонгууль-2024

Прогноз: 2024 оны сонгуульд горилогчид

Прогноз: 2024 оны сонгуульд горилогчид

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ өнөөдөр /2024.05.20/ 00.00 цагаас өмнө нам, эвслүүд тодруулах учиртай. Тиймээс МАН, АН, Үндэсний эвсэл зэрэг намууд өнөөдөр хуралдаж, сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах юм. Улс төрийн намууд тойрогт хэнийг дэвшүүлэх, жагсаалтад ямар хүмүүс багтаах вэ гээд өнгөрсөн өдрүүдэд намын дарга нарын хамгийн завгүй бөгөөд тохироо, уулзалт хийсэн өдрүүд өнгөрч байна. Улс төрийн хөшигний ард хэнийг дэвшүүлэх, дэвшүүлэхгүй байх, намын жагсаалтын нэгээс эхлээд жагсаах хүмүүсийн нэрс дээр бүлэг, фракциуд тохирох гээд  Улс төрийн хөшигний ард өрнөж байгаа үнийн дүн хэдэн тэрбум хүрч, эхнээсээ “зодоон” нь ил гарч талцах нь ч энүүхэнд болов. Намын жагсаалт 15 тэрбум хүрч байгааг УИХ-ын гишүүд нь чуулганы индер дээрээс хэлж байгааг бодоход хөшигний арын үнэ, тохиролцоо хоёр ид дундаа өрнөж байна.

МАН, АН-аас тойрогт нэр дэвших хүсэлтээ өгсөн, намаасаа нэр дэвших магадлалтай горилогчдын нэрсийг дахин сануулж байна. Улс төрийн тохироо цаг минутаар өөрчлөгдөж байгаа ч шөнө дөлөөс өмнө намын дарга нар “өврийн дэвтэр”-т бичигдсэн жинхэнэ нэрсийн жагсаалт тодорхой болох юм.

1-р тойрог: АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, БАЯНХОНГОР

МАН: Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Г.Сайханбаяр, Б.Батцэцэг, Г.Занданшатар, Д.Сумъяабазар, Б.Даваадалай нарын нэрс яригдаж байна. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн намын жагсаалт горилж байсан ч Өвөрхангайд нэр хүнд гайгүй байсан учраас энэ удаад тойргоо зорих бололтой. Түүнтэй хамт Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Г.Ганболд нар Өвөрхангайгаа түших нь. Харин Архангай аймагт Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар горилж байна. Баянхонгор аймагт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг судалгаагаар өндөр гарсан учраас энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай нартай хамт өрсөлдөхөөр зэхэж байна. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарт намын удирдлагын зүгээс хотод нэр дэвшүүлэхгүй, хангайн тойрогт нэр дэвших л нөхцөл тавьж, Нийслэлийн МАН-ын даргын суудлаа өгөх шахалт үзүүлсэн. Тиймээс ч өчигдөр Нийслэлийн МАН-ын даргын суудлаа Х.Нямбаатарт “өвлүүлсэн”.  Гэхдээ ногоон автобусны сонсгол болох гэж байгаатай холбоотойгоор Д.Сумъяабазарыг энэ удаагийн сонгуульд өнжих болов уу гэсэн таамаг байгаа ч намын дарга нарын шахалтаар хангай бүсийг зорих уу эсвэл улс төрөөс завсарлага авах уу гэдэг нь маргааш тодорхой болох юм. Хэрэв Д.Тогтохсүрэн намын жагсаалтад багтаж чадвал Д.Сумъяабазар түүний оронд Өвөрхангайг зорьж ч мэдэх юм.

АН: Д.Ганбат, А.Адъяасүрэн, П.Нүрзэд, Б.Ган-Очир, О.Алтангэрэл, Д.Мөнхжаргал, П.Мөнхтулга, Э.Болорчулуун, М.Батжаргал нарын нэрс яригдаж байна.  Баянхонгор аймгаас өнгөрсөн удаагийн сонгуульд ялалт байгуулсан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Ганбат нар энэ удаад мөн тойргоо зорихоор бэлтгэж буй. Тэдэнтэй хамт П.Нүрзэд нэр дэвшихээр яригдаж байна. Баянхонгор бол экс Ерөнхийлөгч Х.Баттулгын тойрог учраас түүний хүмүүс энэ тойрогт ялалт байгуулах магадлал өндөр гэж АН тооцоолж байгаа. Гэхдээ экс Ерөнхийлөгч Х.Баттулга энэ тойрогт өөрийн хүмүүсээ дэвшүүлнэ хэмээн нэгэн цагт өөрийнх нь эсрэг зогсч байсан Д.Ганбатыг “жийх” сонирхол өндөр байгаа гэх. Гэвч Д.Ганбатын хувьд өнгөрсөн дөрвөн жил сөрөг хүчний ажлаа хийхээс гадна тойргоо тойглож явсан учраас нэр хүнд нь гайгүй байгаа учраас түүнийг дэвшүүлэхээс өөр гарцгүй гэх яриа бий. П.Нүрзэдийн хувьд экс Ерөнхийлөгчийн “гарын шавь” нарын нэг. Түүний хувьд Баянхонгор аймагт алтны уурхай ажиллуулж, танигдсан, дээрээс нь экс Ерөнхийлөгчид найдаж дэвшиж буй. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг нүүрсний хулгайн хэргээр шалгаж, авлига өгсөн нь газар нь дээрээ баригдсан гэх яриа байдаг ч өнөөдрийг хүртэл түүнийг хуулийн байгууллагаас шалгаж, асуудлыг нь эцэслэн зүйлгүй тэрбээр сонгуульд бэлтгэж байна.  Өвөрхангай аймагт өнгөрсөн сонгуулиар өвдөг шороодож байсан хуульч О.Алтангэрэл энэ удаад дахин горилж буй. Түүнтэй хамт Б.Ган-Очир, П.Мөнхтулга нарын нэрс яригдаж байгаа бөгөөд тэдний хувьд тойргоо тойглоод тун завгүй яваа. Архангай аймагт нэр дэвших хүсэлтээ өгсөн горилогчдоос нийслэлийн газрын албаны дарга асан Э.Болорчулуун, тус аймгийн Засаг дарга М.Батжаргал нарын нэрс яригдаж байна. Э.Болорчулууны  хувьд өмнө нь бие дааж өрсөлдсөн ч өвдөг шороодож байсан бол М.Батжаргал Засаг даргаасаа дэвших хүсэлтэй байгаа.

2-тойрог: ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, УВС, ХОВД

МАН: Ш.Раднаасэд, С.Энхболд,  Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, С.Бямбацогт, З.Мэндсайхан, Э.Болормаа, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Цэрэнбат нар горилж байна. Говь-Алтай аймгийн хувьд МАН-ын генсек Д.Амарбаясгалан тус тойрогт нэр дэвшихгүй Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяа нар горилж байна. С.Энхболд сайдын хувьд мэргэжлийн эмч бөгөөд сайн менежер гэдгээ Эрүүл мэндийн сайдаар ажиллах байх хугацаандаа харуулсан гэдэг. Завхан аймагт УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нар дахин өрсөлдөхөөр яригдаж байгаа. Ц.Цэрэнпунцагийн хувьд хувийн хөрөнгө оруулалтаар цахилгаан станц барьж байгуулж байгаа учраас завханчуудын дунд нэр хүнд сайтай байгаа гэх. Гэвч учир мэдэх хүмүүс цахилгаан станцын төслийн мөнгөний эх үүсвэрийг бас судалж үзэхэд гэмгүй гэх яриа ч сонсогдож буй.  Ховд аймгийн хувьд Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Ерөнхийлөгчийн зөвлөх З.Мэндсайхан нар бэлтгэл хангаж буй. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар сүүл мушгисан С.Бямбацогт энэ удаад том тойрогт үзэхээс илүү намын жагсаалтад орох горьдлого байсан ч Ерөнхий сайд танхимынхаа бүх сайд нарыг тойрогт дэвш гэх үүрэг өгсөн нь түүнд “хатуу” шийдвэр  болсон гэх. Ховд аймаг анх удаа эмэгтэй Засаг даргатай болж, багахан хугацаанд ажиллаад л шууд нэр дэвших болзол хангасан Э.Болормаатайгаа дөрөө харшуулахгүй, хувийн тоглолт хийж байгаа гэх яриа ховдынхон бөгөөд улс төрийн хүрээнд гарах болжээ.  Тиймээс ч Ерөнхийлөгчийн зөвлөх З.Мэндсайхан С.Бямбацогтыгоо түшиж, тойргоо тойрч яваа сурагтай. Увс аймгийн хувьд Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар Н.Цэрэнбат нар горилж буй. Тэдний хэн хэн нь энэ тойргоос сонгогдож байсан, “мөнгө”-ний тойрог гэдэг бөгөөд энэ удаад ч мөн тойрогтоо нэр дэвших бололтой.

 

АН: О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар, Б.Түвшин, З.Нарантуяа, Д.Батсайхан, Ц.Одонтунгалаг, Д.Батцогт, Я.Санжмятав нарын нэрс яригдаж байна. “Мөнгө”-ний тойрог гэгддэг Увс аймгаас ганцаараа сонгогдож, УИХ-ын гишүүн болсон О.Цогтгэрэл ч энэ удаад тойрогтоо бат гэнэ. Харин түүнтэй хамт Ц.Одонтунгалаг гэх эмэгтэй нэр дэвшихээр горилж буй. Ц.Одонтунгалаг нь НИТХ-ын төлөөлөгч бөгөөд энэ удаад УИХ-ын сонгуульд тойрогт хүч үзэхээр бэлтгэж байна. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар энэ удаад УИХ-д хүч үзнэ. Өнгөрсөн дөрвөн жил аймагтаа төдийгүй, улсын хэмжээнд “ганц бие” хүмүүсийн асуудлыг нийгэмд хөндөж, олон арга хэмжээ хийсэн нь түүнийг ч мөн танигдахад нөлөөлсөн гэдэг. Мөн тус тойрогт Завхан аймгийн Засаг дарга асан Д.Батсайхан, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Б.Түвшин, Я.Санжмятав нар нэр дэвших хүсэлтээ өгсөн гэх. Мөн З.Нарантуяаг намын жагсаалтад орж магадгүй гэсэн мэдээлэл ч бий. Ховд аймгийг төлөөлж, УИХ-ын гишүүн асан Д.Батцогт мөн “баз”-тайгаа дөрөө харшуулж, тохирох санаатай байгаа гэх. Нэг айлын хүргэчүүл өмнө нь өрсөлдөж, хамт сонгогдож, нэг нь сонгогдож байсан туршлагатай учраас энэ удаагийн том тойрогт дөрөө харшуулах магадалтай хэмээн улс төрийн яригдаж буй.

3-р тойрог: БАЯН-ӨЛГИЙ

МАН: Т.Аубакир, С.Зулпхар, М.Ибрай нарын нэр яригдаж байна.  УИХ-ын гишүүн Т.Аубакир энэ удаад мөнг тойрогтоо нэр дэвшихээр горилж буй. Түүнтэй хамт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Зулпхар горилж буй.

АН: Б.Бейсен, Ш.Жандос, Д.Мурат нар горилж буй. Баян-Өлгий аймгаас өнгөрсөн сонгуульд ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Б.Бейсэн мөн тойргоо зорихоор бэлтгэж байгаа бол түүнтэй хамт Ш.Жандос, УИХ-ын гишүүн асан Д.Мурат нар горилж байна.

4-р тойрог: ОРХОН, БУЛГАН, ХӨВСГӨЛ

МАН: Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Б.Мөнхбаатар, Д.Батлут, Б.Бат-Эрдэнэ, Д.Үүрийнтуяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Баярмагнай нарын нэрс яригдаж байна. Хөвсгөл аймгийн хувьд өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулсан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар, Ц.Даваасүрэн нарын нэрс яригдаж байна. Ц.Даваасүрэнг энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх яриа байсан ч бие даан нэр дэвшиж, хувь тоглолт хийх магадлалтай учраас түүнийг дэвшүүлнэ гэх яриа бий. Өнгөрсөн 2020 оны сонгуульд сүүл мушгиж сонгогдсон Л.Энх-Амгалангийн хувьд сайд болоод багш нарын цалин нэмсэн, боловсролын салбарт хийсэн зарим өөрчлөлтүүд гээд “нэмэх” оноо цуглуулсан.  УИХ-д хоёр дахь удаа сонгогдсон,  олонд танигдахаас илүү тойргоо тоглодог УИХ-ын дэд дарга Б.Мөнхбаатарын хувьд энэ удаад мөн тойрогт нэр дэвшихээр бэлтгэж буй. Орхон аймгаас сонгогдсон Д.Батлут, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Үүрийнтуяа эмэгтэйчүүдийн квотоор нэр дэвшихээр зэхэж буй.

АН: Н.Алтанхуяг, С.Ганбаатар,  Ц.Чинбат, Д.Өсөхбаяр, Г.Цэрэндолгор, Н.Жавзанпагма, С.Гал-Эрдэнэ, О.Амартүвшин нар горилж байна. Орхон аймгаас сонгогдсон Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар энэ удаад Ардчилсан намаа төлөөлж тус тойрогт нэр дэвшихээр бэлтгэж буй. Н.Алтанхуягийн хувьд АН-ын гишүүнчлэлээ сэргээж, жагсаалтад орох хүсэлтэй байсан ч түүнийг тойрогт нэр дэвшихийг намын удирдлага нь чиглэл болгосон гэх. Тиймээс С.Ганбаатар, Ц.Чинбат нартай дөрөө харшуулахаар тойргоо тойглож яваа. Мөн тэдэнтэй хамт Д.Өсөхбаяр дэвшихээр бэлтгэж буй. Булган, Орхон чиглэлд экч Ерөнхийлөгч Х.Баттулгын хүмүүс горилж байгаа бөгөөд тэдний нэг нь Д.Өсөхбаяр. Мөн Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, С.Гал-Эрдэнэ,  Н.Жавжанпагма, Н.Байгальмаа нарын эмэгтэйчүүдийн квотоор нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл бий. Хамгийн сүүлийн мэдээллээр Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ эрүүл мэндийн шалтгааны улмаас нэр дэвшихгүй байж магадгүй гэсэн мэдээлэл байгаа бөгөөд түүний оронд экс Ерөнхийлөгч Х.Баттулга орж ирж магадгүй байна. Мөн МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн ажлаа өгсөн О.Амартүвшин, Хөвсгөл аймагт Х.Эрдэнэбаатар, Г.Цэрэндолгор нарын нэрс яригдаж байна.

5-р тойрог: ТӨВ, ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ

МАН: Ж.Батжаргал, С.Лүндэг, Б.Жавхлан, Б.Тулга, Г.Дамдинням, Ж.Энхбаяр,  Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Б.Цогтгэрэл, Н.Оюундарь, Л.Наранбаатар, Д.Өнөрболор  нарын нэрс яригдаж байна. Төв аймагт МАН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ерөнхийлөгчийн зөвлөх С.Лүндэг нар горилж байна. Тус аймгаас сонгогдсон Н.Энхболд энэ удаад өнжиж, БНХАУ-д суух Элчин сайдаар явах тохироог Ерөнхийлөгчтөй хийсэн учраас ийн түүний зөвлөхөд тойргоо “бэлэглэсэн”. Дархан-Уул аймагт Сангийн сайд Б.Жавхлан, Н.Энхбаярын квотоор Боомтын сайд Б.Тулган, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаяр нар горилж байна. Сэлэнэг аймагт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам  нарын нэрс яригдаж буй. Харин УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь, МАН-ын гишүүн Б.Цогтгэрэл, Л.Наранбаатар нараас сонголт хийж, аль нэгийг нь нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл байна.

АН: Ц.Туваан, Д.Доржпүрэв, С.Эрдэнэболд, Д.Үүрийнтуяа, Д.Батбаяр, Н.Одонгуа, Р.Шинэгэрэл, Л.Одбаяр, Д.Эрдэнэсувд, А.Батсуурь нарын нэрс яригдаж байна. Төв аймгаас сонгогдсон Ц.Туваан, Д.Доржпүрэв нар тус тойрогт горилж байгаа бол Дархан-Уул аймагт С.Эрдэнэболд , Р.Шинэгэрэл, Н.Одонгуй, Д.Батбаяр нар горилж буй. Сэлэнгэ аймагт өмнө нь нэр дэвшиж, өвдөг шороодсон Д.Үүрийнтуяа, Л.Одбаяр, Д.Эрдэнэсувд, А.Батсуурь гэсэн хүмүүс нэр дэвших хүсэлтээ намдаа өгч, тойгоо тойглож яваа.

6-р тойрог: ХЭНТИЙ, СҮХБААТАР, ДОРНОД

МАН: Ц.Идэрбат, Г.Дөлгөөн, М.Ганхүлэг, М.Бадамсүрэн, Б.Солонгоо,  У.Отгонбаяр, Х.Алтай нарын нэрс яригдаж байна. Хэнтий аймагт УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг нарын нэрс яригдаж байгаа бөгөөд нэг тойрогт нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Г.Дөлгөөн нарын нэрс яригдаж байна. Б.Бат-Эрдэнийг энэ удаагийн сонгуульд өнжөөнө гэсэн мэдээлэл байсан ч өөрөө нэр дэвших хүсэлтээ өгч, “сүүлчийн” удаа хэмээн намын удирдлагадаа шахалт үзүүлж байгаа гэсэн мэдээлэл бий. Г.Дөлгөөний хувьд хотын Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байсан ч М.Ганхүлэг нарын залуучуудыг Хэнтий аймаг руу илгээж магадгүй гэнэ. Харин Дорнод аймагт нэр дэвших хүсэлтээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Солонгоо, тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Х.Болорчулуун нар өгчээ. Гэхдээ улс төрийн хүрээнд сайд Х.Болорчулууныг нэр дэвшүүлэхгүй байж магадгүй гэх яриа ч гарах болсон. Сүхбаатар аймгийн хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр, Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай нар нэр дэвшихээр горилж буй.

АН: Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Пүрэвхатан, Ш.Бямбасүрэн, Д.Балдан, Э.Төмөрбаатар, Ш.Батдэлгэр нарын нэрс яригдаж байна. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нар энэ удаад тойрогтоо нэр дэвшихээр горилж буй. Гэвч Ерөнхийлөгчийн төрсөн дүү нэр дэвшвэл Ж.Батсуурь, Н.Ганибал хоёрын аль нэг нь намын жагсаалт руу орох эсвэл сонгууль өнжинө гэх яриа АН дотор яригдсан байдаг. Гэвч одоогоор тэд хоёулаа нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж, Дорнод, Сүхбаатарт горилж буй залуучуудаа тэргүүлэн тойргоо тойглож буй. Хэнтий аймагт өмнө нь нэр дэвшиж өвдөг шороодож байсан Т.Пүрэвхатан даагаа нэхэж байгаа бол МАХН-ын гишүүн агсан Ц.Шинэбаярын хүү Ш.Бямбасүрэн, Д.Балдан, экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэгддэг Э.Төмөрбаатар, Ш.Батдэлгэр нарын шинэ горилогчдын нэрс яригдаж буй.

7-р тойрог: ДОРНОГОВЬ, ГОВЬСҮМБЭР, ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВЬ

МАН: Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, С.Батболд, Б.Саранчимэг, Ө.Золбаяр, Б.Уянга, Л.Энхболд нарын нэр яригдаж байна. Говийн бүст МАН-аас Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан,  түүний  “баруун гар” УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, С.Батболд, Б.Саранчимэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Ө.Золбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд нар горилж буй. Б.Дэлгэрсайханы хувьд өөрөөсөө гадна  намын дарга нарынхаа “захиалга”-аар залуу горилогчдыг авч гарч ирэх тохироо хийсэн гэх яриа улс төрийн хүрээнд яригдах болсон. С.Батболдын хувьд өмнө нь тус тойргоос сонгогдсон. УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хувьд нүүрсний хэрэгтэй холбогдож, прокуророос гишүүнээс нь чөлөөлөх бичиг ирж, намынх нь гишүүд хамгаалж үлдсэнээр бүрэн эрхийн хугацаагаа дуусгах гэж буй. Тиймээс энэ удаа түүнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдээлэл бий.

 

АН: Л.Одсэр, Р.Эрдэнэбүрэн, Б.Энхмөнх,  О.Баасанхүү, Р.Сэддорж, Д.Алтангэрэл, Ц.Уртнасан, Ц.Мөнхбат, Г.Ганбаатар нарын нэрс яригдаж байна. Чинээлэг малчин төсөл хэрэгжүүлэгч Л.Одсэр тус тойрогт горилж буй бол УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Д.Алтангэрэл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Б.Энхмөнх, Өмнөговь аймгийн ИТХ төлөөлөгч Н.Энхбат сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нар горилж буй.  Л.Мөнхбаясгалангийн хувьд эмэгтэйчүүдийн квотоор  тус тойрогт горилж буй.

8-р тойрог: БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

МАН: Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Ж.Чинбүрэн, Б.Мөнхбаатар нарын нэрс яригдаж буй. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар тойргоо зорихоор бэлтгэлээ хангаж буй. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг МАН-ын генсек дэвшүүлэхгүй, намын дарга нь дэвшүүлнэ хэмээн эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа гэх. Мөн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эмийн сонсгол зохион байгуулж, нэмэх оноо авна хэмээн намын дарга нартаа ам гарсан ч энэ амандаа хүрээгүй учраас энэ удаад дэвших эсэх нь эргэлзээтэй байгаа гэх бор шувуу Тусгаар тогтнолын ордноос жиргэх болжээ. Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн экс хүргэн Б.Пүрэвдагва, уул уурхайн инженер, эрх зүйч мэргэжилтэй Б.Мөнхбаатар гэх шинэ горилогчид бий.

АН: М.Тулгат, Ж.Баттуул, Г.Ууганцэцэг, Ц.Жадамбаа, Г.Болормаа нарын нэрс яригдаж буй. Баянзүрх дүүргийн, ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат энэ удаад тойрогтоо нэр дэвшихээр горилж байгаа бол түүнтэй хамт Ц.Жадамбаа, сэтгүүлч Ж.Баттуул, Г.Ууганцэцэг, Г.Болормаа нарын шинэ горилогчдын нэр яригдаж байна. М.Тулгатын хувьд Баянзүрх дүүргээ төлөөлж, нийслэлд сонгогдож байсан. Ц.Жадамбаагийн хувьд өмнө нь Дорнод аймагт нэр дэвшиж байсан ч өвдөг шороодож байсан бөгөөд энэ удаад Баянзүрхчүүдээс итгэл авахаар горилж буй. Мөн тус тойрогт УИХ-ын гишүүн асан нэгэн цагт ШИНЭ намын дарга байсан Ж.Батзандан буцаж АН-даа хадаг барьж, дэвшихээр горилж буй гэх мэдээлэл ч бий. Ж.Баттуул, Г.Ууганцэцэг, Г.Болормаа нарын хувьд шинэ залуу горилогчид юм.

9-р тойрог: БАЯНГОЛ ДҮҮРЭГ

МАН: Х.Ганхуяг, Ж.Ганбаатар, Б.Сэмжидмаа нарын нэрс яригдаж байна. Баянгол дүүргийн МАН-ын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа нар горилж буй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж. Ганбаатар  намын жагсаалтад орох хүсэлтэй байсан ч намын дарга нь сайд нараа тойрогт өрсөлд гэсэн учраас ийнхүү тойргоо зорьж буй. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилж, батлуулсан хууль, намын удирдлагаас өгсөн хуулийн “гал”-ыг аваад гарсан, тойрогтоо бүтээн байгуулалт хийсэн зэргээрээ УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, эмэгтэйчүүдийн квотоор Б.Сэмжидмаа нар нэр  дэвшихээр яригдаж байна.

АН: С.Эрдэнэ, Н.Энхтуяа, Б.Баттулга. Ардчилсан намын дарга, Баянгол дүүргээс сонгогдож байсан С.Эрдэнэ, НИТХ-ын төлөөлөгч Н.Энхтуяа, Ардчилсан хүчний холбооны  гүйцэтгэх захирал Б.Баттулга гэх шинэ залуу горилогчийн нэр яригдаж буй. С.Эрдэнийн хувьд тус тойргоос өмнө нь сонгогдож байсан бөгөөд 2020 оны сонгуульд өвдөг шороодсон, харин Н.Энхтуяагийн хувьд Монголын арилжааны телевизүүдийн холбооны удирдлагаар ажилладаг, НИТХ-ын төлөөлөгч юм.

10-р тойрог: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

МАН: Э.Батшугар, Н.Алтаншагай, П.Анужин, С.Мөнхчулуун, П.Сайнзориг нарын нэрс яригдаж байна. Сонгинохайрхан дүүргээс Н.Энхбаярын квотоор түүний хүү УИХ-ын гишүүн Э.Батшугар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, УИХ-ын гишүүн П.Анужин, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун нарын нэрс яригдаж байна.  УИХ-ын гурван ч төлөөлөл нь тус тойргоос явсан учраас шинэ залуу горилогчдыг сойж буй. Нийслэлийн МАН-ын удирдлага солигдсон учраас тус тойрогт нэр дэвшигчдийг Х.Нямбаатар шийдэх шинэ нөхцөл үүсээд буй. Тиймээс тус тойрогт нэр дэвшигчдийн нэрс эрс өөрчлөгдөхийг ч үгүйсгэхгүй. Мөн тус тойрогт Соёлын сайд Ч.Номин горилж байгаа гэсэн мэдээлэл байгаа ч түүнийг мөн Хан-Уул дүүрэгт эмэгтэйчүүдийн квотоор нэр дэвшихээр яригдаж байна гэсэн мэдээлэл ч бий.

АН: Н.Амаржин, Г.Очирбат, Д.Болорсүрэн, Ж.Отгонбаяр, Б.Ундраа нарын нэрс яригдаж байна. Г.Очирбатын хувьд өмнө нь мөн сонгуульд өрсөлдөж, ялагдал хүлээж байсан бол комедиан Н.Амаржин, Парламент телевизийн захирал Ж.Отгонбаяр, МҮОНРТ-ийн дэд захирал асан Б.Ундраа, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын нэрс яригдаж байна.

11-р тойрог: ХАН-УУЛ ДҮҮРЭГ

МАН: Ж.Алдаржавхлан, Т.Мөнхсайхан, Ч.Номин нарын нэрс яригдаж байна. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2020 оны сонгуульд өрсөлдөж, өвдөг шороодож байсан бол энэ удаад мөн даагаа нэхэхээр болжээ. Мөн түүнтэй хамт Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, Цахим хөгжлийн сайд Ж.Эрхэмбаатар, Соёлын сайд Ч.Номин нарын нэрс яригдаж буй. Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайханы хувьд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, Ерөнхийлөгчийн квотоор нэр дэвшиж байгаа бол Ж.Эрхэмбаатарын хувьд өмнө нь мөн тус тойрогт бие даан нэр дэвшиж байсан бөгөөд энэ удаад МАН-ын генсекийн дэмжлэгээр тус тойрогт горилж буй. Хан-Уул дүүрэгт хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүнийг дэвшүүлнэ гэх мэдээлэл байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн квот дээр Соёлын сайд Ч.Номингийн нэр яригдаж буй.

АН: О.Тэнүүн, Ц.Түмэнбаяр, Ц.Уянга нарын нэрс яригдаж буй. Ардчилсан намаас тус тойрогт экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн, Шадар сайд С.Амарсайханы ахынх нь хүү О.Тэнүүн нэр дэвшихээр горилж буй. Түүнтэй хамт эмэгтэйчүүдийн квотоор хуульч Х.Номингэрэл, АН-ын гишүүн Ц.Уянга,  "Хашаандаа сайхан амьдаръя" ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр, Б.Ариунболд нарын нэрс яригдаж буй.

12-р тойрог: СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ

МАН: Н.Учрал, М.Оюунчимэг, Д.Цогтбаатар, Г.Дашням, Н.Батсүмбэрэл, О.Номинчимэг нарын нэрс яригдаж байна. Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Цогтбаатар нарын горилж буй. Мөн тус тойрогт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, Г.Дашням нарын нэрс яригдаж буй.

АН: Ц.Баатархүү, Ч.Өнөрбаяр, Х.Болормаа, Д.Бадарсан, Б.Хурц, И.Мөнхжаргал нарын нэрс яригдаж байна. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр, ҮБХ-ны гишүүн Б.Хурц, Ц.Баатархүү, И.Мөнхжаргал нар горилж буй. Х.Болормаагийн хувьд өнгөрсөн дөрвөн жил нийслэлд АН-ын ганц Засаг даргаар ажилласан бол Ардчилсан намын дэд дарга, хуульч Ч.Өнөрбаяр, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц,  НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Баатархүү, Өвөрхангай аймгийн АН-ын дарга асан И.Мөнхжаргал, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Д.Бадарсан, УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан нар горилж буй.

13-р тойрог: БАГАНУУР, НАЛАЙХ, БАГАХАНГАЙ

МАН: Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарын нэрс яригдаж буй. Тус тойргоос Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар сонгогдож байсан бөгөөд тэдний хувьд энэ удаад мөн тойргоо зорино гэсэн мэдээлэл бий. Гэвч цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж, МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сонгуулиа удирдах учраас тус тойрогт ч мөн нэр дэвшиж магадгүй гэсэн мэдээлэл бий. Хэрэв Д.Амарбаясгалан тус тойрогт нэр дэвшвэл Ц.Сандаг-Очир энэ удаагийн сонгууль өнжиж магадгүй гэсэн мэдээлэл бий.

АН: Д.Алтанхуяг, Б.Болор-Эрдэнэ. Орхон аймагт “Зэс эрдэнийн хувь” компани байгуулж явсан Д.Алтанхуяг энэ удаад 13-р тойрогт нэр дэвшихээр горилж буй. Түүнтэй хамт Б.Болор-Эрдэнэ нэр дэвшихээр яригдаж байна.

Дахин онцлоход, намууд тойрог болон жагсаалтад нэр дэвшигчдээ албан 00.00 цагаас өмнө тодруулах бөгөөд улс төрийн нөхцөл байдал цаг, минутаар өөрчлөгдөж, намын дарга нар ил, далд уулзалт, тохироогоо одоо ч хийсээр байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж