“Номын соёлт ертөнц” ТББ-ын байгууллагын санаачлагаар жил бүр зохион байгуулдаг, номын баярын 35 дахь удаагийн арга хэмжээ өнөөдөр /2024.05.18/ нээлтээ хийлээ.
Анхны жилдээ 20 орчим номын зохиогч, байгууллагын бүрэлдэхүүнтэй эхэлж, 5000 орчим үзэгчтэй байсан уг арга хэмжээ жил ирэх тусам хүрээгээ тэлж номд хайртай хэн бүхний зорьдог уламжлалт баяр болжээ. Номын баярын арга хэмжээнд 240 мянга гаруй хүн оролцдог гэсэн тоо бий. Энэ жилийн хувьд номын баярыг бүх нийтээр тэмдэглэх хуультай болсон гэдгээрээ онцлог бөгөөд илүү өргөн цар хүрээг хамран зохион байгуулагдаж байна.
35 дахь удаагийн номын баярын нээлтэд Английн “Andrew Nurnberg Assocaites” утга зохиолын агентлаг, Туркийн “Introtema” орчуулгын болон зохиогчийн эрхийн агентлагийн төлөөлөгчид, Унгар, Казакстан, Орос, Солонгос зэрэг улсаас хэвлэн нийтлэгчид хүрэлцэн ирж үг хэллээ.
Номын баярын үеэр уншигчид төрөл бүрийн номуудыг хямдралтай үнээр худалдан авахын зэрэгцээ, номын зохиогчидтой уулзаж, санал сэтгэгдлээ хэлэх, олон төрлийн хөтөлбөр үйл ажиллагаанд оролцох боломжтой байдаг. Энэ жилийн номын баярт номын үзэсгэлэн худалдаанаас гадна урлагын тоглолт, сонирхолтой хөгжөөнт тоглоом, асуулт хариултын тэмцээн зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн талаар арга хэмжээг зохион байгуулагчид онцлов. Мөн “Номын ертөнц” клубаас зарласан “Номын сайн нөхөр” улсын уралдааны шилдүүдийг тодруулж шагнал гардууллаа.
Номын баяр тавдугаар сарын 18-20 өдрүүдэд Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.