Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг эргэн сануулж тоймлон хүргэж байна.
Мөнгөний бодлогын хүүг бууруулж 11 хувь болгов
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэг хувиар бууруулж, 11 хувьд хүргэх шийдвэр гаргасан талаараа мэдэгдлээ. Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн гуравдугаар сард хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 12 хувьд хүргэж байсан бол хоёр сарын сарын дараа ийнхүү дахин нэг нэгжээр мөнгөний бодлогыг бууруулах шийдвэр гаргалаа. Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөнгөний бодлогын хүүг бууруулахад уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт, үнэ, экспортын сэргэлт таатай байгаа хэдий ч Үндэсний статистикийн хорооны урьдчилсан мэдээгээр 6,3 сая мал хорогдсон нь эдийн засгийн өсөлт саарах хүлээлтийг бий болгож байна. Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээний хүрээнд олгож байгаа хөнгөлөлттэй санхүүжилтийг эс тооцвол бизнесийн зээл өсөөгүй байгаа нь зээл санхүүжилтийн нөхцөл чанга хэвээр байгааг илтгэж байгаа.
Тиймээс улирлын шинж чанартай ажилладаг эдийн засгийн гол салбаруудын үйл ажиллагаа идэвхждэг улиралд санхүүгийн нөхцлийг сулруулж бодит эдийн засгийг дэмжих шаардлага үүссэн гэж үзэн, мөнгөний бодлогыг сулруулсан гэдгийг онцоллоо.
Эверестийг зорьсон монгол уулчид тэнгэрт дэвшлээ
Уулчдын үндэсний холбооноос Эверестийн оргил руу авиралт хийхээр явсан хоёр уулчин ор сураггүй болсон талаар мэдээллэсэн. Тодруулбал, уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн, Д.Отгонхүү нар Эверестийн оргилд нэмэлт хүчилтөрөгчгүй, шерпагийн тусламжгүй гарахаар зорилго тавиад байсан юм. Гэвч уулчин Д.Отгонхүүгийн биеийн байдал муудсан тул үндсэн кэмптээ эргэн ирсэн байна. Харин авиралтаа цааш үргэлжлүүлсэн уулчин Л.Пүрэвсүрэн болон Ц.Өсөхжаргал нар сураггүй байсан тул тэднийг эрэн хайх ажиллагааг тавдугаар сарын 13-нд эхлүүлсэн юм. Харамсалтай нь өнгөрсөн баасан гаригт эрэлийн баг уулчин Ц.Өсөхжаргалын цогцосыг олсон бол өчигдөр уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогсыг олсон юм. Эверест уулын өндөр нь далайн түвшнээс дээш 8848 метр байрладаг юм.
Ногоон автобусны нээлттэй сонсгол ирэх Мягмар гаригт болно
Хаврын чуулганаар хэлэлцэх ёстой олон чухал асуудоын нэг нь Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд хийсэн худалдан авалтын талаарх нээлттэй сонсгол юм. "Ногоон автобус"-ны гэх тодотголтой тус Хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж буй. Өнгөрсөн хугацаанд сонсгол болох тов тогтоох ажлын хэсгийн хуралдаан ирц хүрээгүйн улмаас хэд хэдэн удаа хойшилсон. Тиймээс энэ удаагийн хаврын чуулган хураллах хугацаанд сонсгол зохион байгуулж чадах эсэх нь эргэлзээ дагуулаад байсан юм. Түүнчлэн УИХ-ын сонгуулиас өмнө тус худалдан авалтад оролцож, нэр холбогдсон гишүүд, эрх мэдэлтэн, албан тушаалтнуудыг нийтэд ил болгох сонирхол эр зориг дутагдаж байна гэж үзэх хүмүүс ч байсан.
Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шиэнчлэлтийн хүрээнд онд 2023 онд худалдан авсан ногоон аввтобусны худалдан авалтад хяналт, шинжилгээ хийх түр хорооны сонсголыг тавдугаар сарын 21, 22-нд хуралдуулах тов гарсан талаар мэдээллээ.
Давхардсан тоогоор 98 гэрч байхаар, давхардаагүй тоогоор 75 иргэн, албан тушаалтан тус сонсголд гэрчээр дуудна.Сонсголыг хоёр өдөр үргэлжлүүлэхээр товлосон бөгөөд нийт гурван хэсгээс бүрдэнэ.Нэгдүгээрт, худалдан авах ажиллагаатай холбоотой асуудал, хоёрдугаарт, хуулийн хүрээнд боловсруулагдсан бичиг баримт, гуравдугаарт, ногоон автобуснууд чанарын ямар шаардлага хангасан талаар мэдээлэл өгөх юм.Сонсголд Монгол Улсын сайд Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэл Улаанбаатарын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны албаны дарга Ц.Батгэрэл, Хотын дарга асан Д.Сумъябазар, Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал харицсан нэгдүгээр орлогч дарга асан Ж.Сандагсүрэн, Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ болон тус худалдан авах үйл ажиллагаанд оролцсон иргэдийг дуудах юм.
Д.Сумъяабазар чөлөөлөгдөж Х.Нямбаатар сонгогдов
УИХ-ын сонгуулийн өмнөхөн Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр ажлаа өгөх хүсэлт гаргасан нь өнгөрөгч долоо хоногийн халуун сэдвүүдийн нэг байлаа.Хотын даргаар ажиллаж байсан С.Батболдоос 2018 оны есдүгээр сард Д.Сумъяабазар Нийслэлийн намын хорооны даргын суудлыг авч байсан. Үүний дараа тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Нийслэлийн МАН-ыг удирдаж оролцсон бөгөөд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Ингээд Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсоныхоо дараа гишүүнээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзэж, Хотын дарга болсон. Тэрбээр, "2024 онд нийслэлийн МАН-ын хороогоо удирдаж, сонгуульд орно" гэдгээ мэдэгдэж байсан. Тэгвэл сонгуулийн өмнөхөн ийнхүү албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр түдгэлзэх шийдвэр яагаад гаргах болсон талаар иргэд анхаарал хандууллаа. ТэгвэлНийслэлийн МАН-ын хорооны хоёрдугаар хурал өчигдөр /2024.05,18/-нд хуралдаж, нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатарыг сонголоо. Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хоёр хоногийн өмнө хуралдаж, өөрийн хүсэлтээр намын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн Д.Сумъяабазарын хүсэлтийг хүлээн авч, түүний оронд Хотын дарга Х.Нямбаатарыг томилохыг дэмжсэн шийдвэр гаргасан юм. Нийслэлийн МАН-ын Бага хурал 279 гишүүнтэй бөгөөд өнөөдөр 65 хувийн ирцтэй хуралдаж, ийнхүү шинэ намын даргаа сонгосон юм.