Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж анх "Оюутан цэрэг" хөтөлбөрийг санаачилснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ жил “Оюутан цэрэг” арга хэмжээ ес дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон холбогдох албаны хүмүүс сургалтад хамрагдаж буй оюутнуудын төлөөлөлтэй өнөөдөр /2024.05.18/ уулзалт хийлээ.
Есөн жилийн хугацаанд нийт 8000 гаруй оюутан, суралцагч “Оюутан-цэрэг”-т хамрагдсан бол энэ онд 1088 оюутныг сургалтад хамруулжээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сургалтад хамрагдаж буй оюутнуудад хандан хэлсэн үгэндээ “Энэхүү сургалтад 2.8 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа нэгдүгээр дамжааны оюутнууд оролцож байна. Ажил олгогчид шинэ ажилтан авахдаа хувь хүний хүмүүжил, төлөвшил, зөөлөн ур чадварыг харж авдаг болсон. Тэгвэл энэхүү “Оюутан цэрэг” сургалт энэ бүх ур чадварыг олгож байгаа. Оюутан цэрэг сургалтад хамрагдсан оюутнууд төгсөөд төрийн албанд маш сайн гүйцэтгэлтэй, хувийн хэвшилд манлайлагч болж ажиллаж байгаа судалгаа гарсан. Үндсэн хуульд заасан иргэнийхээ цэргийн алба хаах журамт үүргээ сайн биелүүлж байгаа та бүхний цаашдын цэргийн бэлтгэл сургалтад амжилт хүсье” гэв.
Сургалтад хамрагдсанаар цэргийн албыг дүйцүүлэн хааж, төрийн албанд ажиллах боломжтой болохын зэрэгцээ бие, сэтгэл, оюун ухааны өв тэгш хүмүүжил, дадал чадвар эзэмших, үг дааж сурах, зөв хандлага төлөвшилтэй болох, цэрэг эх оронч үзэл өөртөө шингээж авах ач холбогдолтой талаар сургалтад хамрагдаж буй оюутнуудын төлөөлөл онцлов.
Өнгөрсөн жилийн “Олон улсын оюутны эрхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд оюутан, суралцагчдын өмнө тулгамдаж буй асуудлуудыг тогтоохоор санал, асуулга, хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулсан. Үүний үр дүнд тулгарч буй автобусны зорчих карт, эрүүл мэндийн үзлэг оношлогоо, шалгалтын үер ашиглах 24 цагийн номын сан, E-Моngolia систем дахь оюутны цахим бүртгэл, цагийн ажил, “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах оюутны тоог нэмэх зэрэг асуудлуудыг тодорхойлжээ.
Оюутнуудад тулгарч буй асуудлыг шийдэхээр Монгол Улсын Засгийн газрын “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” 111 дүгээр тогтоолыг 2023 онд баталсан бөгөөд тус тогтоолын гуравдугаар заалтаар "Оюутан-цэрэг" цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах, цэргийн сургуулиас бусад их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, оюутны тоог 1500-д хүргэхээр тогтсон байна.
Холбоотой мэдээ