Орос, Украины дайн сүүлийн өдрүүдэд зүүн хойд Харьков муж орчимд төвлөрч байна. Зүүн хойд Харьков мужид ОХУ арваад тосгоныг эзлэн, шинэ фронт нээгээд долоо хоног өнгөрсөн. Тэгвэл Украины арми дайны шинэ халуун цэгт Оросын давшилтыг удаашруулж чадсан гэж ерөнхийлөгч Зеленский мэдэгдлээ. Оросын арми Украины нутаг дэвсгэрт 10 хүрэхгүй км урагшилсан гэв.
"Агаарын довтолгооноос хамгаалах систем хангалтгүй байсан нь дайсанд бүс нутаг руу нэвтрэх, холоос цохилт өгөх боломжийг олгосон" гэж Зеленский хэлжээ.
ОХУ-ын армийн гол зорилго бол хилээс таван км орчим зайд орших Вовчанскийг эзлэх гэж үзэж байна. Украины арми Пүрэв гаригт Оросын Вовчанск дахь давшилтыг зогсоосон гэж мэдэгдсэн ч олон мянган оршин суугчийг хилийн бүсээс нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.
Зеленский Пүрэв гаригт Харьков мужид айлчилж, шархадсан цэргүүдтэй уулзаж, шагнал гардуулсан. Хилийн чанадад хийх айлчлалуудаа цуцалж, оронд нь Харьковыг зорьсон нь Украин шинэ дайралтыг хэр нухацтай авч үзэж байгааг илэрхийлэх юм.
Нөгөө талд эзлэгдсэн Крым зэрэг Оросын бүс нутгууд руу Украин дроноор довтолсныг Москва Баасан гаригт мэдэгдлээ. Москва 100 гаруй дроныг саатуулсны тал хувь нь Крымийн хойг дээгүүр ниссэн аж. Мөн Украины зургаан ширхэг тэнгисийн нисэгчгүй онгоцыг Хар тэнгист устгасан гэв. Нисгэгчгүй онгоцны сэг цахилгаан станц дээр унасны улмаас Севастополь боомт хотын зарим хэсэг цахилгаангүй болжээ. Цахилгааныг сэргээхэд 24 цаг зарцуулах тул сургууль, цэцэрлэгүүдийг нэг өдрийн турш хаахаас өөр аргагүйд хүрсэн байна. Мөн хөрш зэргэлдээх Краснодар мужид нисгэгчгүй онгоцнууд дайрч, газрын тос боловсруулах үйлдвэр шатжээ. Белгород мужид нэг шөнийн дотор нисгэгчгүй онгоцны дайралтаас болж хоёр хүн нас баржээ.
Эх сурвалж: NBC NEWS
Холбоотой мэдээ