Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц өнөөдөр /2024.05.18/ "Цахим террор" фото үзэсгэлэнгээ нээсэн. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс жил ирэх бүр байр ухарч байна. Энэ нь ардчилалд сөрөг нөлөөтэй юу?
-Мэдээж сөрөг нөлөөтэй. Өнөөдөр буюу 2024 оны тавдугаар сарын 18-ны өдөр би "Цахим террор" фото үзэсгэлэнгээ гаргаж байна. Өнөө үед хэвлэл мэдээллийн хаалттай орчинд нэг талын нотолгоо, баримтыг дөвийлгөн цахим орчинд хэн нэгнийг харлуулах, гүтгэн доромжлох тохиолдол асар ихээр нэмэгдлээ. Энэ нь олон нийтэд нөлөөлөх хүчтэй хэрэгсэл болж байгаа нь нийгэмд төдийгүй улс орны хөгжилд харш бөгөөд сөрөг үр дагавар үзүүлэх болсныг бүгд мэдэх байх.
Миний хувьд өөрийн эрх ашгийг хамгаалахаас илүүтэй нийгмийн хар толбо болж буй энэ үзэгдлийн хор уршгийг таниулан мэдүүлэх, бодит мэдээллийг тэнцвэртэйгээр олон нийтэд хүргэх нь зүйтэй гэж үзэн өнөөдөр, маргааш үзэсгэлэнг зохион байгуулж байна.
-С.Зоригийн хэрэгт холбогдож, ял авсан этгээдүүд өнөөдөр буруугүй болж, хэвлэлээр яриа өгч, хэлмэгдсэн гэж их хэмжээний нөхөн олговор авна гэсэн. Тагнуул, хууль хяналтын байгууллагууд тухайн хэрэгтнүүдийг хэлмэгдүүлсэн байх боломжтой юм уу?
-Боломжгүй. Тагнуулын байгууллагынхан хэргийг илрүүлэхээр яаравчилж ажилласан нь үнэн. Гэхдээ гэм буруутай этгээдүүд өөрсдөө буруугаа хүлээж, захиалагчаа хэлэхдээ тулахад хажуугаас нь хамгийн ихээр нөлөөлж, хазайлгасан хүн бол тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж.
Ялтан Т.Чимгээгийн захиа 2017 онд ил болж, захиалагчаа хэлье гэж бичсэн байхад Ц.Нямдорж улаан галзуу сандарч, чичирч нөлөөлж эхэлсэн.