3х3: А.Ананд Францын эсрэг чухал тоглолтод тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2024.05.19-нд нийтлэгдсэн

Парисын олимп-2024

3х3: А.Ананд Францын эсрэг чухал тоглолтод тоглохгүй

3х3: А.Ананд Францын эсрэг чухал тоглолтод тоглохгүй

НЭМЭЛТ:

Израильтай хийсэн тоглолтын үеэр эсрэг багийн тамирчинг мөргөсөн А.Анандыг банджээ. Одоогийн байдлаар нэг тоглолт уу эсвэл тэмцээн дуустал уу гэдэг нь тодорхойгүй байна. Ямартай ч Францын эсрэг хийх тун чухал тоглолтод А.Ананд оролцохгүй.

Франц, Монголын аль хожсон нь олимпийн эрхээ авах юм.

Монголын шигшээ баг Францад хожигдсон ч сүүлийн гурав дахь эрхийн төлөө нэмэлт нэг тоглолтыг хийнэ. Харамсалтай нь, А.Анандыг хэдэн тоглолтоор шийтгэсэн нь тодорхойгүй байна. Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар гурав л Францыг эсрэг тоглохоор болж байна.

А.Ананд энэ тэмцээний турш сайн тоглолыг үзүүлж байгаа билээ.


Монголын баг Израилийг 15-12 гэсэн харьцаатай хожиж, шилдэг дөрөв шалгарч үлдлээ. Одоо дахин ганцхан хожил байгуулахад Парисын олимпод оролцох болно. Тэд хагас шигшээд Франц болон Германы аль хожсон багтай нь хүч үзнэ.


Гудамжнаас олимп хүрсэн 3х3 сагсан бөмбөг өдгөө дэлхий нийтийн анхаарлыг татаж, улс орнууд энэ спортод хөрөнгө оруулж эхлэв. Монгол Улс ч энэ спортоороо олимпод хүртэл орж, багийн спортын цангаагаа тайлсан. Гэхдээ амжилтдаа ханаагүй. Дахин олимпийг зорихоор шунаж байна. Шунах шунахдаа хэн бүхнээс илүүтэйгээр шунаж, зорьсондоо хүрэхэд тун ойртлоо.

Яг энэ цаг үед Унгарын Дебрецен хотноо Парисын олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн болж байна. Эрэгтэй, эмэгтэй ердөө зургаахан баг л Эйфелийн цамхаг, Сена мөрний эрэг дээр сагсаар өрсөлдөх ховор завшааны сүүлийн эзэд болно. Монголын эмэгтэй баг Унгарт аз дутаж, ирэх олимпийг цэнхэр дэлгэцээр үзэхээр болсон. Токиод өрсөлдсөн тэдэнд харамсах зүйл үгүй. Харин эрэгтэй баг олимпод оролцох маш нарийн утасны үзүүрээс атгаад байна.

Хэсэгтээ чангахан багуудтай орсон. Эхлээд хатуу тоглолттой, хүчирхэг өрсөлдөгч Польшийг, дараа нь Тибо Вервур, Деннис Донкор зэрэг шилдгүүдтэй Бельгийг, эцэст нь хоёр ч тэмцээн дараалан хожигдоод байсан Японоосоо хариугаа авч, 3-0 гэсэн амжилттай хасагдах шатанд шалгарлаа. Одоо Парис хүрэхэд ердөө гуравхан тоглолт, хоёрхон хожил хэрэгтэй. Юуны түрүүнд өнөөдөр/2024.05.19/ 22.15 цагаас Израилийг давах хэрэгтэй. Үүний дараа Герман, Францын аль хожсонтой нь учраа таарна.

3х3 сагсан бөмбөгт Монгол бол Израилийн хажууд улсын цолтой том бөх. Дебрецены тэнгэр эвгүйрэхгүй бол Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, А.Ананд дөрөв ямар ч асуудалгүй "уншина". Дараа нь Франц, Германы аль нь ч байсан аргалах учиртай. Францыг өмнөх тэмцээнд хожсон бол Герман дундаж нас нь 20 ч хүрээгүй туршлагагүй залуучуудаар багаа бүрдүүлсэн. Ингээд харахаар Парисын олимп алсын, холын зүйл биш. Нөгөө талд Австри, Польш, Испани, Литви гээд хүчирхэг багууд ханарчихсан явна. Энэ л бидний боломж.

Монголын баг энэ хүртэлх зам дардан байгаагүй. Өмнөх хоёр ч тэмцээнд азгүйтэж,  "олигтой" тоглолтоо харуулж чадаагүй. Харин Унгарт үнэхээр өөр түвшний сагсан бөмбөгийг харуулж байна. Хамгаалалт, довтолгоо, эрч хүч, сэтгэл зүй, зоригтой байдал гээд ер нь л шийдчихсэн харагдана. Авсан оноогоороо хүртэл бүх багийг тэргүүллээ.

Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, С.Тулгаар алс холоос эхэлсэн Монголын 3х3 сагсан бөмбөг аяллынхаа, хөгжлийнхөө, түүхийнхээ хамгийн эгзэгтэй мөчид ирээд байна. Одоо л биш бол хэзээ ч үгүй. Ийм л нөхцөл байдал үүсээд байна. Дэлхийн том гүрнүүд 3х3 сагсан бөмбөгт анхаарч эхэллээ. Ирэх 2028 оны олимпод ийм боломж олдохгүй ч байж магадгүй. Тиймээс энэ бол бидний, монголчуудын сүүлийн боломж байхыг үгүйсгэхгүй. Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням хоёр олимпийн дэвжээнд дэвж, нэрээ, эх орноо дуудуулах дэндүү эрхтэй хүмүүс. Үүнийгээ ч мэдэрсэн шиг Унгарт дийлдэшгүй байна. Тэднийг юу туулж энд хүрснийг тун цөөхөн хүн л мэдэх биз.

Нэг улс, нэг баг.

Дебрецен хотод ч монголчууд олноороо хуран чуулжээ. Эх орондоо тоглож байгаа мэт л уур амьсгалыг бүрдүүлж, "Mongolia" гэх уухай тасрахгүй байна. Юмны тохироо бүрдэнэ гэдэг бол энэ л байх.

Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, А.Ананд дөрөв өнөөдөр замналынхаа хамгийн чухал тоглолтуудыг хийнэ.

Хэрэв олимпийн эрх авч чадвал энэ бүрэлдэхүүнээрээ медаль авахыг ч үгүйсгэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж