Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өдгөө Стэнфортын их сургуулийн зочин багшаар ажиллаж буй. Түүний хувьд сошиалд идэвхтэй нэгэн. Тэрбээр өчигдөр алдарт Gita Wirjawan-ны подкастад орж, "Sandwiched between Russia & China" сэдвээр ярилцсан нь 40 гаруй сая хүнд хүрч, олны анхаарлыг татжээ.
Ярилцлагын эхэнд тэрбээр өсч төрсөн нутаг, гэр бүл, Монгол орны байгал цаг уурын онцлог, Монголд ардчиллын хөдөлгөөн хэрхэн өрнөсөн тухай ярьжээ.
"Дэлхий ертөнц өнөөдөр гурван том зүйлээс болж зовж байна. Нэг нь Америкийн бардамнал. Хоёр дахь нь Хятадын тэлэлт. Гурав дахь нь… 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд бид ардчиллын хөдөлгөөнийг эхлүүлэхэд би модератор нь байв. Микрофон, цаас бариад бид урт удаан хугацаанд чимээгүй амьдарсан тухай үг хэлсэн. Одоо бид арга хэмжээ авах ёстой. Өдөр бүр л шинэ эрх чөлөө, шинэ хаалга нээгдэж байна. Дэлхий дээр одоо дайн хийх газар нутаг байхгүй, одоо хангалттай. Бид яагаад дайн хийх ёстой юм бэ. Ерөнхийлөгч Путин яагаад дайн хийж байгаа юм? Би түүнтэй олон удаа уулзаж, ярилцаж, хамт цай ууж байлаа. Би түүний үзэл санааг мэднэ. Украинд болж буй зүйл Путины хувьд маш муу, хамгийн муу хувилбар нь байх гэж би бодож байна."
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн олон сая хүнд хүрсэн Gita Wirjawan-ны подкастаар ярьсан онцлох зүйлсийг хүргэж байна.
Би их азтай. Намайг ЗХУ-д сурч байх үед ЗХУ, АНУ гэсэн хоёр том хүч л байлаа. ЗХУ-д тэр дундаа одоогоийн Украины хамгийн баруунжсан хот болох Львовт сурч байсан. Тухайн үед Брежнев нас барсан эмгэнэлтэй явдал тохиосон. Дараа нь ЗХУ-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Юрий Андропов нас барсан. Бидний хувьд зурагтаар энэ бүхнийг хараад гайхаж байлаа. Яагаад ЗХУ-ын том удирдагчид ингээд нас бараад байгаа юм бол оо гээд. Үүний дараа Горбачев ирж, юм бүхэн өөрчлөгдсөн.
Коммунист дэглэмээс ардчилсан дэглэмд шилжсэн тэр үеийг дурсвал цаг хугацаа нь ч, газар орон нь ч яг таарсан юм. Би яг ЗХУ задралын өмнө төгссөн. Бид залуу хүмүүс учраас энд ямар нэг өөрчлөлт, хөдөлгөөн өрнөөд байна гэдгийг мэдэрч байв. Гэтэл Монгол улсад бүх юм аясаараа, нам гүм байсан. Бид залуусаараа ярилцаад, юу хийх хэрэгтэй вэ гэдгийг хэлэлцэж байлаа. Улмаар 1990 оны гуравдугаар сард эрх баригч МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Коммунист улсын Улс төрийн товчоо гэхээр 10 орчим хүн байгаа, тэд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Үүний дараа тэд бидэнтэй хамт сууж, ярилцсанаар олон намын систем, өмч хувьчлал, үг хэлэх эрх, шашин шүтэх эрх чөлөө зэрэг зүйлийг нээлттэй болгуулж чадсан юм.
Тухайн үед Хятад, ЗХУ хоёр улс хоорондоо маргаантай байсан. Үүнтэй холбоотойгоор ЗХУ-ын 100 мянга гаруй цэрэг Монголд ирчихсэн байсан. Энэ бол том тоо. Тэд юу ч хийгээгүй боловч бид шаардлага тавьсан. Ямар нэг байдлаар хүч хэрэглэхгүй байхыг шаардаад зогсохгүй Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарахыг шаардсан.
70 жилийн турш Монгол хамгийн хаалттай улсуудын нэг байлаа. Ардчиллын томоохон хөдөлгөөний дараа бид гадагшаа холбоо харилцаатай улсад тооцогдох болсон. ЗХУ задрах үеэр бид хэдийнэ олон анд нөхөдтэй болсон байв. Тухайн үед Монголд ирсэн анхны барууны томоохон удирдагч нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байлаа. Тэр зургадугаар сарыг хүртэл монголчууд асуудлаа хэрхэн шийдэх вэ гээд өөрсдөө л үзэж тардаг байж. Өдөр бүр шинэ цонх нээгдэж, гадны сэтгүүлчид хүртэл ирж байсан. Чингис хааны нутаг сэрлээ, эрх чөлөө ардчиллын томоохон үйл явдал энд болоод байна гээд л. Япон, АНУ, Европ бүгд анхаарал хандуулж, Монголыг сонирхсон. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан бүгд биднийг хүлээж авсан. Өнөөдрийн Хойд Солонгос улсыг 7, 8 сарын дотор ингээд манайх шиг нээлттэй улс болчихлоо гээд төсөөлөөд үз л дээ. Ийм л зүйл Монголд болсон.
Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ "CNN"-д ярилцлага өгөх хүртлээ Монгол Улсын эдийн засаг 17 хувиар өссөн талаар өөрөө ч мэдээгүй байсан. Надаас ноён ерөнхийлөгч өө, танай улс чинь дэлхийн хамгийн хурдацтай өссөн эдийн засагтай улс болсон байна шүү дээ гэж асуусан. Би 10 хувь ч юм уу тийм л тоо төсөөлж байсан. Энэ бол дэлхийн хамгийн хурдан өссөн эдийн засаг байсан.
Би ерөнхийлөгч боллоо гээд том дарга болчихлоо гэсэн үг биш. Бусадтай л адилхан монгол хүн хэвээрээ. Арай олон хүн намайг харж байгаа гэдгээрээ л ялгаатай. Анх ерөнхийлөгч болсныхоо дараа тэр том өрөөнд орж үзээд л энэ өрөөг иргэдийн танхим болгоё гэж шийдсэн. Юм гэдэг жижиг зүйлээс эхэлдэг. Монголд тэр үеийг хүртэл иргэдийн танхим байгаагүй. Энэ шийдвэрээс хойш Монгол даяар 600 иргэдийн танхим бий болсон. Хамгийн жижиг нэгжид хүртэл иргэдийн танхим бий болсон байсан. Иргэд маш баяртай байсан.
Хүмүүс гэрлэлтийн баталгаа авах, жолооны үнэмлэхээ авах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахдаа олон шат дамжлага дамжаад, хэдэн сараар хүлээдэг байсныг болиулсан. Бид худалдааны төвөөс яг л талх, цөцгий авдаг шигээ энэ үйлчилгээг авдаг болгож өөрчилсөн. Худалдааны төв шүү дээ.
Бид Хятадтай 4709 км хиллэдэг. Бидний хажууханд тийм том эдийн засаг байна. Бид хоёр хөрштэй. Нэг нь Хятад гэх том эдийн засаг. Нөгөөх нь ОХУ. ОХУ бол байгалийн баялгаараа эдийн засгаа авч явдаг улс гэхэд болно. Эндээс харвал ОХУ биднийг өрсөлдөгчөө гэж хардаг. ОХУ нүүрс, зэс, бусад түүхий эдээ Хятад руу экспортлохыг хүсдэг.
Гадны улс орнууд Монголын дайсан биш. Бидний дайсан дотооддоо л байдаг. Гадны ашиг сонирхлын төлөө ажиллагсад бол Монголын дайсан.
Бид хөршөө сонгох боломжгүй. Бид тэднээс өөр байх ёстой. Хэрвээ Хятад улс коммунист тогтолцоо, үзэл баримтлалтай, нэг намын тогтолцоотой бол бид олон намтай байх ёстой. Хэрвээ ОХУ автократ тогтолцоотой бол бид илүү ардчилсан тогтолцоотой байх ёстой. Ингэж байж л бид дэлхийн бусад улстай холбогдож чадах юм. Бидний амьдралын арга хэлбэр, хөгжлийн философи өөр шүү дээ. ОХУ, Хятадад нэг нам нь хүчтэй байвал улс нь хүчтэй байж болно. Харин Монголд бол залуус та бүхэн хүчтэй, бүтээлч байвал Монгол яг тийм байна.
Бидэнд Украинтай ижил болон ялгаатай зүйл болон бий. Ижил зүйл нь гэвэл бидний дунд ОХУ гэсэн ганц л улс байна. Монгол Азиа талд нь, Украин Европ талд нь байна. Хэрвээ энэ дайн одоо зогсохгүй бол, Украин газар нутгаа бататгаж авч чадахгүй бол ийм зүйл дэлхийн өөр хэсэгт ч тохиолдоно. Путины хийж буй зүйлийг өөр улс хийх гэж оролдохгүй байх гэдэгт би итгэдэг. НҮБ-ын санал асуулгаар ердөө тавхан улс л ОХУ-ын түрэмгийллийг хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Бид бусад олон улсын нэгэн адил ийм зүйлийг дэмжихгүй байна. Энэ тоо их зүйлийг хэлж байна. Дайн гэдэг зүйл одоо хоёр улсын хоорондын асуудлыг шийддэг хэрэгсэл биш болжээ. Чингис хаан, Хүлэгү хаан, Хубилай хаан, бусад гүрний үед энэ нь асуудал шийддэг хэрэгсэл байсан байх. Одоо бид дэлхийг харах өнцөгөө өөрчлөх хэрэгтэй. Асуудлыг шийдэх мянга мянган боломж байхад дайнаас зайлсхийх хэрэгтэй. Энэ бол шинэ эрин үе. Фронтод дайтаж байгаа цэргүүд хүртэл дайнаа дуусгаад гэртээ харивал олон шинэ зүйл эхлүүлж болно. Шинэ бизнес, гэр бүл гээд тэдэнд олон шинэ боломж бий.
Дэлхий дээр одоо дайн хийх газар нутаг байхгүй, одоо хангалттай. Бид яагаад дайн хийх ёстой юм бэ. Ерөнхийлөгч Путин яагаад дайн хийж байгаа юм? Би түүнтэй олон удаа уулзаж, ярилцаж, хамт цай ууж байлаа. Би түүний үзэл санааг мэднэ. Украинд болж буй зүйл Путины хувьд маш муу, хамгийн муу хувилбар нь байх гэж би бодож байна. Путин Украин дахь дайныг энэ хэмжээнд хүрнэ гэж бодоогүй байх. Автократ дэглэмд давуу болон сул тал бий. Сул талынх нь нэг гэвэл та л ганцаараа шийдвэрийг гаргана. Тэгэхээр та буруу шийдвэр гаргаж ч болно. Путиныг дэлхий дахин харж байна. Тэр шалгалт өгөөд байна.
Хятад бол үргэлж суралцдаг орон. Тэд Брежневээс, Горбачеваас суралцсан. Одоо бол Путинээс ч суралцаж байгаа. Энэ дайн, дэлхийн аль нэг хэсгийг өөртөө хүчээр нэгтгэх үйл явц нь сайхан санаа биш юм гэдгийг тэд харж байгаа.
Холбоотой мэдээ